Дамжин өнгөрөлтийн нислэгээс 45.2 тэрбум төгрөг олжээ
Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэгч томоохон хүчин зүйл болж байгаа. Өнгөрсөн онд гэхэд л Монгол Улсын нутаг дээгүүр дамжин өнгөрсөн 82.6 мянган агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлж, улсын төсөвт 45.2 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
.
Тиймээс манай улсын агаарын зайгаар үйлчлүүлэгч томоохон авиа компаниуд болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо/IATA/-ны төлөөлөгчидтэй “Монгол Улсын нутаг дээгүүр өнгөрч байгаа өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ИНЕГ-аас уулзалт зохион байгуулсан байна. Анх удаа Улаанбаатат болж буй уулзалтад Нидерланд, БНХАУ, Малайз, БНСУ зэрэг орны Air China, Korean Air, KLM зэрэг томоохон таван авиа компани болон Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны 14 төлөөлөгч оролцжээ. Уулзалтаар манай талаас агаарын зайн аюулгүй ажиллагааг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, агаарын шинэ замуудыг нээж ашиглах боломжийн талаар төлөөлөгчидтэй санал солилцсон аж. IATA-ийн төлөөлөгчид Монгол Улсын агаарын зай нь Европоос Ази руу зорчих гол зам болдог онцлогтойг дурдаад Монгол улс агаарын навигацийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр их зүйл хийж байгааг онцолжээ.
.
Монгол Улс болон хоёр хөрш улсын хил дагуу нийт 15 агаарын хаалга тогтоогдсон байдаг бөгөөд ес нь ОХУ-тай, зургаа нь БНХАУ-тай хиллэдэг хилийн дагуу байрладаг байна.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ