“Содон аялгуу” содон, сонирхолтой болж өнгөрлөө
Энэ онд “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийн гишүүд ээлжээр тоглолтууд хийж байгаа. Тухайлбал, “Харанга”-ын бүх гишүүд уран бүтээлийн тайлан тоглолтоо хүргэж байгаа бөгөөд гитарчин Я.Одсүрэн, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар энэхүү үүргээ биелүүлээд байгаа юм. Тэгвэл “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУУГЗ Ц.Чулуунбат “Содон аялгуу” амьд тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд хийлээ.
Уг тоглолтонд нийт 200 орчим уран бүтээлчид оролцсон бөгөөд үүнд Харанга, Чингис хаан, Никитон, Sweetymotion, Freezone, Nuans, 3 oxин, Киви, Anemone, Мотив, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид багтаж байв. Мөн түүний бүх хит дуунууд болон шинэ уран бүтээлүүд нь амьд хөгжмийн хамтлагтай хоршин эгшиглэсэн юм.
Сонирхуулахад, МУУГЗ Ц.Чулуунбат Монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дуу, кино, жүжгийн хөгжим, дуу мөн Залуус, Соёмбо, Харанга хамтлагтай уран бүтээлээ туурвихаас гадна өнөө үеийн залуу уран бүтээлчидтэй хамтран сонсогчдынхоо сонорыг мялаасаар байгаа билээ.
Б.Цэрэн
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ