Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголтгүй байх хэнд ашигтай вэ
Үнэт цаасны зах зээлийн тухай ойлголт дийлэнх монголчуудад маань алга. Зах зээлийн нийгэмд шилжээд даруй 23 жил болж байгаа ч дийлэнх маань энэ талын төсөөлөлгүй энэ олон жилийг ардаа орхижээ. Арга ч үгүй юм хувьчлалын ягаан цэнхэр тасалбараар цөөнх нь баяжаад олонхи нь юу ч үгүй хоцорсон юм чинь. Үнэт цаасны зах зээл дээрх гол тоглогчид нь энэхүү ягаан цэнхэр тасалбараар хөлжигсөд болохоос энгийн иргэнд огтоос хамааралгүй.
.
Уг нь бол зах зээлийн нийгмийн хөдөлгөгч хүч нь үнэт цаасны зах зээл байдаг юм. Санхүүгийн янз бүрийн хэрэгслүүдээр дамжуулан шууд бус хөрөнгө оруулалт хийж ирээдүйд хэрэглэх мөнгөө өсгөж ашиг хүртэх, эсвэл хувьцааны өсөлт, бууралтын хэлбэлзэл дундаас мөнгө хийх гээд өч төчнөөн хөрөнгө босгох эх сувгууд чухам энд л байдаг юм. Ердөө л арилжаа наймаа хийж байгаа нэг хэлбэр. Хүсвэл хэн ч үүний тоглогч болж болно. Харин манайд бол луйвар хэлбэрээр шахуу. Компаниудын хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг хүртэнэ гэж бараг байхгүй дээ. Эсвэл дампуурсан үгүй бол ашиггүй ажилласан гээд ноогдол ашиг хүртэхгүй. Үнэн эсэхийг нь шалгаж нотлоод хувьцаа эзэмшигчдийн талд шийдвэр гаргасан нь өдрийн од шиг цөөн.
.
Үнэт цаасны зах зээлийн тухай нийт иргэд ямар нэгэн цэгцтэй ойлголттой байхыг нэг хэсэг хүмүүс хүсдэггүй бололтой. Улсын хөрөнгө мөнгө тэдний хяналтанд л байвал бол оо. Нийтийн хяналтанд ороод ирэхээр тэд мөнгө шүүрч чадахгүйд хүрнэ. Улстөр бизнесийн нягт сүлжээтэй манайхан энэ зах зээлд хөл тавихад ихээхэн бэрхшээлтэй. Гэтэл цаана нь асар их оронтой тоо бүхий мөнгө эргэлдэж ашиг орлого багахан хэсгийн эрх ашигт нийцэн үйлчилнэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Тавантолгойгоос иргэд бүр 1072 ширхэг хувьцаатай болсон. Гэтэл өнөөг хүртэл энэ хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл энэ компанид алга. Тэр их мөнгө хаашаа яаж захиран зарцуулагдаж байгааг ч бид мэдэхгүй л сууж байна. Тэгэхээр начир дээрээ бид хувьцаа эзэмшигчид биш зөвхөн хэсэг нөхдийн өмнөө барьдаг бамбай болоод хууртагдаж яваа болж таараад байгаа юм.
.
Үнэт цаасны зах зээл олон нийтэд хүртээлтэй байвал нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Мэдээж хөрөнгийн зах зээл илүү нээлттэй болно. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гээд төрөөс хөдөлмөрлөгч иргэн бүрт тулгадаг татварыг нэг санд төвлөрүүлээд түүгээрээ нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах томоохон төсөл хөтөлбөрт оруулах юм бол өсч арвижна уу гэхээс хомсдож доройтно гэж үгүй. Хэсэг эмч нар нийлээд л даатгалын сангийн мөнгийг тоншиж орхидог, төр нь хөгширөхдөө хэрэглэе гэж тушаадаг мөнгийг нь сэмхэн хулгайлчихаад дансыг нь улайлгачихаад суудаг ийм тогтолцоо яав ч эрүүл биш.
.
Зөвхөн энэ хоёр даатгалын сангийн мөнгө ч биш бусад сангуудын мөнгийг тооцвол мөнчиг их хөрөнгө мөнгө гарна даа. Дийлэнх нь урт хугацааны туршид хэрэглэгдэх мөнгө. Харин түүнийг нь томчууд өөрийн мөнгө юм шиг захиран зарцуулна. Тэгээд огт хүүгүйгээр шүү. Угааж угааж баахан ашиг олно. Мануус мэдэхгүйгээс хойш тэдний цэвэр ашиг болоод л халаас руу нь урсч гарна даа. Гаднаас Чингис, Самурай бондоос цуглуулж байгаа хөрөнгө мөнгөтэй дүйх хэмжээний мөнгө урсч байгаа эдгээр сангуудын хөрөнгөөр томоохон бүтээн байгуулалт хийж болно, ажлын байр нэмэгдүүлж болно. Ингэснээрээ дандаа л биднийг айлгасаар ирсэн инфляцийг тогтворжуулж басхүү гадаад валютын галзуурлыг хазаарлаж болно оо доо.
.
Эцэст нь хэлэхэд үнэт цаасны зах зээл, хувьцааны тухай ойлголтгүй байлгах сонирхолтой эдийн засгийн алуурчдаас болгоомжилж, нээлттэй сургалт мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байх сан. Өдрийн турш Солонгосын сериал үзэж суухаар ийм мэдээлэлтэй, боловсролтой болбол маньд, -Ээ дээ мөн чиг их хэрэгтэйсэн.
.Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ