Мөнгөний бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарчээ
2013-10-01

Зүүн өмнөд Азийн орнуудын Төвбанкны холбооны гүйцэтгэх зөвлөлийнхөн манайд хоёр өдрийн турш хуралдлаа. БНХАУ, БНСУ, БНВУ зэрэг Азийн нөлөө бүхий улс орнуудын төв банкийг төлөөлж ирсэн дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн удирдлагууд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудынхаа талаар санал солилцсон юм.

Тус хурлын өмнөх өндөр түвшний семинар өчигдөр болсон юм. Уг семинараар ярилцсан гол сэдэв нь мөнгөний бодлогын шинэ арга барил, мөнгөний бодлогод гарч буй өөрчлөлтийн талаар өндөр түвшинд ярилцсан байна. Семинарт олон улсын төлбөр тооцооны банк, Францын төв банк оролцжээ. Энэ үеэр Энэтхэгийн төв банкны төлөөлөгч мөнгөний нийлүүлэлт нийгмийн бүх давхаргад ижил тэгш очих тал дээр шинэчлэл хийх шаардлагатайг хэлж байв.

.

Шинэ мөнгөний бодлогын талаар хуралд оролцогчдоос зарим зүйлийг тодрууллаа.

.

Малайзын Төв банкны дэд ерөнхийлөгч Сүх Дави Сэнг: Төв банк Засгийн газраас хараат байж болохгүй

.

-Мөнгөний бодлогын шинэ хандлага, уламжлалт бус мөнгөний бодлого гэж яг юу хэлээд байгаа юм бол?

-Уламжлалт мөнгөний бодлогын талаар эхлээд тайлбарлая. Уламжлалт мөнгөний бодлого нь богино хугацаатай үнэт цаасуудыг арилжаалах байдлаар хүүгийн түвшинг өөрчлөх замаар мөнгөний бодлогын төлвийг өөрчлөхийг хэлж байгаа юм.

Харин уламжлалт бус гэдэг богино хугацаатай хүүг тэг рүү дөхүүлэхээс гадна урт хугацаатай үнэт цаасны хүүг тэг рүү дөхүүлж бууруулж буйг хэлж байгаа юм. Богино хугацаатай хүүг хэдийгээр бууруулах боломжгүй ч гэсэн одоогийн төв банкуудын хийж буй аргачлал нь төв банкныхаа балансыг нэмэгдүүлэх байдлаар их хэмжээний хөрөнгийг нийлүүлж урт хугацаатай хүүг бууруулж байгаа юм.

.

-Төв банк Засгийн газраас хараат бусаар яаж хамтарч ажиллах вэ. Танай улсад ийм туршлага бий юу?

-Миний бодлоор Төв банк болон Засгийн газар нь нийгмийн амьжиргааг дээшлүүлэх гэсэн нэг л зорилготой. Хэдийгээр зорилго нэг ч яагаад Төв банк нь Засгийн газрын нэг хэрэгжүүлэгч агентлаг байдаггүй вэ гэвэл эдийн засгийн дунд болон урт хугацааны хөгжлийг харах ёстой байдагтай холбоотой. Төв банк Засгийн газрын бодлогын хүүг улс төрөөс хамаараад ойр ойрхон өөрчилж, савлуулж байж болно. Хэдийгээр энэ нь богино хугацаанд эдийн засагт сайн нөлөөтэй ч урт буюу дунд хугацаандаа эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Тиймээс төв банк нь Засгийн газраасаа тусдаа байх ёстой.

Хэдийгээр төв банк Засгийн газраас тусдаа байх ёстой ч түүхэнд энэ хоёр байгууллага хамтран ажиллаж байсан туршлага бий. Учир нь төв банкинд эдийн засагчдын маш хүчтэй арми бэлтгэгдэж байдаг. Иймд эдийн засгийн бодлогын талаар зөвлөгөө өгөх санал боловсруулах чиглэлээр туслан ажиллаж болно. Хоёрдугаарт, бодит эдийн засгийг дэмжих талаасаа хамтрагч байж болно. Гэхдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхдээ санхүүгийн талаас зохимжтой гэж үзсэн хүүгийн түвшинд санхүүжилтийг олгох болно. Хэрвээ төв банк үүнд оролцохгүй бол Засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс жирийн нөхцөлд олгогдохооргүй санхүүжилтийг хийж болзошгүй. Төв банк хараат бус байхын тулд Засгийн газарт итгэлтэй зөвлөх нь байж чадах юм бол Засгийн газар ч гэсэн Төв банкийг хараат бус байх чиглэлээр нь харж үзэх болно.

.

Тайваний төв банкны дэд ерөнхийлөгч Цунг Та Вен: Ханшийн өөрчлөлтийг уян хатан тогтох талаас нь хандах хэрэгтэй

.

-Хөрөнгийн тогтворгүй урсгал, ханшийн савлагааны үед ямар мөнгөний бодлого хэрэгжүүлэх вэ?

-Нэг валютаар нөгөөг нь худалдаж авах гэдэг юм уу харьцангуй үнийг илтгэсэн хэмжигдэхүүн байгаа. Харьцангуй үнэ нь өөрөө макро эдийн засгийн суурь хүчин зүйлтэй уялдан өөрчлөгдөж байх ёстой. Жишээ нь, ханш суларлаа гэхэд тэр нь макро эдийн засагт экспортыг нэмэгдүүлдэг бол ханшийн чангарал нь импортыг урамшуулдаг. Бодлого баригчид энэ хоёр талыг тэнцвэржүүлэх үүднээс бодлогоо хэрэгжүүлж байх ёстой.

Хөрөнгийн урсгал нэг улсаас гарч нөгөө улс руу шилжиж буй ийм тогтворгүй нөхцөлд ханшийн өөрчлөлтийг сайн харж байх шаардлагатай чухал үзүүлэлт юм. Ханшийн өөрчлөлтийг уян хатан тогтож байх талаас нь эрх баригчид хандах хэрэгтэй.

 .

Монголбанкны Мөнгөний бодлого, судлагааны газрын захирал Д.Болдбаатар: Бүх банк мөнгөний бодлогоо өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байна

.

-Энэ хурлаар мөнгөний бодлогын шинэ хэлбэрийг сонгох болсон шалтгаан нь юу юм бол?

-Төв банкнуудаас баримтлаж буй бодлогын хүү буурлаа ч эдийн засгийн өсөлт олигтой дээшлэхгүй байгаа. Ажилгүйдэл буурч байгаа ч эдийн засаг сэргэхгүй байгаа ийм нөхцөлд хэрэгжүүлж буй мөнгөний бодлогуудын талаар бид хурлын үеэр голчлон шүүж ярилцсан юм. Үр дүнд нь төв банкуудаас өгч буй санхүүжилтийн хэмжээ нэлээд өндөр байгаа ч энэ нь эцэстээ ямар үр дүнг өгөх вэ гэсэн талаар ярилцлаа. Банкуудын ярьж буй зүйл нь хэрэгжүүлж байгаа бүх мөнгөний бодлогыг нэг мөр өөрчлөх болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ өөрчлөлт ямар үр дагавартай вэ гэдгийг судлах шатандаа явж байгаагаа бүгд хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогын өөрчлөлтийг хэрэгжүүлэх явцдаа суралцаж буй онцлог орчин байгаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа юм.

.

-Шинэ хэрэгжүүлж буй мөнгөний бодлого манай хөрсөн дээр хэр буух бол?

-Яг манайд хэрэгжихдээ хөтөлбөрүүдийн маягтай болж гарч ирээд байгаа. Манай улсын Төв банкны хувьд тодорхой салбарыг чиглэсэн тодорхой үр дүн хайсан хэлбэртэйгээр зохицуулж байгаа. Энэ оны хувьд хэрэглэсэн хэлбэр нь үр дүнгээ нэлээд эерэг өгсөн гэж тооцож байгаа. Эцэстээ 2013 оны эдийн засгийн өсөлт 10 нэлээд гарахад энэ мөнгөний бодлого том хувь нэмэр оруулсан.

.

-Хурлаар ханшийн савлагааны талаар ярилцсан уу?       

-Төвбанкуудын хувьд санхүүгийн даяаршил тааж байснаас хамаагүй давсан. Ерөнхийдөө томоохон зах зээлд гарч ирж буй өөрчлөлт нь гадаад шокийн хэлбэрээр жижиг нээлттэй эдийн засгуудад маш хүчтэй нөлөөлөх нь ойлгомжтой болж байна. Тиймээс одоогийн байдлаар хамгийн шилдэг хамгаалалт бол ханшны уян хатан байдал гэдэгтэй бүгд санал нийлсэн.

.

Монголбанкны тэргүүн, дэд ерөнхийлөгч Б.Жавхлан: Дотоодын үйлдвэрлэгчид рүү чиглэсэн бодлого баримтална

.

-Уламжлалт бус буюу шинэ мөнгөний бодлогын талаар та ямар бодолтой байна вэ?

-Дэлхийн улсууд эдийн засаг, улс төр хүн ам зүй гээд олон сувгаар глобалчлагдаж байна. Энэ нь мөнгөний бодлогын орчинг маш их өөрчлөлтөд оруулж байна. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү, заавал байлгах нөөц гэх мэтчилэн уламжлалт мөнгөний бодлогын хэрэгслүүд нь зорилтот орчиндоо очиход хязгаарлагдмал болж байгааг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс мөнгөний бодлогын шинэ орчингийн талаар бид ярилцлаа. Бид санхүүгийн зах зээлээрээ дамжуулан бодит эдийн засаг руугаа урт хугацаанд нийгмийн амьжиргааг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлогыг түлхүү явуулах нь зүйтэй гэдэг дээр санал нийлж байна.

.

-Өнгөрсөн жилийн хэрэгжүүлсэн хөтөлбөр хэр үр дүнтэй байв?

-Төв банкны хувьд урт болон дунд хугацаанд эдийн засгийг дэмжих бодлого баримтладаг бол Засгийн газар богино буюу дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлого баримтладаг. Иймээс богино хугацааны зорилтын хүрээнд гарсан шийдвэрүүд нь зах дээр ханшийн савлагаа үүсгэх сөрөг талтай.

Бид өнгөрсөн жилээс шинэ мөнгөний бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Цаашдаа ч шинэ мөнгөний бодлогыг илүү үр дүнтэй болгох хэрэгтэй байна. Энэ жил бид инфляцийг зургаан хувьд хүргэх хүнд зарилттой байсан. Энэ жилийн инфляцийн бүтцийг харвал мах махан бүтээгдэхүүн, бүтээн байгуулалтын салбараасаа барилгын салбар нь эдийн засагт илүү нөлөөтэй байсан учир энэ салбарыг барьж ажиллалаа. Ялангуяа барилгын салбарт импортыг орлосон үйлдвэрлэлүүдийг дэмжиж, моргейжийн хөтөлбөртэй холбоотойгоор нийлүүлт талаас нь дэмжсэн.

.

-Ирэх онд мөнгөний бодлогын шинэ хэлбэрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Ирэх жилийн хувьд одоогоор төсөв тодорхой биш байна. Мөн сүүлийн хоёр долоо хоногт УИХ дээр өрнөсөн үйл явдлуудаас гарах үр дүн, тэр нь зах зээлд ямар мессэж болж очих, үүнээс эдийн засаг ямар шинэ өрнөл рүү очих нь, үүнийг харж байж уялдуулан ажиллах болно. Бид одоо ирэх оныхоо мөнгөний бодлого дээр ажиллаж байна. УИХ дээр энэ талаар илүү дэлгэрэнгүй ярих үед бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцах болно.

Ер нь бол банкуудаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгчид рүүгээ чиглэсэн инфляцид нөлөөлж болохуйц салбарууд руу илүү анхаарна. Өөрөөр хэлбэл, дунд, урт хугацаанд инфляцийг тогтвортой байлгах ажлын байр хадгалах, урт хугацаанд ажиллах чиглэлүүд рүүгээ илүү анхаарч ажиллана.

.

-Тодруулбал?

-Инфляцийг авч ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн 70-80 хувийг бид гаднаас импортлож байна. Энэ хэмжээгээр бид инфляцид өртөмтгий болж байгаа. Иймээс хэрвээ үүнийгээ дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл гадны нөлөөлөлд харьцангуй бага өртөнө. Энэ чиглэлд бид түлхүү ажиллана.

.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин