Утаагүй болохын хорлон
Улиг болсон утааны тухай цуврал яриагаа эхлэе. Арван сар гараад ирэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээлэл, засаг төрийнхөн бүгд энэ тухай ярьж бичнэ. Зарим нь бүр мэтгэлцэнэ. Тэглээ гээд утаа огтхон ч буурахгүй. Дээр нь бөөн мөнгө төгрөгийн маргаан гарч ирнэ. Жил бүр нийслэлийн утааг багасгах зорилгоор Цэвэр агаар санд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог байсан. Харин энэ их мөнгөний үр дүн нь утаа багасаагүй гэсэн хариулт байдаг. Өнгөрсөн онд албаны хүмүүс Улаанбаатарын утааг 17-18 хувиар буурсан гэж тайлбарлаж байсан. Харин энэ жилийн хувьд энэ байдал хэрхэхийг хэн ч мэдэхгүй. Утаатай тэмцэхийн тулд бид мөн ч олон аргыг хэрэглэж байна. Тэд тухайн үедээ бүгд л шилдэг шинэ аргууд байдаг. Тухайлбал шахмал түлшийг айл бүрт хэрэглэхийг засгаас үүрэгдсэн. Үүний дараагаар утаагүй зуухыг санал болгож айл бүрт хөнгөлөлттэй үнээр өгч байлаа. Өнгөрсөн жилийн хувьд усан халаалттай Канад зуухыг нийслэлийн агаарын чанарын албаныхан иргэддээ сурталчилж байсан. Утаа бууруулах олон аргын нэг нь автобусанд хийн түлшний төхөөрөмж суулгах байлаа. Тухайн үед төлөвлөгөөний дагуу бол “Цэвэр агаар сан”-гаас их багтаамжийн 400 автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулж, угсрах ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл тухайн үеийн ЗТБХБЯ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, сонгон шалгарсан компани тоног төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлсэн ч 13 автобусанд л төхөөрөмж суурилуулсан байна. Тодорхой үр дүнд хүрээгүй, цаг хугацаа алдсаны шалтгаан нь нийслэлийн Нийтийн тээврийн газраас “Аюулгүй ажиллагааны шаардлага, стандартыг хариуцах эзэн байхгүй” гэсэн шалтгаанаар автобусуудаа засварт өгөөгүй гэсэн хариултыг өгч байв. Агаарын бохирдолд автомашины утаа багагүй хувийг нь эзэлдэг учраас эхний ээлжинд нийтийн тээвэрт үйлчилдэг том оврын 400 гаруй автобусанд хийн түлшний тоног төхөөрөмж суурилуулахаар төлөвлөсөн байж. Үүний дараагаар иргэдэд хөнгөлөлттэй нүүрс өгөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Хөнгөлөлттэй гэдгийн учир иргэдийн нүүрсний үнийн тодорхой хэсгийг нь мөн л засгаас гаргана гэсэн үг. Ийм байдлаар Засгийн газар жилийн жилд Улаанбаатарын агаарыг бууруулахын тулд хичнээн тэрбумаар тооцогдох мөнгийг гаргасан нь тоогоо алдсан гэхэд болно.
.
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 2011-2013 онд нийт 121,6 мянган ширхэг сайжруулсан зуух, 21 мянган ширхэг гэрийн дулаалга, 7,5 мянган дулаан баригч, нэг мянган яндангийн шүүлтүүр, 5,15 мянган гонх, 98 тооны эрчим хүчний хэмнэлтэй сууцыг хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй олгожээ. Нийслэлийн хэмжээнд 2000 өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа юм байна. Цаашид нийслэлийн гэр хорооллын өрхийг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45 мянган ширхэг зуух шаардлагатай байгаа бөгөөд эдгээрийг “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжиж эхэлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн хэмжээнд жилд 800 мянган тонн түлш хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн 2012-2013 оны халаалтын улиралд л гэхэд нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхийг шахмал түлшээр бүрэн хангахад 34 мянган тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч ДЦС-2 ТӨХК-ийг түшиглэн барьж байгаа хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад ороогүй, одоо ажиллаж байгаа шахмал түлшний жижиг үйлдвэрүүд төслийн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаагаас найман мянган тонн түлшийг л нийлүүлжээ. Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн утааг 50 хувиар бууруулах боломжтой түлш бол үртсэн шахмал түлш. Гэвч энэ нь түүхий нүүрснээс 2-3 дахин өндөр үнэтэй, нийслэлийн өмчит нэг, хувийн хэд хэдэн үйлдвэр нийлээд жилд дөнгөж наймхан мянган тонн шахмал түлш гаргаж буйн гурван мянган тонныг нь нийслэлийн өмчит ганц үйлдвэр дангаараа үйлдвэрлэж байгаа юм байна. Монголд мод боловсруулах үйлдвэр цөөн тул үртсээр хангах боломжгүй, ОХУ-ын Красноярск, Иркутск орчмоос модны үртэс авах боломжтой ч тээврийн зардал маш өндөр байгаа юм байна. Нэг тонн үртэсний үнэ 253 мянган төгрөг, үүгээр зөвхөн Баянгол дүүргийг хангая гэвэл 7,6 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гаргажээ. Нийт 600 мянга орчим тонн үртэс авч чадвал Улаанбаатарын утааг 60 хувь бууруулах боломжтой юм байна. Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар болжээ. Харин энэ жилийн хувьд Дэлхийн банктай хамтран “Улсын нийслэлдээ утаагүй амьдарцгаая” уриатайгаар төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга гаруй гэр хорооллын өрх байдаг гэсэн албан бус тооцоо, судалгаа байдаг. 2011 оноос хэрэгжүүлсэн утааг бууруулах төслийн хүрээнд үндсэн дөрвөн төрлийн эрчим хүчний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлжээ. Нийтдээ 120 мянган орчим өрхөд нийлүүлсэн гэсэн тооцоо судалгаа байдаг. Энэ 2013-2014 оны хооронд үлдсэн 45 мянган өрхөд хөнгөлөлттэй үнээр зуух нийлүүлэх бөгөөд энэ онд энэхүү төсөл дуусч, нийт гэр хорооллыг иргэдийг 100 хувь хангахаар ажиллаж байгаа юм байна. Холбогдох газрынхан нийслэлийн бүх гэр хорооллын айлуудыг эрчим хүчний хэмнэлттэй зуухаар хангаж чадвал хорт утааг 50-80 хүртэлх хувиар бууруулж чадна гэж тооцоолжээ. Энэ жилийн тухайд дэлхийн банкнаас нийт 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч байгаа юм байна.
.
Утааг бууруулах нь дан ганц засгийн газар, мэргэжилтнүүдийн ажил биш билээ. Иргэн бүр дор бүртээ ухамсартай байж, засгийн газар холбогдох байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцоод явбал нийслэл хотын утаа бага ч болов багасаж болох юм. Төрөөс цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтийг бий болгоод өгсөн цагт энэ боломжийг бид ашиглах нь зүйтэй. Дэм дэмэндээ дэс эрчиндээ гэгчээр хамтын сэтгэл, нэг хүчээр утаатай тэмцэх цаг дахиад л ирж байна. Улсын минь нийслэл утаагүй болчихвол хэн хэндээ сайн шүү дээ. Улсын нийслэлдээ утаагүй амьдрахын төлөө бүгдээрээ сэтгэл зорилгоо нэгтэгцгээе.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ