Аль нь гологдол вэ
Автобусны кондуктор хүүхэн замын хажууд зогсох хоёр залууг хараад “манай 10 жилийн хүүхэд байна шдээ” гээд яанаа ийнээ болов. Жолоочийнхоо араар орох шахан нуугдаж, “намайг харчихаагүй байгаа” хэмээн халаглаж байх юм. Асуудлын гол нь кондуктор хүүхний танилаасаа нуугдаж байгаад бус яагаад хүн хийж байгаа ажлаасаа ичих ёстой болов гэдэгт оршино. Уг нь ажилтай хүнд бусдаас ичиж, нуугдаад байх шаардлага байхгүй. Харин ч ажилгүй нэгний хажууд бардам алхах ёстой. Гэтэл сүүлийн үед хийж байгаа ажлаасаа ичигсдийн хүрээ улам тэлсээр байна. Автобусны кондуктор, үйлчлэгч, цэвэрлэгч хийж, нүүрээ улалзуулан ичиж, газар доор орох шахам явааг хэрхэн тайлбарлах вэ? Шалтгааныг нь асуухаар “ямар олигтой ажил биш. Таньдаг хүнтэй тааралдвал ёстой онигоо шдээ” гэх. Үгүй, хүн ажилтай байгаагаасаа бус ажилгүй бол ичих ёстой юм биш үү гэхээр “намайг юу ч гэж бодох юм билээ” гэж өөрийгөө ихэд тооцно. Сарын 400-700 мянган төгрөгийн цалин авч байгаа ажилтан ажлаасаа ичиж, хүний араар нуугдахаар нэг ч төгрөгийн орлогогүй ажилгүйтэн газар доогуур орохоос өөр аргагүй болох нь.
.
Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голно гэж байхгүй гэсэн үг бий. Өнөөгийн нийгэмд бол тийм ч оновчтой үг биш. Гэхдээ л гэж эерэгээр харах гээд оролдоод үзье. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ оны наймдугаар сарын байдлаар 37238 бүртгэлтэй ажилгүй иргэн байна. Тэдний 20 орчим хувь нь дээд боловсролтой ажилгүйчүүд. Тэдний ажилгүй байгаа шалтгаан янз бүр ч ихэнх нь их сургууль төгсчихөөд жолооч, цэвэрлэгч, кондуктор хийлтээ биш гэсэн бардам зантай нь холбоотой. Нэг талаас буруутгах аргагүй. Гэхдээ хоол болтол шийр зугаа гэсэн үг байдаг даа. Өөрт тохирсон мэргэжлийн ажлаа олтол тааралдсан ажлаа хийж байгаад яагаад болохгүй гэж. Их зангаа худалдаж идэхгүйгээс хойш зоосгүйдэхийн зовлонг бага ч гэсэн хугаслах хэрэгтэй биз дээ.
.
Ажилд авна гэсэн заруудын ихэнхийг цэвэрлэгч, үйлчлэгч, хамгаалагч, цахилгаанчин эзэлж байгааг нэг талаас эрэлт хэрэгцээ гэж харж болох ч нөгөөтэйгүүр энэ ажлыг хийх хүн олддоггүй байхыг үгүйсгэх аргагүй. Нэг үгээр хэлбэл гологдол ажлын байр зах зээлээр дүүрэн гэсэн үг. Үйлчлэгч, бэлтгэгч авна гэсэн зар цонхон дээрээ наасан цайны газрын эзнээс зарын дагуу хичнээн хүн хандаж байгааг асуухад “Улаанбаатарт чинь ажилгүй хүн байдаггүй юм биш үү” гэсэн асуултыг өөдөөс чулуудав. Хариулт тодорхой учраас өөр олон зүйл ч шалгаасангүй. Үнэн хэрэгтээ энэ ажлын байранд тохирох ажилгүйчүүд зөндөө л байгаа. Харин тэд үйлчлэгч, бэлтгэгч хийхийг хүсэхгүй байж магад. Жинхэнэ гологдол аль нь вэ, хүн үү эсвэл ажлын байр уу гэсэн асуултыг уншигч танд үлдээе.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ