Г.Тэмүүлэн: “Оюутолгой”-н өмнө тулгамдсан асуудлуудын талыг нь шийдлээ
Оюутолгой төслийн асуудлаар өнгөрсөн сарын 23-27 хооронд Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, тус компанийн хуулийн зөвлөх н.Энхбат нар Лондон хотноо ажилласан. Тэд өнөөдөр олон нийтэд мэдээлэл хийлээ.
.
Энэ сарын 06-ны өдөр дөрөв дэх жилтэйгээ золгох гэж буй тус төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд хоёр тал харилцан ойлголцолд хүрээгүй. Үүний улмаас түр хойшлоод байсан Оюутолгойн төслийн талаарх уулзалтын ерөнхий уур амьсгал эерэг, дотно байсан бөгөөд уулзалт амжилттай болсон хэмээн төлөөлөгчид дүгнэв. Иймээс гацаанд ороод байсан Оюутолгой төсөл цаашид үргэлжлэн, энэ ондоо багтаагаад бүх асуудлаа шийдэхээр болжээ.
.
Төслийн хүрээнд хуримтлагдсан манай талаас 22 асуудал, нөгөө талаас найман асуудал байжээ. Ингээд уулзалт хэлэлцээрийн дүнд 15 асуудлыг шийдэж, гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулаад байсан нөхцөл байдлын тал хувийг шийдэж чадсанаа Г.Тэмүүлэн хэлж байв. Харин үлдсэн 15 асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр болжээ. Хоёр талын ойлголцлын зөрүүг арилгах, асуудлаа шуурхай шийдвэрлэх үүднээс хоёр талаас хамтарсан ажлын хэсэг гарч гурван чиглэлээр ажиллахаар болсон байна. Үүнд зардлын хэтрэлтийг хоёр талаас тулгаж нягтлах, ТЭЗҮ болон бүлэг ордын геологийн нөөцийн тодотголыг эрх бүхий байгууллагад танилцуулж бүртгүүлэх болон төслийн нэмэлт санхүүжилтийн нөхцлүүдийг нарийвчлан судлахаар болсон байна. Тус ажлын хэсэг ирэх долоо хоногоос эрчимтэй ажиллаж эхлэх бөгөөд ирэх даваа гарагаас хоёр тал яриа хэлэлцээрээ Улаанбаатарт үргэлжлүүлэхээр болжээ.
.
Ч.Отгочулуу: Үр өгөөж нь анх тохирсноосоо буурах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа
.
Оюутолгой төслийг яаравчлуулах болсон шалтгааныг Ч.Отгочулуу “Ирэх 5-6 жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ унах төлөвтэй байгаа. Учир нь Афганистанд манайхтай төстэй зэсийн орд илэрсэн. Мөн Мозамбек, Чили гэх мэт улсууд зэсийн ордтой. Тиймээс Оюутолгойн ордын үр өгөөжөө бодоод цаашдаа бүтээн байгуулалтын ажлаа яаравчлах хэрэгтэй байгаа гэсэн асуудлыг нөгөө талаас тавьсан” хэмээв. Хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
.
-Шийдэгдсэн 15 асуудал дотроос манайхтай холбоотой нь хэд байв?
-Манай талаас тавьсан 12 асуудал шийдэгдсэн. Харин нөгөө талаас ирүүлсэн гурван асуудлыг бид хэлэлцээрийн хүрээнд ярилцаж тохирсон байгаа.
.
-Яг ямар ямар асуудал байсан бэ. Энэ талаараа тодруулаач?
-Оюутолгойн бүлэг ордод хамаарах боловч гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийг “Оюутолгой” компанид шилжүүлсэн. Ингээд Монголын талын нийт лицензийн талбайгаас 34 хувь эзэмших зарчмын шийдэл, тохиролцоонд хүрлээ. Онтрэгийн хоёр тусгай зөвшөөрлийг Хөрөнгө оруулалтын гэрээний агуулгад нийцүүлэн Оюутолгой компанид шилжүүлэх тухай Уул уурхайн яамны саналыг хөрөнгө оруулагч талд танилцуулж, шуурхай арга хэмжээ авахаар тохиролцсон байгаа. Ингэснээр Монголын талын ногдол ашиг төсөл хэрэгжих хугацаанд ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллараар нэмэглэх нөхцөл бүрдсэн. Түүнчлэн ирээдүйд Монголын банк санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэх, хөндлөнгийн бие даасан лаборатори ажиллуулая гэсэн саналыг манайхаас тавьсан. Тодруулбал яг хэдий хэмжээний алт, зэсийг экспортлоод байгааг хэмжиж байх лабораторийн асуудал шийдэгдсэн. Мөн замын асуудал, борлуулалтын гэрээгээ шалгуулах асуудал, үндэсний ажиллах хүчний квот, зардлын өсөлт, усны тариф гэх мэт асуудлууд багтсан.
Нөгөө талаас усны асуудлыг тавьж байгаа. Өмнөговь аймагт үүнтэй холбоотой шийдвэр гарсан байсан. Гэтэл хуулиараа бол усны зөвшөөрөл нь стратегийн орд дээрээ тухайн лицензтэйгээ адилхан хугацаатай байх ёстой байдаг. Иймэрхүү асуудлыг нөгөө талаас тавьсан байгаа.
.
-Манайхаас баримтлаж байсан байр сууриуд өөрчлөгдсөн үү?
-Энэ бол гурван жил үргэлжилсэн маш том төсөл. Өмнөх ТУЗ маань маш сайн ажилласан. Гэхдээ далд уурхайн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлууд гараад байгаа. Иймээс эхлээд төслийн эхний хэсгээ дүгнэсний дараа хоёрдугаар үе шат руугаа оръё гэсэн манай талын байр суурь хэвээрээ байгаа. Манайхаас энэ төсөл Монгол Улсад хэрэгтэй төсөл. Гэхдээ манайд оногдож байгаа үр өгөөж нь ямар нэгэн байдлаар анх тохирсноосоо буурах ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Иймээс ний нуугүй хэлэхэд манай тал нөгөө талаа их хардаж байгаа. Нөгөө тал маань ч бас янз бүрийн аргаар татвар, усны төлбөрөө нэмэгдүүлэх замаар орж байгаа орлогоосоо илүү ихийг авах гээд байна гэсэн хардлага бий. Энэ бол өөрөө бизнес. Бизнес дээр хамтарч байгаа хүмүүс нэгэндээ итгэх нь маш чухал байдаг. Энэ итгэлцлийг сэргээж эхэлснээрээ энэ уулзалт өндөр ач холбогдолтой болсон.
.
-Бусад хувьцаа эзэмшигчидтэй уулзсан гэсэн. Энэ талаараа тодруулаач?
-Бид Лондонд очоод “Рио тинто”, “Туркойз Хилл”- ээс бусад Оюутолгойн хувь нийлүүлэгч, жижиг хувьцаа эзэмшигчидтэй уулзсан. Тэд энэ үеэр Монголын Засгийн газрын талаар маш ташаа ойлголттой байсан. Иймээс бид зөвөөр ойлгуулах талын мэдээллийг тэдэнд өгсөн байгаа.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ