
Гурван жил гаруйн өмнө байраа алдсан МАН-ынхан шинэ “Тусгаар тогтнол”-ын ордоноо хүлээж авах гэж бага сага барцадтай байлаа. Харин хоёр жилийн өмнө буюу 2009 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьсан “Ардчиллын ордон” хэзээ сүндэрлэх гээд байгаа юм болдоо. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойтой давхцан 20 давхар байшин барих үйлсийг эхлүүлсэн бөгөөд намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Д.Чойжамц хамба нарын эрхмүүд болоод намын цөөнгүй гишүүн дэмжигчид нь бултаар байж байгаад тавьсан шав билээ.
Н.Алтанхуяг дарга “Ардчилсан намын байр ард түмний өргөө байх болно" хэмээн хэлж байсан. Харин Ч.Сайханбилэг гишүүн “Сүхбаатарын талбайн хамгийн өндөр, сайхан барилга байх болно” хэмээн дуугарсан бол Д.Эрдэнэбат дарга “Ардчиллын ордон ард түмний хандиваар босно” хэмээсэн юм. Тэгвэл тэр цагаас хойш жилийн дөрвөн улирал хоёронтоо ээлжилчихэж. Ард түмний хандиваар Сүхбаатарын талбайн хамгийн өндөр, сайхан барилга болон сүндэрлэх ард түмний өргөө босоогүй л байна.
Өнгөрөгч оны гуравдугаар сараас эхлэн барилгын бэлтгэл ажил хийгдэж, улмаар үндсэн ажил нь явагдана гэж байсан “Ардчиллын ордон”-ы загварыг "Baldun's" гэж компани хийсэн гэсэн. Улсаас нэг ч төгрөг авахгүй. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, ард түмний хандиваар босох 20 давхар барилга бусад нэр хүндтэй компаниудын оффис байж ч болохоор барьж байгуулна гэгдэж байсан Ардчиллын ордон хэзээ сүндэрлэж Ард түмэн өргөөтэй болох юм болдоо.
.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ