Ц.Туваан: Гурилын үнэ бага зэрэг нэмэгдэнэ
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ургац хураалт, хадлан тэжээлийн явцын талаар мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор салбарын дэд сайд Ц.Туваантай ярилцлаа.
.
-Энэ жил хадлан тэжээлийн бэлтгэл ажил хэр байна вэ?
-“Ургац хураалт, хадлан бэлтгэлийн ажлыг эрчимжүүлэх тухай” Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс яамнаас томилогдсон ажлын хэсгийн гишүүд 21 аймгийн 81 суманд ажилласан. Ажилласан дүнгийн нэгтгэлээс үзэхэд 15 аймагт хадлан тэжээлийн нөөц бүрдүүлэх чиглэлээр 1 тэрбум 182 сая төгрөгийг төсөвт тусган санхүүгийн асуудлаа шийдвэрлэж байна. Энэ жил улсын хэмжээнд сая 463 мянган тонн хадлан тэжээл бэлтгэх төлөвлөгөө гаргаснаас одоогоор 887 мянган тонныг нь бэлтгээд байна. Ингээд хадлан бэлтгэлийн явц өнөөгийн байдлаар 60.7 хувьтай байна. Харин аймгийн нөөцөд бэлтгэх хандлангийн хэмжээ 14368 тонн байгаагаас 6382 тонныг буюу 44.4 хувийг нь бэлтгээд байна. Орон нутгийнхаа төсвөөс аймгийн Засаг даргынхаа шийдвэрээр хамгийн их мөнгө хадландаа тусгасан аймгуудаас дурдвал Булган, Дундговь, Говь-Алтай зэрэг найман аймаг байна. Үүний хамгийн их нь Булган аймаг Хөгжлийн сангаасаа 210 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн.
.
-Хадлан бэлтгэх ажилд хойрго хандсан аймгууд байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Дорнод, Өвөрхангай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорноговь аймаг 2013 онд аймгийн аюулгүй нөөцөд өвс хадлан бэлтгэхэд хөрөнгө мөнгө тусгаж ажиллаагүй байна. Мөн Дундговь, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Төв зэрэг аймгууд нь 10 сарын нэгэн хүртэл бэлтгэх ёстой аймгийн нөөцийн өвс нь 50 хувьдаа ч хүрээгүй байна гэсэн шалтгалтын дүн гарсан байгаа.
Үүнээс Дорнод, Дундговь хоёрыг онцгойлон хэлмээр байна. Эдгээр аймгуудын Засаг дарга нь өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар ямар ч мөнгө төсөвлөөгүй, зохион байгуулалт маш хангалтгүй байна. Гэтэл Өнгөрсөн өвөл 10 гаруй аймгийн 100 гаруй сумыг хамарсан цаг агаарын хүндрэл гарсан. Энэ үеэр Дорнод аймгийн Халхгол суманд зудын нөхцөл байдал үүсч Засгийн газар, Онцгой байдлын албанаас маш их хүч хөдөлмөр зарцуулсан байгаа.
.
-Эдгээр аймгуудын удирдлагад хариуцлага тооцох уу?
-Өвөлжилтийн бэлтгэлийн дүнгээ Засгийн газрын хуралдаан танилцуулж, эдгээр удирдлагуудад арга хэмжээ авахуулах болно.
.
Нэг хувийн чийгийг 10 мянган төгрөгөөр хатаана
.
-Ургац хураалтын явц сүүлийн мэдээгээр ямар байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 57.3 мянган га талбайг ангилан хадаж, 128.2 мянган га-аас 164.3 мянган тонн үр тариа, 11 мянган га-аас 143.3 мянган тонн төмс, 5.6 мянган га-аас 75.8 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байна. Үр тарианы хураалт улсын хэмжээнд 44.1 хувьтай, төмс 72.9 хувь, хүнсний ногооны хураалт 78.4 хувьтай байна.
Ургац хураалтын ажилд одоогийн байдлаар 2370 цэрэг, 1000 гаруй оюутан гэрээгээр ажиллаж байгаа.
.
-Энэ онд Тариалан эрхлэлтийг дэмжих сан/ТЭДС/-аас буудайг ямар үнээр худалдаж авахаар болов?
-Энэ онд Х.Баттулга сайдын тушаалаар ТЭДС-д МNS972010 стандартын шаардлага хангасан нэг тонн хүнсний улаанбуудайн үнийг 320 мянган төгрөгөөр тогтоосон. Ингэснээр өнгөрсөн жилийн үнээс тонн тутамдаа 40 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Харин ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд тушаасан нэг тонн улаанбуудайнд өгөх урамшуулал өмнөх жилийнхтэй ижлээр 100 мянган төгрөг хэвээрээ байгаа. Урамшуулалд өгөх 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт суусан байгаа. Түүнчлэн ТЭДС-аас удирдах зөвлөлийн шийдвэр гарч 100 км доторх тээврийн зардлыг сангаасаа даахаар боллоо.
.
-Тэгэхээр энэ жил гурилын үнэ өсөх нь ээ?
-Мэдээж ТЭДС тонн тутмыг 320 мянгаар аваад эхлэхээр гурилын үйлдвэрүүд ч мөн ийм үнээр худалдаж авах болно. Иймээс бага зэрэг нэмэгдэнэ. Яг хэдээр нэмэгдэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Яамнаас ойрын хугацаанд гурилын үйлдвэрүүдтэй хэлэлцээр хийж байгаа.
.
-ТЭДС энэ жил хичнээн тоон буудай авах вэ?
-ТЭДС 110-120 мянган тонн улаанбуудай авахаар төлөвлөж байгаа. Үүний 70 орчим хувийг буюу 70 орчим мянган тонн буудайг техник технологи, үр бордоо, шатахуун зэрэг өрөндөө суутгаж авна.
.
-Энэ жил буудайн чийгийг хатаана гэж яриад байсан. Энэ талаар тодруулаач?
-ТЭДС-аас буудай нэлээд чийгтэй байгаатай холбоотойгоор хатаах, стандартын шаардлагад нийцүүлэн хог ургамалыг цэвэрлэх арга хэмжээ авахаар таван салбар дээрээ бэлтгэл ажлаа хангаад байна. Хатаахдаа тухайн үед гарах цахилгаан, цалингийн зардлаа тооцож тарифаа тогтоосон. Энэ нь нэг хувь чийгийг хатаахад 10 мянган төгрөг байгаа.
Түүнчлэн энэ жил улаабуудайг элеваторуудад хүлээн авах журмандаа хөнгөлөлт үзүүлж, тариаланчдаа дэмжих чиглэлээр ажиллаж байна.
.
-Улаанбуудайны элеваторуудын багтаамж хэр байгаа вэ?
-Энэ жил Хөтөл, Булган, Сэлэнгэ, Хархорин гэсэн дөрвөн газарт 110 мянган тоннын хүчин чадалтай элеваторууд үр тариа хүлээн авч эхлээд байна. Ойрын 7-10 хоногийн хугацаанд Төв аймгийн Угтаалцайдам суманд 36000 тоннын элеваторыг улсын комисс хүлээн авна. Үүн дээр нэмээд гурилын үйлдвэрүүдийн дэргэд 170 гаруй мянган тонн буудай авах агуулах бий.
.
Чингис бондоос 30 гаруй тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон
.
-Чингис бондоос танай салбарын жижиг төслүүдийг дэмжихээр 270 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний хэрэгжилт ямар байгаа вэ?
-30 гаруй тэрбум төгрөгийн зээл одоогоор шийдэгдээд байна. Тухайлбал өвлийн хүлэмжид “Хатансүйх”, сүү сүүн бүтээгдэхүүнд “Мон таримал”, ноосонд “Ноосон давуу”, ноолуур дээр “Говь”, “Гоёо” гэх мэт 6-7 компани, оёдол дээр 3-4 компани зээл авахаар эхний шалгуураа давсан байгаа. Энэ асуудал өмнө нь нэлээд удаашралтай байсан. Гэхдээ банк болон компаниуд сүүлийн үед ойлголцолд хүрээд эрчимтэй нэмэгдэж байгаа.
.
-Хичнээн компани хамрагдах санал ирүүлсэн бэ?
-Бондод нийтдээ 240 орчим компани хамрагдахаар саналаа өгөөд байгаа. Үүнд салбарын зүгээс хяналт тавьж ажиллах төслийн нэгж байгуулагдсан. Энэ нэгж салбарынхаа хүрээнд тухайн компанийн төслийг яамны түвшинд шалгаруулаад банк руу өгч байгаа.
.
-Зөвхөн ганц банк сонгосон нь олны анхаарлыг татаад байна л даа. Яагаад заавал “Голомт” банкийг сонгосон бэ?
-Чингис бондын мөнгийг салбарынхаа үйлдвэрүүдэд аль болох бага хүүтэйгээр өгөх саналтай байсан. Энэ саналаа банкуудад явуулахад “Голомт” банк хамгийн бага буюу 2.3 хувийн хүүг ирүүлсэн. Эдийн засаг хөгжлийн яам, Хөгжлийн банк, манай яам дөрвөлсөн гэрээ байуулж энэ банкаар дамжуулахаар болсон.
. А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ