Дэд бүтцээ шийдэхгүйгээр орон сууцны үнийг бууруулах боломжгүй

.
Банкуудын жигнэсэн дундаж хүү 3.7 хувиар буурчээ
Орон сууцны эрэлт зээлийн хүүтэй нягт хамааралтай байдаг. Тэгвэл 2013 оны хагас жилийн байдлаар буюу ипотекийн зээл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нийт банкны системийн хувьд орон сууцны зээлийн хэмжээ өмнөх сараасаа 4.7 хувь, 2012 оны мөн үеэс 40 хувиар өсчээ. Мөн зургадугаар сараас ипотекийн зээлийн хүү нэмэх, хасах найман хувь болсноор жигнэсэн дундаж зээлийн хүү өмнө нь 16.6 хувь байснаа 12.9 хувь болж буурчээ.
Одоогийн байдлаар найман хувийн хүүтэй орон сууцны зээлд нийт 24 мянган иргэн хамрагдсан байгаа бөгөөд өдөрт дунджаар 480 гаруй иргэн уг зээлд хамрагдаж буй аж.
.
Баянзүрх дүүрэгт байрны үнэ хамгийн их өсөлттэй байна
Эрэлттэй холбоотойгоор орон сууцны үнэ мөн өссөөр байгаа. Оны эхнээс орон сууцны үнэ дунджаар 20 гаруй хувиар өссөнийг судлагаагаар тогтоожээ.Үүнд төгрөгийн ханш доллар, юаний эсрэг суларч импортын үнийг нэмэгдүүлсэн болон Засгийн газар, Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй найман хувийн ипотекийн зээлийн хөтөлбөр нөлөөлсөн гэж үзжээ. Түүнчлэн иргэдийн дунд “Орон сууцны ипотекийн зээл богино хугацаанд хэрэгжээд зогсох байх” гэсэн ойлголт эрэлтийг ихээр нэмэгдүүлсэн байна. Үнийн өсөлтийг дүүргүүдээр авч үзвэл хамгийн их өсөлттэй нь Баянзүрх дүүрэгт жилийн өсөлт 24.4 хувь, сарын өсөлт 11.5 хувь байгаа бол Хан-Уул дүүрэгт жилийн 21.7 хувь, сарын өсөлт 10 хувийн өсөлт ажиглагдсаныг шинжээчид тогтоожээ.
Орон сууцны м2-ын дундаж үнэ Улаанбаатар хотын хэмжээнд 2.1 сая төгрөг байна. Тодруулбал Хан-Уул дүүрэгт дунджаар 2.74 сая, Чингэлтэйд 2.7 сая, Сүхбаатарт 2.4 сая, Баянзүрхэд 2.05 сая, Баянголд 1,84 сая, Сонгино Хайрханд 1.53 сая, Налайхад 1.51 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
.
Нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байгаа нь дэд бүтэцтэй холбоотой
Хэдийгээр эрэлт ийнхүү өссөөр байгаа ч нийлүүлэлтийн хувьд дэд бүтцийн хүрэлцээгүй байдлаас болж удаашралтай байгаа билээ. Барилга хот байгуулалтын яамны мэдээгээр энэ онд 28 мянган өрхийн орон сууц ашиглалтанд орохоор төлөвлөж байгаа. Гэтэл эхний хагас улирлын байдлаар нийлүүлэлт 50 хувиар хоцрогдолтой байгаа аж.
2013-2014 онд гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөр хэрэгжиж, Барилга хот байгуулалтын яамны төлөвлөсний дагуу энэ онд 30 мянга гаруй айлын орон сууц, ирэх онд мөн энэ хэмжээний орон сууц ашиглалтад орно гэж үзвэл орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэх боломжтой хэмээн шинжээчид үзжээ. Гэсэн хэдий ч “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ХК-ийн зүгээс шинээр баригдаж буй орон сууцны төслүүдийн төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлүүдийг өгөх боломжгүй тухай шийдвэр нь нийлүүлэлтийг удаашруулахаар байгаа аж. Мөн Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийг таван дулааны цахилгаан станц хангадаг хэдий ч ДЦС-IV дангаараа дулааны 63 хувь, цахилгааны 73 хувийг хангадаг. Энэ нь нийлүүлэлт өсөхөд сөрөг нөлөө үзүүлж буй тул тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Шинжээчдийн дүгнэж буйгаар баригдаж буй орон сууцны төслүүд төлөвлөгөөний дагуу ашиглалтанд орж нийлүүлэлт эрэлттэй тэнцэх боломжтой болвол орон сууцны үнийн өсөлт буурах боломжтой юм байна.
Нийслэлийн хэмжээнд захиалга авч буй орон сууцны барилгуудын байршлын тухайд сонирхуулахад Баянзүрх дүүрэгт 78 барилга буюу 34.4 хувь, Хан-Уулд 77 барилга буюу 33.9 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 28 нь буюу 12.3 хувь нь байна. Харин үлдсэн орон сууцны барилгууд Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Налайх дүүрэгт байрлаж буй юм байна.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ