Малгайгүй МАН
Монголын улс төрийн ууган хүчин XXVII их хурлаа хийхээр зэхэж байна. УИХ, НИТХ, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдаж, түүхэндээ байгаагүй бараан өдрүүдийг туулж буй МАН-ынхан энэ хурлаас олон зүйлийг хүлээж буй. Зөвхөн МАН-ынхан бус эндээс өрх тусгаарласан МАХН-ынхан ч энэ их хуралд тандалт хийж буйгаа нууцлаагүй. Мөнхийн өрсөлдөгч АН-ын хувьд хаазайсан тал руу нь түлхэхээр анхааралтай ажиж байгаа. Асар их туршлага, боловсон хүчний нөөц бололцоотой хэмээн томорч, улс төрийн ууган хүчин хэмээн цоллогддог МАН-ын ийн дор орсныг олон зүйлтэй холбож болох ч малгайгүйдснийг нэн тэргүүнд чухалчлах хэрэгтэй. Нэг зорилгын төлөө зангидаж, нэг малгайд оруулах манлайлал хэтэрхий хүчгүй байснаас МАН удаа дараагийн сонгуульд өвдөг шороодсон. Ерэн жилийн түүхэнд байгаагүй олон удаагийн ялагдал удирдлагуудтай нь шууд холбоотойг намынх нь нөхөд, улс төрийг гадарладаг бүхэн ил далд хэлдэг. Намын дарга Ө.Энхтүвшин ч, “гал тогоо баригч” Г.Занданшатар ч энэ хүчинд лидер болж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Намын дарга Ө.Энхтүвшин сүүлийн хоёр сонгуулийн ялагдлыг үүрч байгаа дүр эсгэсэн ч Удирдах зөвлөл нь хүлээж аваагүй. Тэртэй тэргүй сар гаруйхны дараа их хурлаар яригдах асуудлуудын тэргүүн эгнээнд түүний суудал бий учраас тэр. Ө.Энхтүвшин “Оноо алдааны нэгэн жил: ухаарал, цаашдын зорилт” илтгэлдээ намынхандаа “дараагийн хүнээ дарга шиг Дарга болгож дэмжиж тусалж, эрх, үүргийг нь тодорхой болгох шаардлагатай шүү” гэсэн сануулгыг өгөөд амжсан. Өөрийг нь дэмжиж байгаагүй мэтээр харагдуулах энэ мэдэгдэл уснаас хуурай гарах гэсэн хүний оролдлого байхыг ч үгүйсгэх аргагүй.
.
Намын бага хурлын 200 хүний дэмжлэгээр намын дарга болчихоод намайг дэмжээгүй гэх далд утгатай үг хэлж буй нь учир мэдэх хүмүүст таатай санагдаагүй нь мэдээж. Ө.Энхтүвшин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй намын дарга. Монголын улс төрийн хүрээн дэх бичигдээгүй хуулиар бол Ө.Энхтүвшин төрийн тэргүүний сунгаанд хүч үзэх ёстой. Гэтэл энэ эрхэм намынхаа нөхдийн итгэлийг олж чадаагүйгээс аваргын ард гишгэсэн. Тиймдээ МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэтэй нэг зүгт ижил зорилготойгоор зүтгээгүй. МАН-ын ялагдал үүнтэй ч холбоотой. Харин эрхэм дарга намын нөхөртөө ялагдаж, нэр дэвшиж чадаагүйгээ шинэчлэл хэмээн гоёор нэрлэчихсэн явна лээ.
.
МАН-ын гишүүд дэмжигчдийн өмнө хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь Г.Занданшатар. Ах намын түүхэн дэх хамгийн хүчгүй, муу Генсекээр нэрлэгдээд буй тэрбээр хариуцлага хүлээх эсэхээ “миний мөрөөдөж байгаа зүйл бол энэ албан тушаалд үлдэх, үлдэхгүй тухай асуудал биш” хэмээн бөөрөнхийлөөд орхисон байна лээ. Бас нам шинэчлэгдэнэ гэдэг удирдлага солигдохын нэр биш гэж зөөлөн суудалдаа үлдэх сонирхлоо хялбархан тайлбарлаж харагдсан. Удирдлагуудын идэвхгүй, зориг зүрхгүй, тогтсон үзэл баримтлалгүй үйл ажиллагаанаас болж МАН өдгөө элгээрээ мөлхөх шахаж байна. Ямар сайндаа л хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлж чадахгүй, өр ширэндээ баригдаж байхав.
.
Бараг л зуун жилийн түүхтэй ууган улс төрийн хүчнийг удирдах чадвар Г.Занданшатар Ө.Энхтүвшин нарт байсангүй. Бас хариуцлагаа үүрэх улстөрчийн зангараг ч алга, бэлээхэн жишээ намын нөхөр У.Хүрэлсүхээ харж л байсан даа. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй залуус нь нэгдэж, Шинэчлэлийн хороог байгуулсан. Хувийн амбицандаа хөтлөгдсөн баацаанууд гэж хочлогдсон тэд намынхаа дотрыг цэвэрлэхээр хэд хэдэн шаардлага хүргүүлсэн ч удирдлагуудын босгонд бүдрэв бололтой. “Намын шинэчлэл хийхийн тулд намын удирдлага, удирдах зөвлөлийг юуны өмнө солих шаардлагатай байна. Тэд намын янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаанд ашиглаж байгаа мөнгөн зардлаа ил тод байлгахыг хүсдэггүй. МАН-ын гишүүд дэмжигчид толгой дээрээ байгаа 100 гаруй нөхдийг санхүүжүүлэгч болчихлоо. Тиймээс намын шинэчлэлийг дээрээс нь хийх нь зүйтэй” гэж МАН-ын Шинэчлэлийн хорооныхон мэдэгдэв. Товчхондоо залуус ил тод, нээлттэй удирдлагыг хүссэн. Шинэчлэлд удирдлага бус бодлого чухал хэмээн цэцэрхэх ч хуучин хэвэнд шинэ зүйл цутгаад өөрчлөлт гарахгүйг хэн хүнгүй мэднэ.
.
Харин МАН-ын шинэчлэл хэрхэн явагдахыг хэдхэн хоногийн дараа харах л үлдэж байна.
.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ