Төв банкны бодлого зөв ч, улстөржиж байгааг шүүмжлэв

img

Эдийн засаг хүндэрч, өсөлт саарч буй нь олон хэлбэрээр илэрч байгаа. Үүний нэг жишээ нь төгрөгийн ханшийн сулрал юм. Тэгвэл манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуус эзэлдэг бөгөөд тэдний амьдралд эдийн засгийн энэ мэт хүндрэлүүд бодитоор нөлөөлж эхэлсэн. Гэсэн хэдий ч залуус энэ талаар төрөөс явуулж буй бодлого шийдвэрүүдийн тухай төдийлөн ойлголт мэдлэггүй, өөрт тулгарч буй бэрхшээлээ төрд хүргэх боломжгүй байдаг байна. Иймээс залууст эдийн засгийн өнөөгийн байдлын тухай мэдээллийг бодлого баригчдаас нь өгөх, тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Next Gen” залуу мэргэжилтнүүдийн нэгдсэн хөдөлгөөнөөс зохион байгуулдаг “Эдийн засгийн салаа зам”-ын ээлжит уулзалт өчигдөр боллоо. Энэ удаагийн уулзалт “Эдийн засгийн өнөөгийн байдал ба мөнгөний бодлого” сэдвийн хүрээнд явагдсан юм. Уулзалтад төр болон хувийн хэвшилд ажилладаг, сурдаг 200 орчим залуусын төлөөлөл оролцлоо.

.

“Хүн амын дийлэнх хувийг залуус эзэлдэг атлаа төрд шийдвэр гаргагч албан тушаалтнууд нь голдуу 35-аас дээш насныхан байдаг. Тиймээс залууст тохирсон шийдвэрийг төдийлөн гаргаж чаддаггүй” хэмээн “Next Gen” хөдөлгөөний тэргүүн Б.Дөлгөөн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч С.Болд “Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлогууд ба үр нөлөө”, “Мандал женерал”ХХК-ийг төлөөлж А.Батзориг “Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал”, Хөдөлмөрийн судлагааны институтын захирал М.Чимэддорж “Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал” зэрэг сэдвүүдээр залууст илтгэл тавилаа. Уулзалтаар залуусын сонирхлыг хамгийн ихээр татаж байсан зүйл нь Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлого байсан юм.

.

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого цаашид үргэлжилнэ

.

Манай улсын эдийн засаг 2012 оны эхнээс экспорт болон хөрөнгө оруулалт буурснаар хүндэрч эхэлжээ. 2009 оноос хойш төсвийн алдагдлыг нөхөж ирсэн дээрх хүчин зүйлс эрс буурсан нь эргээд эдийн засагт дарамт учруулж, хямрахад ойрхон байсан аж. Өөрөөр хэлбэл 2008, 2009 онд тохиож байсан шиг эдийн засгийн хямрал нүүрлэж, маш олон хүн ажилгүй болоход ойрхон байв.  Дээрх онуудад болсон хямралаар гуравхан сарын дотор 77000 хүн ажилгүй болж байсан бол 2012-2013 онд 180 мянган ажлын байрыг алдах эрсдэл байжээ. Иймээс эдийн засагт эргэлдэж буй мөнгөний урсгалыг таслахгүй, үнийн тогтвортой байдлыг болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанк хувийн хэвшлээр дамжуулан бодит салбаруудад мөнгө нийлүүлж эхэлсэн аж.

.

Тодруулбал 2012 оны сүүлээр манайд эдийн засаг хүндэрч буйг банкууд мэдрээд зээл гаргах тал дээр болгоомжлон, багасгаж эхэлсэн. Энэ үед төв банк санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах үүргийнхээ хүрээнд 2013 оны нэгдүгээр сараас эхлэн 420 тэрбум төгрөгийг банкуудад байршуулж эхэлжээ. Ингэснээр өмнөх онуудад 12 орчим хувьтай байсан банкуудын өөрийн хөрөнгийн чадамж 15.9 хувь болж өссөн байна. Мөн хоёрдугаар сард 200 тэрбум төгрөгийг байршуулан банкуудын чадамжийг дээшлүүлж байгаад зургадугаар сараас орон сууцны найман хувийн хүүтэй, моргейжийн зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Ингээд орон сууцны эрэлтээ хангасаны дараа барилгын нийлүүлэлтэд анхаарч материал үйлдвэрлэгч, экспортлогчдийг дэмжиж эхэлжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн зэрэгцээ уул уурхайн салбараас илүү ажлын байр бий болгодог барилгын салбарын ажлын байрыг хадгалаж чадсан байна. Түүнчлэн стратегийн гэх тодотголд ордог шатахуун, мах, гурил зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой, өсгөхгүйн үүднээс эдгээр салбаруудад мөнгө нийлүүлжээ. Ингээд нийтдээ дээр дурдсан салбаруудад гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр эдийн засгийг хямралд нэрвэгдүүлэлгүй авч гарчээ.

.

Манайд орж ирдэг валютын урсгалыг тэтгэдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ онд 28 хувь, тэр дундаа Оюутолгойгоос бусад хөрөнгө оруулалт 75 хувиар буурсан энэ үед хэрвээ эдийн засагт мөнгө нийлүүлээгүй бол ДНБ одоогийнх шиг есөн хувь, эдийн засгийн өсөлт 14 хувьд хүрэлгүй, эсрэгээрээ бүгд хасах руу орж, инфляци 40 орчим хувьд хүрэх байсныг эдийн засагчид тогтоожээ. Өөрөөр хэлбэл товчхондоо манай улс өнгөрсөн 20 жилд төгрөгийн ханшийг чанга байлгаж, импортыг дэмжсээр ирсэн нь энэ мэтчилэн эдийн засгийн хямрал, хүндрэлүүдэд илүү гүн гүнзгий нэрвэгдэхэд хүргэдэг байна. Иймээс цаашид дотоодын үйлвэрлэл рүү чиглэсэн бодлого баримтлаж, валютын ханшийн савлагаанд бага өртөх бодлого баримтлах шаардлагатай байгаа. Түүнчлэн төрийн зүгээс зээлжих зэрэглэлээ сайжруулах талаар ажиллаж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгаа өөд татах шаардлага тулгараад байгаа билээ.

.

 Уулзалтын үеэр залуус Монголбанкны хэрэгжүүлсэн мөчлөг сөрсөн бодлогыг их үнэтэй туссаныг хэлж байв. Мөн төв банкнаас хэтэрхий улс төржих хандлагатай байгааг шүүмжилж байсан ч хэрэгжүүлсэн бодлогыг зүйтэй хэмээн үзэж байсан юм.

.

Хөрөнгө оруулалт ажлын байр бий болгодог

.

Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийн тухайд 2012 оны байдлаар 39000 ажлын байр уул уурхайн салбарт бий болжээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар шинээр ажлын байр бий болоогүй байна. Түүнчлэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судлагаагаар энэ оны эхний долдугаар сард уул уурхайн салбарын ажилчдын тоо 23000 байгаа аж. Түүнчлэн халамжийн мөнгө тарааж байх үед нэг өрхийн орлогын дунджаар 20 хувийг л хөдөлмөрлөж олсон мөнгө эзэлдэг байжээ. Харин өдгөө хөдөлмөрлөж олсон мөнгө нийт өрхийн орлогын 40 орчим хувийг эзлэх болсон байна. Тиймээс хөрөнгө оруулалт ажлын байрыг бий болгодог тул төр энэ тал дээр зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай байгаа нь мөн харагдаж байна.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ