Санхүүгийн нээлттэй өдөрлөг болж байна
Монгол улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс өнөөдөр нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3000 гаруй мэргэшсэн нягтлан бодогч, 471 аудитор, 100 гаруй аудитын компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөдрийн өдөрлөгт аудитын компаниуд, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиуд, санхүүгийн анхан шатны сургалтын төвүүд, программ хангамжийн компаниуд оролцлоо.
.
“Бест Фортуна” аудитын компаны захирал Ж.Оюунцэцэг: Аудитын байгууллага баталгаатай мэдээлэл өгдөг
.
-Чанартай боловсон хүчин хэр байна. Аудитын байгууллага олон болсноор ямар ашигтай вэ?
-Монгол улсад аудитын байгууллага үүсч хөгжихөд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт голлох үүрэг гүйцэтгэсэн. Энэ салбарыг цаашид хөгжүүлэх үүднээс мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, олон улсын стандартуудыг орчуулж бидний гарт тавьсан. Үүний үр дүнд аудитын байгууллагууд ч хүрээгээ тэлж өргөжиж байна. Энэ хэмжээгээр аудитын чанар сайжрах боломж харагдаж байгаа.
Аудит бол хөрөнгийн эзэд болон бизнес эрхлэгчид, бизнесийн байгууллагыг сонирхогчидод баталгаатай мэдээллийг олж авахад тусалдаг. Бид байгууллагуудын үйл ажиллагаанд тусалж бодитой мэдээллээр хангах зорилготой. Тиймээс баталгаатай мэдээлэлтэй болно. Шинэ үеийн бүртгэлийг хөгжүүлэхэд нягтлан бодсогчид гардан оролцож байгаа ч бизнесийн байгууллагын удирдлагууд нягтлан бодогчийн, тайлангийн ажлыг ойлгодог зов гольдролоор авч явахад аудитын байгууллага бас тусалдаг.
.
-Стандартуудыг хөрвүүлдэг гэлээ. Гадны стандарт манай хөрсөн хэр буудаг вэ?
-Гадны стандартыг эхний үед тэр чигээр орчуулж гаргадаг байсан. Одоо бол зарим зүйлийг монголын нөхцөлд тохируулж үг хэллэгээ ч гэсэн сайжруулж ойлгомжтой байдлаар хийж байгаа. Тиймээс асуудал бага.
.
FLASH сургалтын төвийн Санхүүгийн программын багш Э.Насанбаяр: Удирдах ажилтнууд ч сургалтад суудаг
.
-Танай сургалтад хэр их хүн хамрагддаг вэ?
-Манайх 2007 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн сургалт явуулж байгаа. Сардаа 2-3 ангийг төгсгөөд жилдээ 200 гаруй хүн санхүүгийн ерөнхий мэдлэгтэй болоод төгсдөг.
.
-Сургалтад ихэвчлэн ямар хүмүүс хамрагдаж байна вэ?
-Ихэвчлэн санхүү татварын тайлан гаргах шаардлагатай, хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс, нягтлангаар дөнгөж сургуулиа төгсөөд практикийн мэдлэггүй хүмүүс ирдэг. Байгууллагуудын удирдлагууд ч сургалтад хамрагддаг. Улирдлагууд бол тухайн байгууллагынхаа санхүүг хянах зорилгоор суралцдаг. Манай сургалтын төв сүүлийн үеийн санхүүгийн программын хичээл заадаг.
.
“Отгонтэнгэр” их сургуулийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн менежментийн багш М.Даваа-Очир: Энэ салбарт сүүлийн үеийн санхүүгийн программ чухал үүрэгтэй
.
Танай сургууль мэргэжлийн боловсон хүчнээ ямар байдлаар бэлдэж байгаа вэ?
-Манай сургууль Нятлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын худалдаа гэсэн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байгаа. Мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэгийг орчин цагийн программтай хөл нийлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Цаашдын сургалтын үйл ажиллагаанд мэргэжилтний ур чадварт илүү анхаарч, хөрвөх чадвартай, санхүүгийн хариуцлагатай, мэргэжилтний ёс зүйг төлөвшүүлэхэд голлон анхаардаг.
.
-Оюутнууд сургуулийн ширээнээс дөнгөж боссоод ажлын байранд гарч шууд ажиллах чадвар эзэмшиж чадаж байна уу?
-Боломжийн гэж бодож байна. Сүүлийн үеийн интрактив программыг бүрэн ашигладаг, дадлагыг практикт түлхүү анхаарч хийлгэдэг. Гол хүндрэл учруулдаг зүйл нь мэргэжилээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг нь их бэрхшээлтэй байна. Бусдаар бол асуудал бага.
.
-Салбарын ажиллагсдын ур чадвар өнөөдөр ямар байгаа гэж бодож байна?
Мэргэжлийн ур чадвар, ёс зүй бол бүрэлдсэн хамгийн гол нь удирдлагад зөвлөгөө өгөх, удирдлагатай хамтарч ажиллах тал дээр хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сургуулиудын чанар дээшилсэн. Үүнээс гадна сүүлд гарч ирж байгаа санхүүгийн программуудын гүйцэтгэх үүрэг өндөр байна. Тиймээс санхүүгийн тооцооллын программыг шинэ үеийн нягтлан бодогчид маш сайн эзэмшдэг, түүнийгээ тайлагнадаг, хариуцлагатай байхад анхаарах хэрэгтэй.
.
Санхүүгийн тооцоолох компанийн Менежер Д.Отгонбаяр: Сангийн яамнаас олгосон 20-иод программын зөвшөөрөл бий
.
Сангийн яамнаас зөвшөөрөлтэй хичнээн програм хангамжийн байгууллага байдаг вэ?
11 компани 20-иод программын зөвшөөрөл авсан байдаг. Сангийн яамнаас зөвшөөрөл авна гэдэг бол яамнаас баримталж байгаа бодлого, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын шаардлага хангасан программыг зах зээлд нэвтрүүлнэ гэсэн үг. Үүнд яамнаас хяналт тавьдаг. Манай компаний хувьд 3 программын зөвшөөрөлтэй.
.
Н.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ