Моргейжийн зээл солонгосчуудыг зүгээр суух аргагүйд хүргэв
“Монгол-Солонгосын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн-2013” Мишээл экспо төвд өчигдөр нээлтээ хийлээ. Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэгээс гурав дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд Солонгосын талаас 40 гаруй аж ахуй нэгж, манайхаас 30 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож байв. Тус үзэсгэлэн худалдаанд тавигдсан бүтээгдэхүүнүүд нь манай зах зээлд анх удаа нэвтэрч байгаа бөгөөд оруулж ирсэн бизнес эрхлэгчдийнх нь зүгээс цаашдаа манай улсад салбараа нээх бодолтой байгаа аж. Иймээс Солонгос талын ихэнхи бизнес эрхлэгчид үзэсгэлэнгийн үеэр хамтран ажиллах байгууллага хайж байлаа.
.
Энд эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд тавилга, хоол хүнс, ахуйн болон цахилгаан бараа, хөнжил гудас, эм тангаас эхлээд барилгын материал, автомашин болон уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг хүртэл танилцуулж байв. Гэтэл Монгол талаас оролцож буй аж ахуйн нэгжүүдийн хувьд цөөн тооны цагаан идээ, хүнсний ногоо, малгай ороолт, дээл хувцас, оймс төдийхөн дэлгэн тавьсан харагдсан. Хэдийгээр Монгол-Солонгосын хамтарсан гэх сүржин нэртэй ч манай талаас хэдхэн даржин бүтээгдэхүүн оруулж, солонгосын компаниудаа түлхүү дэмжиж буй нь очсон хэн бүхний нүдэнд ил байсан. Энэ нь мэдээж “солонгос” гэхээр л муу ч байсан, сайн ч байсан “амиа тавих” нь холгүй байдаг монголчуудын занг солонгосчууд олж харсны илрэл биз ээ. Үүнээс үзэхэд цөөн хүн ам, жижиг зах зээлтэй Монгол улсыг солонгос гэх бараа бүтээгдэхүүний хараат болгох хэтийн сонирхол тэдэнд байгаа мэт. Ёстой л “барын амнаас гараад арслангийн аманд” гэдэг шиг хятад барааг үзэж чадахгүй болсон монголчууд бид удахгүй солонгосоос хараат болчихвий гэх айдас өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.
.
Үүнийгээ ч “Монгол дахь солонгос иргэдийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч И Ён Сан хэлж байсан. Тэрээр “Монголын эдийн засаг өсч байгаа тул Солонгосын бизнес эрхлэгчдийг монголчуудтай хамтран Монгол Улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулахад нь зуучлах зорилгоор энэ үзэсгэлэнг зохиож байгаа” гэв. Тэрээр мөн “Өмнө нь Монголын зах зээлд солонгосын үнэ хямд, чанар муутай бүтээгдэхүүнүүд голдуу орж ирдэг байсан. Харин одооноос зах зээл нь өсч байгаа тул Солонгосын зах зээлд үнэлэгддэг, чанартай, шинэ технологийн бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа” гэлээ. Түүний хэлж буйгаар бидний өмнө нь солонгосых гээд шүүтээд байсан бүтээгдэхүүнүүд ихэнх нь улсынхаа зах зээлээс шахагдсан бараанууд байсан бололтой. Мөн тус нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хэлснээр одоогийн байдлаар Монголд 3500 орчим солонгос иргэн амьдардагаас хөрөнгө оруулалтын газар бүртгэлтэй албан ёсны үйл ажиллагаа явуулдаг 1700 гаруй аж ахуйн нэгж байдаг аж.
.
Тэгвэл энэ тоо цаашид улам өсөх хандлагатай байна. Учир нь тус улсын бизнес эрхлэгчдийн хувьд манайд эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирэх сонирхол их байгааг дээрх үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагчид нь хэлж байсан. Тухайлбал энэ үеэр мэс засал хийлгүй, нүүрэнд нь утас шахаад нүүрний хэлбэр засах, үрчлээ татах үйлчилгээ явуулдаг эмнэлэг хамтран ажиллах байгууллагаа хайж байгаа харагдсан. Энэ үйлчилгээг Солонгост хийлгэвэл монгол мөнгөөр таван сая төгрөг байдаг аж. Энэ нь мэдээж монгол эмэгтэйчүүд сүүлийн үед арьсаа татуулах, шанаагаа хусуулах гээд гоо сайхны мэс заслыг ихээр хийлгэх болсныг тус улсын бизнес эрхлэгчид олж харжээ. Үүгээр ч барахгүй манай улсад найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж, орон сууцны эрэлт их байгаа нь тус улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийг эх орондоо амьдарч суух боломжгүй болгожээ. Тэд дээрх үзэсгэлэнгээр дамжуулан барилгын материалын үйлдвэрлэлээс эхлээд энэ чиглэлээр Монголд үйл ажиллагаа явуулахаар болсон байна.
.
Солонгос руу ид ажил хөдөлмөр эрхлэх насны, эрүүл чийрэг залуусаа бид хэдэн мянгаар нь ажлын мал болгохоор үдэн гаргасан. Тэгвэл одоо эргээд тус улсын бараа бүтээгдэхүүнийг бүгд эдлэж хэрэглэх болж байна.Энэ бүхнээс үзэхэд монголчууд бид даруй дотоодын үйлдвэрлэлээ сэргээж, хөгжүүлэхгүй бол бидний амьдрал ам.доллар, юанын өсөлтөөс шалтгаалж байсан бол үүн дээр нэмээд тун удахгүй воны өсөлт нөлөөлж эхлэхэд ойрхон байна.
.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ