Хонгор сумын хүрээлэн буй орчны бохирдлыг эргэн тандах судалгаа хийгдлээ
2007 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Мич" компани алт олборлоход мөнгөн ус, цианид хэрэглэж, төвийн төвлөрсөн усны эх үүсвэрт орсноор бохир ус цэвэрлэх байгууламжийн ус хальж, ойролцоогоор 560 м3 хаягдал тогтонги ус үүссэнээс хөрс, ус, агаар болон ундны цэвэр усны худаг бохирдсонтой холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын олон улсын болон дотоодын шинжээчдийн баг Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хушаат сумдад 2008 оны 2-3 сард ажилласан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын ус, хөрс, хүнсний ногооны дээжинд мөнгөн ус, цианид болон хүнд металлууд тодорхойлох шинжилгээг Дэлхийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлэхэд хаягдал ус болон хөрсөнд хүнцэл, хар тугалга, хром, кадьми зэрэг хүнд металлууд болон бор илэрсэн.
Иймээс Дархан-Уул аймгийн Хонгор сумын хүрээлэн буй орчны бохирдлыг эргэн тандах, хүн амд үзүүлэх нөлөөллийг эргэн тандах судалгааг орчны эрүүл мэндийн хяналт, тандалт үнэлгээ, статистик, тархвар зүй, лабораторийн шинжилгээ зэрэг олон чиглэлийн мэргэшсэн 11 шинжээчээс бүрдсэн үндэсний мэргэжилтний баг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналт, Хонгор сумын засаг захиргаа, хүн эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран 2010 оны 9-12 саруудад хийж гүйцэтгэлээ.
Хүрээлэн буй орчноос хөрс, ус, агаарын дээж, хүнээс үс, цус, шээсний дээж авч хүнд металл ба бусад хорт элементүүдийг тодорхойлох 23 үзүүлэлт бүхий нийт 849 шинжилгээг Пони олон улсын шинжилгээний төв (Pony international testing group), Ус сувгийн удирдах газар, НЭМХ-ийн Хор судлалын төв, Геологийн төв лабораториудад рентгенфлуоресценц (RFA), индукцийн холбоотой гэрлийн цацаргалтын спектрофотометр (ICP), хүйтэн уурын атом шингээлтийн спектрофотометр(CVAAS)-ийн аргуудаар тус тус гүйцэтгэсэн.
Энэхүү судалгаагаар Дархан-Ууул аймгийн Хонгор сумын хүрээлэн буй орчны хүнд метал (хар тугалга, мөнгөн ус, кадьми, хром), борын агууламж Монгол улсад мөрдөж буй үндэсний стандартад заасан бохирдуулагч бодисын хүлцэх хэмжээнээс доогуур байсан бөгөөд Мич компанийн хашаан дах хөрсөнд агуулагдах хүнцлийн агууламж стандарт хэмжээнээс өндөр байгаа боловч биологийн дээжинд хүнцлийн агууламж лавлах хэмжээнээс доогуур тодорхойлогдсон нь орчны бохирдолд тухайн судалгаанд хамрагдагсад өртөөгүй болохыг харуулж байна.
Судалгаанд хамрагсдын цус, шээс, үсэн дэх кадьми, хүнцэл, хар тугалга, мөнгөн усны агууламж нь Германы хүний биомониторингийн түвшин (HBM), Америкийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (АНУ), ОХУ-ын Клиник химичдийн холбоо (ОХУ), Канадын эрүүл мэндийн судалгааны төвийн (Канад) судалгааны дүнгээр тогтоосон босго хэмжээ буюу лавлах түвшингээс бага байгаа нь эдгээр химийн хорт бодисын нөлөөлөлд Хонгор сумын хүн амын эрүүл мэнд өртөөгүй болохыг харуулж байна.
Судалгааны дүнгээс Мич компаний хашаанд мөнгөн ус, цианидаар бохирдсон шлам шороог зөөвөрлөн авчирч саармагжуулсантай холбоотойгоор алтны хүдэрт дагалдах байдлаар оршдог хүнцлээр ойр орчмын газар бохирдсон байх магадлалтай тул цаашид хөрсний хүнцлийн бохирдлыг бууруулах арга хэмжээг авах шаардлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ