Ц.Дашпүрэв: Цоорхойгүй хууль гараасай
Монгол Улсад 99 тусгай хамгаалалттай газар бий. Тэднийг 31 захиргаа хамгаалдгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлэв. Хэдийгээр хамгаалалтын захиргаа цөөдөхгүй ч үйл ажиллагаа нь хангалалттай явагдахгүй байгаа нь бодит үнэн. Тиймээс тусгай хамгаалалттай газруудыг ТББ, хувийн хэвшлийнхэнд гэрээгээр эзэмшүүлэх нь хамгийн зөв арга зам хэмээн үзэж байна. Одоогоор Хар ямаатын байгалийн нөөц газар, Хустайн нурууны цогцолбор газар, Их нартын байгалийн нөөц газрыг ТББ-ууд хариуцан ажиллаж байна. Тэднээс Хустайн нурууны цогцолбор газрын үйл ажиллагаа амжилттай явагдаж, бодит үр дүнгээ өгч буйг салбарын яам онцолж байлаа.
.
Тиймээс тус газрын менежмент үйл ажиллагааны талаар “Хустайн цогцолбор газар” төвийн дэд захирал Ц.Дашпүрэвтэй ярилцсан юм.
.

-Тусгай хамгаалалттай газрын менежментийг хувийн хэвшил авч явж байгаа туршлага одоогоор Монголд байхгүй. Харин ТББ хэрэгжүүлж буй жишээ бий. Монгол Улсад 99 тусгай хамгаалалттай газар байдаг. Тэднийг хариуцсан 31 захиргаа байна. Бүтэц хэт данхайх тусам яг газар дээр ажиллаж байгаа хүмүүст хэцүү байдаг. Аймгийн төв дээр хамгаалалтын захиргаа нь байрладаг. Гэтэл алсын суманд нь хамгаалах ёстой газар нь байдаг. Аймгийн төвөөс өдөр бүр хянаад, хамгаалалт явуулна гэдэг хэцүү. Харин энэ зайг нөхөхийн тулд хамгаалалтын захиргаа нь тухайн газраа байвал илүү тохиромжтой. Манайх анх 1992 онд тахь нутагшуулж эхэлснээр ТББ-ын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ он цагийн хугацаанд хамгийн зөв менежмент гэдэг нь одоо нэгэнт тодорхой болчихсон байна. Үйл ажиллагаа тогтвортой явагдах нь хамгийн том давуу тал. Ингэснээр гадаадын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж давхар нээгддэг. Өөрөөр хэлбэл санхүүгийн боломж нээлттэй гэсэн үг. Байгалиа хамгаалъя гэж зорьж зүтгэсэн ТББ-ынханд хувийн ашиг сонирхлын зөрчил байдаггүй. Тэгэхээр төлөвлөсөн хөрөнгө нь 100 хувь байгальдаа зарцуулагддаг. Ийм давуу талууд бий. Мэдээж, менежментээ, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа зөв тодорхойлох шаардлагатай.
6
-Төрийн зүгээс дэмжлэг хэр байдаг вэ? Хууль эрхзүй, хөрөнгө санхүүгийн хувьд.
-Манай нэг онцлог нь бид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авч байгаагүй. Өөрсдийн болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн орлогоороо үйл ажиллагаа явуулдаг. Харин хууль эрхзүйн дэмжлэгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас үзүүлдэг. Хустайн байгалийн цогцолборт газрын менежментийн эрхийг манайд шилжүүлэн өгсөн нь том дэмжлэг.
6
-Одоо бол тусгай хамгаалалттай газрыг ТББ-д өгөхдөө газар эзэмших гэрээгээр олгодог юм байна. Үүнийг шинэчлэх шаардлагатай тухай яригдлаа. Хэрхэн зохицуулах ёстой юм бол?
-Манайхан байгалийн үзэсгэлэнт газрынхаа хажууд жуулчны баазаа барьдаг. Энэ бол буруу. Манай Хустайн жишээ дээр гэхэд бидний эрхэлдэг жуулчны бааз хамгаалалттай газрынхаа гадна байдаг. Үүнийг зохицуулж хаана, хэдэн жуулчны бааз байх ёстойг сайн боловсруулах хэрэгтэй. Одоогийнх шиг шавуулаад барьчихаар өөрсдөө ч ашиг олж чадахгүй, хамгаалалтын газартай ч нэмэр болж чаддаггүй буруу жишиг тогточихоод байгаа юм. Гэрээ байгуулсан таван жил гэдэг бол маш бага хугацаа. Хөрөнгө оруулж амралтын газар барьж байгаа хүмүүст бага хугацаа. Барилга байгууламжаа барьсаар байтал хоёр жил нь өнгөрчихнө. Гэхдээ хугацаа бол тийм ч чухал биш. Хамгийн гол үйл ажиллагааг нь хэрхэн хянах, буруу байвал яаж торгож шийдэх, зөв сайн бол хэрхэн урамшуулах нь л тодорхой, ил тод байвал ажил асуудалгүй явна. Өнөөдөр ийм үү гэвэл хэлэхэд хэцүү.
6
-Тусгай хамгаалалттай газрын тухай хууль шинэчлэгдэх гээд хэлэлцүүлэг өрнөж байна. Хуулийн төслийг харсан уу? Хуульд тусгах санаа оноо юу байна?
-Бид хуулийн төслийг үзсэн, нэлээд хэдэн хэлэлцүүлэгт оролцсон. Ер нь бол боломжийн хууль гарч байгаа. Анхны хууль маань 1994 онд батлагдсан, үнэхээр хоцрогдсон байсан. Хуулинд оруулах санаа оноо гээд хэлчих зүйл нэг их алга. Хуулин дээрээ бүх зүйлийг чөлөөтэй болгож болохгүй. Хэрвээ хамгаалах гэж байгаа газар бол бүх зүйл нь хориотой байх ёстой. Хоорондоо давхацсан, тээнэгэлзсэн зүйл заалтгүй, өөрөөр хэлбэл цоорхойгүй хууль гараасай гэж бодож байна.
6
-Монгол Улс тусгай хамгаалалттай газраа хамгаалж, түүнээсээ ашиг олж чадаж байна уу?
-Чадахгүй байна. Тусгай хамгаалалттай газрын төсөв амь зогоох төдийд л байгаа. Байнгын эргүүл шалгалт, судалгаа хийх боломжгүй, зөвхөн өдөр тутмын үйл ажиллагаа, цалин төдийнхөн л байна. Тэгэхээр хувийн хэвшил, жуулчны баазуудаас орж байгаа ашиг орлогын тодорхой хувиар нь тэр хамгаалалттай газрынхаа төсвийг дэмждэг байхаар зохицуулалт хийчихвэл энэ асуудал түвэгтэй биш. Бүгдийг улс өгнө гэж байхгүй. Нөгөө талаар жуулчин очдоггүй тусгай хамгаалалттай газраа бодох хэрэгтэй. Жишээ нь, Говийн бага дархан газарт жилдээ 100 жуулчин очихгүй. Тэгэхээр аялал жуулчны орлого гэж яриад хэрэггүй. Харин ашиг орлого олж байгаа Хөвсгөл, Горхи Тэрэлж, Говь гурван сайхан зэргээс орж байгаа ашиг орлогыг хуваарилдаг байж болох юм. Тэндээс олсон орлогыг буцаад байгальд нь зарцуулдаг системд шилжвэл санхүүгийн хүндрэлээс гарч болно.
6
-Тусгай хамгаалалттай газраас орж байгаа ашиг орлого нь хаачдаг гэсэн үг үү?
-Миний ойлгосноор тусгай хамгаалалттай газрын газар ашиглалтын бүх татвар хураамж улсад төвлөрдөг. Хамгаалалттай газар нэг ч төгрөг ордоггүй. Тэнд үйл ажиллагаа явуулсныхаа төлсөн татварын тодорхой хувь нь хамгаалалтын газрын зардалд очиж байх хэрэгтэй. Хамгаалалтын газрынхан ч идэвхтэй ажиллана.
7
-Тусгай хамгаалалттай газрын аялал жуулчлалын орлого хэр байдаг бол? Тухайлбал танайд жилд ирдэг 15 000 хүнээс ямар хэмжээний орлого олдог вэ?
-Ойролцоогоор 600-700 сая төгрөгийн орлогыг аялал жуулчлалын үйл ажиллагаанаас олдог. Үйл ажиллагааны зардал 1,2 тэрбум болдог. Одоо хасахтай харагдаж байгаа ч үйл ажиллагаа өргөжөөд ирэхээр 2015 оноос орлогоо нэмэгдүүлж, төсвөө нэмэх болгох зорилготой байгаа.
7
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ