Н.Батцэрэг: “Адууныхаа хэрээр исгэрсэн” төсөв харагдсан
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
6

-Хэр хэмжээний орлого орж ирнэ тэр хэмжээгээрээ зарлагаа төлөвлөх хэрэгтэй. Энэ оны төсөв гэхэд 1,5 их наядын тасалдалтай байна. Энэ оны төсөв хэтэрхий сул төлөвлөлт хийсэн байна. Жишээ нь, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт хийх замаар 450 тэрбум төгрөг оруулж ирнэ төлөвлөсөн байсан. Гэтэл энэ нь биелэгдээгүй учир төлөвлөгөө ярьсан. Эдийн засгийн өсөлтийн хурд саарч, долоон хувьд хүрсэн байна. Гааль, НӨАТ зэрэг татвар тасарснаас 650 тэрбумын орлого тасарч байна. Тиймээс төсвийн урсгал зардал дээрээ хэмнэлт гаргахгүй бол болохгүй. Хөрөнгө оруулалтын зардал дээрээ объект болгоныг авч үзэх хэрэгтэй. Нэн шаардлагагүй зүйлийг нь энэ удаад хойшлуулах шаардлагатай. Хөрөнгө оруулалтаа бодит сектор рүү хийх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хадгалж үлдэх, бизнесийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтын бодлогоо зохиох хэрэгтэй. Ирэх жилийн төсвийн бол “адууныхаа хэрээр исгэрсэн” буюу орлогынхоо хэмжээнд зарлагаа төсөвлөсөн төсөв болжээ. Төсвийн тогтвортой байдлын хуулиар төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байна гээд заачихсан байгаа. Энэ нь одоогийн байдлаар 410 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлахад хуулийн заалттай нийцэж байгаа юм. Гэтэл Чингис бондын мөнгө 1,5 миллиард ам.долларын хэмжээтэй мөнгө байна. Хөгжлийн банкаас урт хугацааны зээл өгөөд томоохон хөрөнгө оруулалтаа санхүүжүүлээд явж байна. Энэ хоёр дээр эрсдэл гарвал хаах санхүүгийн эх үүсвэр нь төсөв л байгаа юм. Төсөв гэдэг бол ард түмний мөнгө. Гэтэл төсвөөс тусдаа явж байгаа энэ хоёр зүйл дээр асуудал үүсэхээр нь төсөв дээрээ тавих юм уу. Санхүүгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ? Энэ нь ойлгомжгүй байна. Ийм учраас үүнийг төсөв дотроо зарлага талд нь оруулж ирэх саналтай байгаа юм. Хэрвээ энэ хоёрыг төсөвт оруулчихвал алдагдал 12 хувьд хүрээд хууль зөрчинө гээд байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын хуулиндаа өөрчлөлт оруулаад зохицуулаад явж болно.
6
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ баталлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талдаа хэр боловсруулагдсан бол?
-Хууль батлагдангуут буцаад мөнгөө бариад гүйгээд ирнэ гэж бодвол гоомой зүйл болно. Гэхдээ хөрөнгө оруулалт эрс багассан. Үүнтэй холбоотой өсөлт саарсан. Хэрвээ хөрөнгө оруулалт хийвэл дөрвөн төрлийн татварын тогтворжуулалтын гэрчилгээ авна. Таны хөрөнгийг нийгэмчлэхгүй, хууль бусаар хурааж авахгүй, нүд үзүүрлэхгүй гэдгийг заагаад өгсөн. Хөрөнгө оруулагч бизнесийн үйл ажиллагаа явуулаад монгол төгрөгөөр баялгаа бүтээнэ. Дараа нь монгол төгрөгөөр бүтээсэн баялгаа аль ч валют руу хөрвүүлэх, хөрвүүлсэн валютаа гадаад улс орон руу шилжүүлэх эрхийг нь хуульчлаад өглөө. Тогтворжуулалтын гэрчилгээгээр 15 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт 20 хүртэл жил хугацаа болгож байна. Нутаг дэвсгэрээ бүсчлээд, хөрөнгө оруулалтыг ангилсан байгаа. Улаанбааатарын бүсээс алслагдах тусам хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж өгч байгаа. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэж зөвхөн гаднаас хөрөнгө оруулалт орж ирвэл хөнгөлөлт үзүүлдэг байса н бол өнөөдөр гадаад, дотоод ялгаваргүй үйлчлэхээрээ онцлогтой.
6
-Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ гишүүнчлэл дээр маргаан дэгдэж байна. Та намын гишүүнчлэлийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулинд нам гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу гэдэг нь асуудал үүсгээд байгаа. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр л аль нэг намын гишүүн болоод байна шүү дээ. Сонирхолтой баримт хэлэхэд хэдэн жилийн өмнө явуулсан судалгаагаар улсын төрийн намуудын гишүүнийг гаргасан судалгаагаар 3,2 сая болчихсон байсан. Хүн амаасаа их улс төрийн намын гишүүнтэй болчихсон. Энэ нь намууд нь өөрсдийн тараасан намын батлахынхаа тоогоор гаргасан байгаа юм. Үнэндээ ч манай зарим иргэд 2-3 улс төрийн намын батлахтай болчихсон байгаа. Тиймээс гишүүнчлэлийн асуудлыг зохицуулах хэрэгтэй. Нөгөө талаас нам гэдэг улс төрийн байгууллага сонгуульд өрсөлдөнө, засгийн эрхийг барина. Санхүүжилтийг нь яаж зохицуулах вэ. Улсын төсвөөс авч өгөөд байх уу. Одоогийн практикаар хандиваар санхүүжих юм уу. Миний бодлоор намуудыг улсын төсөв дээр авч явах ёстой гэж бодож байна. Ингэж улсын төсөв дээр авч явж байж энэ олон намуудыг наад зах нь үзэл баримтлал, үнэт зүйлсийг нь олон нийтэд хүргэх ёстой. Гуравдугаарт нам өмчтэй байх уу. Зарим нам өөрийн өмчтэй, тэрийгээ түрээслүүлж байна. Гэтэл зарим нь өрөө түрээслээд амьдарч байна. Байртай, түрээслүүлдэг нам нь сонгуулиар ялдаг жаяг байна. Намын өмч гэдгийг яаж ойлгох вэ. Үүнийг нэг мөр цэгцлэх шаардлагатай юм. Нам гэдэг нэг талдаа олон түмний үүсгэл санаачлагын байгууллага. Хүмүүс эвлэлдэн нэгдэж, бодлогоо тодорхойлон, сонгуульд өрсөлддөг. Нөгөө талдаа парламентад суудалтай болчихбол төрийн статустай байгууллага болж байна. Нам төрийн бүтцийг хэлэлцэж байна. Ийм байгууллагыг цэгцэлж, нэг тоглоомын дүрэмтэй болгомоор байна. Өнөөдөр намын дүрэм тус тусдаа байна. Одоо гол харилцааг нь хуульчлаад өгчих хэрэгтэй. Намуудын тухай хууль гарсны дараагаар нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй.
6
-Нэр бүхий гишүүдийн оруулж ирж байгаа Өршөөлийн тухай хуулийг цаг үеэ олсон гэж бодож байна уу?
-УИХ-ын 24 гишүүн санаачлан өргөн барьж байна. Төр аль нэг цаг үедээ өршөөл үзүүлж ирсэн. Гэмт хэрэгтэн гээд хүнийг уучлахгүй байж болохгүй. Амьдралдаа санамсаргүй алдаж, эндэн ял эдэлж байгаа хүмүүс олон байдаг. Тэдэнд нэг удаа өршөөл үзүүлэхэд амьдралаа цааш аваад явдаг. Ялыг нь заавал бүтнээр нь үзүүлнэ гэдэг буруу юм билээ. Өршөөлийн хуульд анх удаа гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаа болон эмэгтэйчүүдийг голлон хамруулахаар заасан байна лээ.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ