Улсын анхдугаар олимпиадын нээлт болов

img

Монгол  Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож буй “Зураг төслийн автоматжуулсан систем CAD/CAM-ын улсын анхдугаар олимпиадын нээлт Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр өчигдөр болсон. Нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцож үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ “Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооныхон Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж, бид японы үйлдвэрлэгчидтэй  хамтарч машины эд анги хийж байна. Энийг дэмжин шинэ салбар гаргаж ирэх шаардлагатай байна гэсэн юм.  Монгол Улс үйлдвэрлэгч орон болох ёстой гэсэн үзэл баримтлалыг аль ч нам сонгуулийн болон үйл ажиллагааны  хөтөлбөртөө тусгасан байдаг. Монгол өнөөдөр энэ чиглэл рүү анхны алхмуудыг  хийж байгаа.

Монгол  Улсын Ерөнхийлагч ч үйлдвэржилтийн асуудлыг анхааралдаа байлгадаг  юм. Тиймээс Ерөнхийлөгч энэ   олимпиадыг дэмжин жил бүр зохиодог байя, бас ивээлдээ авья гэж үзсэн юм. Ингээд  та бид өнөөдөр энэ олимпиадынхаа нээлтийг хийж байна. Нөгөөтэйгүүр японоос ирсэн хамтран ажиллагч компанийн нь захирал нь бидэнтэй уулзаж, монголчуудын оюуны чадавхи, хөдөлмөрийн бүтээмж япончуудынхаас дутахааргүй юм гэж хэлж байсан. Энэ хүн монголд нэлээд хэдэн жил ажилласан юм билээ.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Японд айлчилж, олон зүйлийг ярилцан зөвшилцсөн. Тэдний нэг нь японы технологийг монголд ургуулах асуудал байсан. Миний бодлоор тэр технологийг ургуулах гэж буй хүмүүс өнөөдөр энэ олимпиадад оролцож байна. Японы технологийг монгол инженерүүд нэвтрүүлж, улам нарийсган хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. CAD/CAM-ын улсын анхдугаар олимпиадад оролцож буй инженер, оюутан залуучууддаа амжилт хүсье” гэлээ

Олимпиадын нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Л.Эрхэмбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Цахилгаан тээвэр компанийн захирал Д.Жаргалсайхан, ШУТИС-ийн удирдлагууд оролцов. Олимпиадад 81 оюутан, 46 инженер техникийн ажилтан оролцохоор ирсэн байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ