МАН ирэх оны төсвийг эргүүлэн татахыг мэдэгдэж, Засгийн газар “гэдийв”
Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх оны төсвийн тухай хуулийн танилцуулгыг хийсэн юм. Ингэхдээ ирэх оны төсөвлөсөн орлого зарлага, урсгал зардал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөөллийг дурдахаас илүүтэй өмнөх жилүүдтэй энэ удаагийн төсвийг харьцуулан ярьж байв. Улсын төсөв жил бүр нэмэгдсээр ирсэн байна. 2000 онд манай улс нийтдээ 430 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2013 онд 7.4 их наяд болж өсчээ. Төсвийн өсөлтийг дагаад төсвийн зарлага ч өссөн. Тухайлахад урсгал засвар, эд хогшил худалдан авах, гадаад дотоод томилолт, сургалт, хурал зөвлөгөөний зардал гээд бараа, үйлчилгээний зардлууд 2000 оныхоос 9 дахин, зөвхөн урсгал зардал 11 дахин өссөн дүнтэй байна.
6
Ямартай ч ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд 200 тэрбумыг нөөцөлж, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг, оюутны тэтгэлгийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор төлөвлөжээ. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилга, байгууламжийн төсөвт өртөг байнга нэмэгдэж, ашиглалтад оруулж чадаагүй олон жилийн дамнаж үргүй зардал гаргадаг талаар тоо баримттай дурдаж байлаа. Зөвхөн барилга дээр гэхэд 12 мянган ажил, ажилбараар төсөвт өртгийг зохиодог нь үндэслэлгүйгээр өртөг өсгөдөг нэг арга болсонд шүүмжлэлтэй хандаж байлаа. Жишээ нь Сэлэнгэ аймагт анх 800 сая төгрөгийн төсвөөр барьж эхэлсэн усан спорт цогцолборын барилга 4,5 тэрбум, 3,1 тэрбум төгрөгийн төсөвтэй эхэлсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 10 тэрбум төгрөгөөр босохоор болсон байна.
6
2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувь буюу 7 их наяд 270 тэрбум төгрөг, нийт зарлагыг 7 их наяд 686.3 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тэнцэж байхаар баталжээ. Гэвч энэ оны төсвийн орлогын гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, улс орны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуульд заасан шаардлагуудын дагуу ирэх онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд 865 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 405 тэрбум төгрөгөөр, нийт зарлага 7 их наяд 275.1 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс 411.3 т эрбум төгрөгөөр тус тус буурч, төсвийн нийт алдагдал 410.1 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьдаа багтахаар баталжээ.
6
Ерөнхий сайд танилцуулгын дараагаар гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. Эхний ээлжинд Д.Оюунхорол гишүүн асуулт тавихаар кноп дарсан байв. Гэхдээ эрхэм гишүүн асуулт гэхээсээ ирэх оны улсын төсвийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэг ажлын хэсэг гарган ажиллуулж санал, дүгнэлт гаргасныг танилцуулсан юм. Уг мэдэгдэлд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл хэрэгжихгүй болж, гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар огцом буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн 3,4 их наядад хүрч, инфляц 10 хувиас давж байна. Монгол Улсын валютын нөөц огцом багасч, экспортын түүхий эдийн үнэ ханш өсөхгүй байх нь тодорхой болж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Монгол банк Засгийн газраас хамтарч хэрэгжүүлсэн гурван их наяд төгрөгийн өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр нь үр дүнгээ өгсөнгүй. Үнэ нь тогтворжих ёстой орон сууцны үнэ ам.метр нь 1,2 сая төгрөг байсан бол хоёр сая төгрөгт хүрч 60 хувиар, “Атар” талх 630 төгрөг байсан бол 850 төгрөг болж 30 хувиар өссөн. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдийн амжиргааны түвшин доройтож, валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар суларч байхад цалин, тэтгэвэр, тэтгэмж нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй. Үндэслэл тооцоо муутай, амьдралаас тасархай, алдаатай хийгдсэн 2013 оны төсөв, мөнгөний бодлогыг сөрөг үр дагавар амьдрал дээр илэрч байгаа энэ нөхцөлд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2014 оны төсвийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газар эргүүлэн татаж, хуульд нийцүүлэн засаж оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.
6
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Гурван төсөвтэй болчоод байгааг юу гэж ойлгох вэ? Төсвийн тодотголоо урьдчилан оруулж шаардлага байна. Яагаад ирэх оны төсвөө Засгийг газар эхэлж оруулаад ирсэн бэ? Төсвийн тогтвортой байдлын хуулийг зөрчөөд байгааг яах вэ? Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаад байна.
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Гурван төсөвтэй болчихоод байна гэдэг нь ташаа ойлголт юм билээ. Хөндлөнгийн хүмүүс дүн шинжилгээ хийж байгааг нь би дэмжсэн. Манайх нэг л төсөвтэй байгаа. Харин бондын мөнгийг төсөв рүү оруулаагүй, урсгал зардалд оруулсан гэдгээ хэлсэн. Энэ оны төсвийн тодотголыг өнөө маргаашгүй оруулна. Эхлээд ирэх жилийнхээ төсвийг хэлэлцээд, асуулт хариултаа явуулсны дараагаар тодотголоо оруулж ирсэн юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчсөн гээд яриад байна. Та нар энэ айлыг цааш нь дампуураад яваг гэж хүсээд байгаа юм уу. Манай шинэчлэлийн Засгийн газар зарлагыг өндөр байлгамааргүй байна. 2013 онд бидний баталсан зарлагаас 200 тэрбум төгрөгөөр багасгасан зарлагатай явмаар байна. Би гэрийн эзний хувьд ийм зарлага хийж байна. Валютын ханшны өөрчлөлт гарсан. Цементийг үнэ хэлбэлзсэн. Гэхдээ бид үнийг барьж чадсан. Өнгөрсөн жил нэг тонн цемент 230 мянган төгрөг байсан Бид арга хэмжээ авсны үр дүнд хавар таван сар нэг тонн цементийн үнийг 135 мянган төгрөгт барьсан. Сүүлийн нэг сар энэ нь өөрчлөгдсөн. Инфляци нь бүх юмны нийлбэр өөрчлөлтөөс хамаардаг. Юманд туйлширсан байдалтай хандаад байгаад гайхаж байна.
6
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Төсвийн тодотголыг жил бүр хийж ирсэн. Тэр ч утгаараа энэ жил мөн төсөвт тодотгол хийнэ. Төсвийн тодотголыг хуулийн дагуу явуулна. Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд зардлыг бид бууруулж оруулж ирж байгаа. Бид эрхзүйн орчноо өөрчлөх цаг болжээ. ДНБ өслөө гээд зардлаа өсгөөд байж болохгүй. Төсвийн өсөлт дээр бодитой зүйл ч байна, хөөсөрсөн зүйл ч байна. Тиймээс төсвийн эрхзүйн орчин, хандлагаа өөрчлөх ёстой гэсэн уриан дор оруулж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхдээ хөөсөрсөн үнийн бус бодит байдал дээр нэмэгдүүлэх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил тухайн жилдээ, цаг хугацаандаа багтаж ашиглалтад ордог болмоор байна. Энэ утгаараа хөрөнгө оруулалтыг таван жилээр баталдаг тогтолцоо руу орох шаардлага байна. Үүнтэй холбогдуулан бид судалгаа хийсэн. Үүнийг ч бас хэлэлцүүлнэ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд хэлэлцээд явж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж байна. 2014 он гэдэг бүтээн байгуулалтын жил байгаасай, хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байгаасай гэж бид хүсэж байна.
6
УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин:
-Манай бүлгийн дүгнэлтээр Төсвийн хүрээний мэдэгдэл зөрчсөн байна, бодлогогүй байна, мөрөөдлийн тоо байна гэж дүгнэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллээс харахад барилгыг нь барьж дуусгах юм уу, бүүр зогсоох юм уу. Цалин, тэтгэвэрийг хэдийд нэмэх гээд байгаа юм. Инфляцийн төвшинтэй холбогдуулж цалин нэмэх эсэхийг шийднэ гэж байна. Ер нь цаашид цалин нэмэхгүй гэж үзээд байна уу. Сангийн яамтай Ерөнхий сайд санал зөрөлдөөд байна гэж байна. Яагаад танхим дотроо учраа олж чадахгүй байна вэ?
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Засгийн газар хууль зөрчөөгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж нөөцөлсөн. Гэхдээ хэдийд нэмэхийг хэлэхгүй. Хэлчихээр цалин, тэтгэвэр нэмсэн болдоггүй. Барааны үнэ нэмэгдчихдэг. Дутуу баригдсан барилгуудыг хувьчилж болох байх гэж бодож байна. Сангийн яамны барилгыг нэмж бариад дөрвөн давхар байшинд багтдаг байсан хүмүүс одоо есөн давхар байшинд бас л багтахгүй байна. Шаардлагагүй байшин барилга нэмж барихгүй. ТЕГ-ын байшин 23 тэрбум төгрөгөөр босно гээд. Гэтэл дахин 13 тэрбум төгрөг нэмэх гээд явж байна. Төрийн байгууллага урсгал зардал маш их нэмэгдэж байна.
6
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Бодлогогүй байна, огт судалгаагүй байна, хууль зөрчиж гэж байна. Ийм зүйл байхгүй, Монгол улсын хуулийг ягштал мөрдөж оруулж ирсэн. Манай төсөв өнгөрсөн хугацаанд маш их нэмэгджээ. Ард иргэдэд хүрдэг үйлчилгээ чанартай байх ёстой. Бид хуулиа эргэж харах шаардлага байна. Тиймээс засч залруулах шаардлагатай байгаа юм. Бидний ирээдүй сайхан байгаа.
6
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Макро эдийн засгийн асуудлаар ярих болов уу гэж Ерөнхий сайдыг бодож байтал хөрөнгө оруулалт, дутуу баригдсан барилга ярьсаар байгаад дууслаа. Өнөөдөр 1,5 их наядаар төсөв дутаад байна. Гадаад худалдааны алдагдал гурван их наяд гараад явчихсан байна. Энэ нөхцөлд ямар дүгнэлт хийгээд байна вэ?
6
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр:
-Иргэдээс санал аваад боловсруулсан төслөө батлуулахаар оруулж ирнэ. Ингэхдээ холбогдох хуулийн дагуу оруулж ирнэ. Бид олон хуулийг эргэж харах шаардлагатай байгаа. Манай орон нутгийн удирдлагууд зөв зохион байгуулаад, бүтээн байгуулалтаа иргэдийн саналаар шийдэж явах хэрэгтэй юм. Өнгөрсөн жил төсөв хэрхэн баталсныг мэдэж байгаа. Нүүрс, алт зэргийн үнэ буурсан. Энэ хэрээр татвар буурсан. Эхний ээлжинд шилжиж байгаа объектуудаа дуусгахаар ярьж байна. Шинэ объект барихгүй.
6
Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан 13 цагт завсарлаж, гишүүдийн асуултаар үдээс хойшхи дахин үргэлжилсэн юм.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ