Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг сайжруулах талаар хэлэлцлээ

img

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санаачлагаар газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулах чиглэлээр төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж цаашид түншлэлийг сайжруулах боломж, арга замыг тодорхойлох зорилготой уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх эрх бүхий 54 аж ахуйн нэгж, 4 төрийн бус байгууллага, Нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах холбоодын 70 гаруй төлөөлөл оролцов.

Зөвлөлдөх уулзалтанд төр-хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт хийж, байгаль орчны нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх боломж, цаашид анхаарах асуудлыг хамтран хэлэлцэж тодорхойлов.

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн өнөөгийн байдал нь зөвхөн аж ахуйн нэгжийн өөрсдийн менежмент зохион байгуулалтаар явуулах эрхийг нээж өгсөн боловч, төрийн байгууллагаас үзүүлж буй эрх зүйн дэмжлэг, зохицуулалт нь тодорхой бус, хувийн хэвшлийн байгууллагын хариуцлага сул байгаа тул, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Цаашид газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийн арга хэлбэрийг оновчтой тодорхойлж, хоёр тал харилцан ашигтай, хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх тал дээр санал нэгдэж, дараах саналуудыг гаргав. Үүнд:

            1. Адилхан хоёр төрийн байгууллага, ижил төрлийн ажлыг захиалан гүйцэтгүүлэхдээ харилцан адилгүй шаардлага тавьдаг, тухайн ажлын хамрах хүрээ, хэмжээнээс илүү шаардлага тавьж байгааг өөрчлөх;

            2. Хувийн хэвшлийн захиалгат ажлыг хийж болж байна, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй төрийн захиалгат ажлыг хийхэд адилхан нөхцөлтэй боловч, шаардлага өндөр, ижил төрлийн олон ач холбогдолгүй тусгай зөвшөөрөл шаарддагыг нэгтгэн зохицуулалт хийх;

            3. Эрх бүхий мэргэжлийн байгууллагын хийсэн биологийн нөхөн сэргээлтийн ажлын чанар, үр дүн сайн байгаа тул, цаашид зөвхөн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар биологийн нөхөн сэргээлт хийлгэх хөшүүрэг, эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

            4. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг гадаад улсаас оруулж ирэхэд татварын хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлэх;

            5. Төртэй шууд харьцах нь аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндрэлтэй, нөхөн сэргээлтийн чанарт сайнаар нөлөөлөхгүй байгаа тул, хяналтыг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэрээний үндсэн дээр хөндлөнгийн гуравдагч этгээд эсвэл аудитын байгууллагаар хийлгэх;

            6. Газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чанарыг сайжруулахад бүс нутгийн болон тухай төслийн онцлогт тохирсон аргачлал, стандарт, эрх зүйн зохицуулалтыг бий болгох, сайжруулах;

            7. Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагуудыг чадавхижуулах, хамтын ажиллагаа, уялдааг хангахад төрийн байгууллагаас зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх;

            8. Нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн гүйцэтгэхэд нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг хүлээн авах хугацааг нөхөн сэргээлтийн ажлын онцлог, эцсийн үр дүнд тулгуурлан хугацааг бодитойгоор төлөвлөх зохицуулалт хийх;

            9. Биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хамгийн тулгамдаж буй асуудал болох тухайн бүс нутаг, газрын онцлогт тохирсон ургамлын үрийн сан, нөөцийг бүрдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;

10. Нөхөн сэргээлт задлын үнэлгээг бодитойгоор тооцох, арчилгаа, мониторингийн зардлыг орхигдуулахгүй байх, хатуу хугацаа тогтоохоос аль болох зайлсхийж, эцсийн үр дүнд чиглэсэн бодлого, зохицуулалтыг бий болгох;

11. Хаалтын нөхөн сэргээлтийн аргачлал, журамыг яаралтай батлах;

12. Төрийн байгууллагын зүгээс дараа онд хийгдэх нөхөн сэргээлтийн ажил, төсөвт өртгийн талаарх мэдээллийн ил  тод байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудтай илүү ойр нягт ажиллах зэрэг саналуудыг гаргаж, газрын хэвлийн нөхөн сэргээлтийн талаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллах боломж, эрх зүйн зохицуулалтыг улам тодорхой болгоход цаашид хамран ажиллахаар тогтов.

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ