Анкара хотын бүтээн байгуулалтын туршлагыг нэвтрүүлнэ
УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй монголын парламентын төлөөлөгчид энэ сарын 9 -13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айчлал хийлээ. УИХ-ын дарга Турк Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Туркийн нийслэл Анкара хотын бүтээн байгуулалттай танилцсан юм. Анкара хотод гэр хорооллыг барилгажуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлж иргэдээ тохилог орон сууцаар хангахаас гадна, хот тохижилтын асуудлыг нэгэн зэрэг шийдэж ирсэн байна.
Турк улсын барилгын салбар дэлхийд дээгүүрт бичигддэг бөгөөд дэлхийн шилдэг 225 барилгын компанийн 33 нь Туркийн үндэсний бүтээн байгуулагч компани юм. Барилгын үйлчилгээний чиглэлд Хятад улсын дараа дэлхийд хоёр дугаарт бичигдэж байна.
Улаанбаатар хотод гэр хорооллыг барилгажуулах ажил ид өрнөж байгаатай Туркийн талаас холбогдох албаны хүмүүс өмнө нь танилцаж байжээ. Тиймээс танай улсын өргөн уудам нутагтай хот төлөвлөлтийг дахин цэгцтэй хийж цогцоор нь шинэчлэхэд Турк улс арвин туршлагаасаа хуваалцахад бэлэн гэдгээ Анкара хотын дэд Ерөнхийлөгч хэллээ.
Турк улсын тухайд өмнө нь манайхтай ижил газрыг замбараагүй олгосноос иргэд, хотын захиргаа хоёрын хооронд удаан хугацааны шүүхийн маргаан гарч байжээ. Энэ бүгдийг шийдсэний эцэст өнөөдрийн Анкара хот улам бүр өнгө засаж байгаа юм гэдгийг хотын орлогч хэлж байлаа.
1 кв /метр барилын өртөг Туркт 350 орчим ам.доллараар босдог бол орон сууцны хэмжээ нь манай улстай адил 80 кв/метрээс дээшээ олон сонголттой баригддаг байна.
Монголын парламентын төлөөлөгчдийг Анкара хотын бүтээн байгуулалттай танилцах үеэр Монгол Улсад орон сууцны хороолол барихад зориулж 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэхэд Ерөнхий сайд Р.Т.Эрдоан биечлэн анхаарч, дэмжлэг үзүүлж байгаад УИХ-ын дарга талархал илрэхийлээд, гэр хорооллыг хэрхэн шинэ хороолол болгосон туршлагыг нэвтрүүлнэ гэдгээ хэллээ.
Мөн айлчлалын хүрээнд төлөөлөгчид “Хирфанли” усан сангийн үйл ажиллагатай танилцсан юм. Энэхүү усан санг 1953 оноос эхлэн барьж 1959 онд дуусгасан бөгөөд үерээс хамгаалах, усжуулалтанд ашиглах, цахилгаан үйлдвэрлэх зорилгоор барьж байгуулжээ. Усан цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 128 мГв бөгөөд жилд дунджаар 400 мГв цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна гэж
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ