Б.Баатарцогт: Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгохгүй байгаа нь бидэнд хүнд тусч байна

img

Манай улсад геологийн салбар үүсч хөгжөөд 74 дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. Үүнтэй холбоотойгоор бид геологийн салбарын талаар Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогттой ярилцлаа.

6

-Геологийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье.

-Монгол улсад геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд нийгмийн өөр өөр үе шатанд геологийн салбар тухайн үеийн нөхцөл байдалтайгаа уялдаад хөгжиж ирсэн. Тухайлбал, төлөвлөгөөт эдийн засгийн үед геологийн салбарын бүх судалгаа шинжилгээг төрийн оролцоотойгоор хийдэг байсан. Энэ цаг үед олон геологийн суурь мэдээллүүд, зураглалын ажлууд, орд илэрлүүдийг үе үеийн геологчид маань нээж илрүүлж ирсэн. Үүнд тухайн үеийн ЗХУ, социалист орнуудын геологичид багагүй хувь нэмэр оруулсан байгаа.

Одоогийн байдлаар 1:50000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг бүртгэсэн. Цаашид 70 орчим хувьд судалгаа хийх шаардлагатай байгаа. Ингэж байж ашигт малтмалын орд илэрлийг шинээр нээж илрүүлэх болно.

6

-Өнөөдөр төрөөс геологийн салбарт төсөвлөх мөнгө бага байгаагаас судалгааны ажил муудсан гэдэг. Энэ тал дээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Геологийн судалгаа улсын төсөв болон хувийн хөрөнгө оруулалт гэсэн хоёр чиглэлээр хийгдэж байгаа. Төрөөс тодорхой санхүүжилт гаргаж, суурь мэдээлэл бэлтгэх, 1:50000 зураглалын ажлууд, 1:200000 зураглалын ажлууд байна. Мөн сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэ нь Монгол Улсын геологийн судалгааны түвшинг нэмэгдүүлэх, ашигт малтмалын хэтийн төлөвийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулах мөнгө сайн нэмэгдэж өгөхгүй, одоогийн төсвийн байдлаас үүдэж танагдах байдал үүсч байгаа. Гэтэл геологийн салбарыг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэдий чинээ сайн судалгаа хийнэ төдий чинээ тэр мэдээлэлд тулгуурлаад хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Харин 1990-ээд оны эхнээс хувийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төрөөс олгоод хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр хувийн хөрөнгө оруулагч геологийн судалгаа, хайгуулын ажлыг хийж байгаа. Эдгээр ажлыг мэдээж хүчин төгөлдөр байгаа “Ашигт малтмалын тухай”, “Газрын хэвлийн тухай” зэрэг бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тухайн лиценз бүхий талбай дээрээ ашигт малтмалын орд газруудыг нээж илрүүлэх, судлан тогтоох ажлыг хийж гүйцэтгэж байна.

6

-Хувийн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд буурч байгаа. Энэ талаар тодруулаач?

-Хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн 3-5 жилийн хугацаанд буурсан. 2007-2008 оны үед хөрөнгө оруулалт ид ихэсч байсан. Энэ нь тухайн үед эрдэс түүхий эдийн зах зээлд байгаа үнэ өндөр байсантай холбоотойгоор эрэлт хэрэгцээ их байсан. Үүнийгээ дагаад дэлхийн томоохон геологи хайгуулын компаниуд Монголд ашигт малтмалын судалгаа, эрэлт хайгуулын ажилд нэлээд хөрөнгө оруулж эхэлсэн. Үүний дараа “Хайгуулын тусгай зөвшөөрлийг хориглох тухай” болон “урт нэртэй” хууль, дэлхийн зах зээл дэх металлын үнийн уналт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад ашигт малтмалын салбарын хайгуул руу хөрөнгө оруулах нь саарч эхэлсэн. Одоо ч ийм байдалтай байна. Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг олгохгүй байгаа нь бидэнд хүнд тусч байна. Энэ асуудлыг санал боловсруулж, цаашид ашигт малтмалын хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр бид анхаарч ажиллана. Төр засгаас ч мөн анхаарах шаардлагатай байгаа.

6

-Сая батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиуд геологийн салбарт хэр өгөөжтэй болж чадсан гэж та үзэж байна?

-Энэ хууль стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаараад тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангаж өгсөн гэж үзэж байгаа. Бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн байдлаас шалтгаалаад тухайн хөрөнгө оруулалтын гэрчилгээ буюу тогтвортой байх хугацаа нь хамаарч буй юм. Тодруулбал, дэд бүтэц сул хөгжсөн баруун болон алслагдсан аймгуудад ашигт малтмалын хайгуул явуулахад төрөөс эрх зүйн болон татварын орчинг тогтвортой байлгах хугацаа нь арай урт байх жишээтэй. Энэ нь саараад байсан геологийн салбарын судалгаа, хайгуулын ажлыг сайжруулахад хувь нэмрээ оруулна.

6

-Энэ онд ямар хэмжээний ашигт малтмалын нөөцийг эрдэс баялгийн санд бүртгүүлсэн бэ?

-Энэ оны хагас жилийн дүн мэдээгээр алтны үндсэн орд 5-аар нэмэгдсэнээр нийт 9 тонн алтны нөөц, алтны 9 шороон ордын 2 тонн нөөц, 2 холимог металлын ордын 16950 тонн нөөц шинээр бүртгэгдсэн. Харин зэсийн нөөц 260 мянган тонн, гянтболдын нөөц 288 тонн, мөнгөний нөөц 64 тонн, цайр 137 мянган тонн, нүүрс 1.7 тэрбум  тонн, хайлуур жонш 1.1 сая тонн, шохойн чулуу 285 сая тонн, гөлтгөнө 2.4 сая шоо метр, элс-хайрга-шавар 11 сая шоо метрээр тус тус нэмэгдсэн.

6

-Стратегийн гэх ангилалд багтаагүй ч энэ хэмжээний нөөцтэй ордууд манайд олон бий гэж эрдэмтэд ярьдаг. Энэ тал дээр салбарын яамны хувьд хэрхэн хандаж байна?

-Өнөөдрийн мөрдөж буй “Ашигт малтмалын тухай хууль”-д стратегийн орд гэж юуг хэлэх вэ, үүнд ямар шалгуур хангасан ордууд хамаарах вэ гэдэг тодорхой заалт орсон байгаа. Энэ шалгуурыг хангасан ордууд одоогийн байдлаар 15 бий. Үүний дээр нэмж энэ оны эхээр  7 ордыг хамруулахаар УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын тогтоолын стратегийн ордуудын хавсралт гэж байдаг. Үүнд 38 орд багтдаг. Энэ ордуудад одоогоор судалгаа хийж байгаа. Цаашид бидэнд стратегийн орд гэж юуг хэлэх вэ, стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэж юуг хэлэх вэ гэдэг дээр хуулийн тодорхойлолтыг нь нэлээд сайн судлаж, “Ашигт малтмалын тухай” болон бусад хууль тогтоомжуудад оруулж өгөх шаардлага байгаа. Түүнчлэн Монгол улс баялаг ордынхоо нөөцийг үнэн зөв тогтоодог, олон улсын жишигт нийцсэн арга аргачлалаар үнэлдэг, тайлагнадаг систем рүү бид орж байна. Энэ хүрээнд ашигт малтмалын эрж хайх журам, нөөцийн ангиллыг шинээр батлуулсан. Мөн энэ долоо хоногийн баасан, бямба гарагуудад геологичдын баяраараа онол практикийн бага хурал, “Ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг тайлагнах Монгол Улс ба олон улсын стандарт” сэдэвт олон улсын “Work shop”-ийг зохион байгуулах гэж байгаа. Уг хурлын үеэр олон улсын нөөцийн хорооны орлогч дэд ерөнхийлөгч, Австралийн “Snowden” зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн зөвлөх ирж байгаа. Иймээс бид энэ үеэр Монгол улсын шинээр боловсруулсан нөөцийн ангилал, ашигт малтмалын эрж хайх үйл ажиллагааны журам нь  олон улсад хүлээн зөвшөөрөгдөх асуудлуудыг хөндөж ярина. Өөрөөр хэлбэл, бид хийсэн ажлаа тайлагнаад энэ нь олон улсын байгууллагад элсэх шалгуурыг хангавал үүнд элсэх нөхцөлөө бүрдүүлнэ гэсэн үг.

6

-Тэгэхээр манай улсын геологчдын хийсэн судалгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг үү?

-“Work shop”-ийн үеэр бид Монгол улсад ашигт малтмалын нөөцийн экспертийн үндэсний байгууллага байгуулах талаарх төслийг танилцуулах болно. Үндэсний байгууллага гэдэг нь Монгол улсын геологи, уул уурхайн салбарын бүхий л инженер судлаачид үүнд гишүүнээр элссэнээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн геологчийн зэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, бид Монголын үндэсний геологийн салбарын мэргэжилтнүүдийн хийсэн ажил, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ТЭЗҮ, ордын нөөцийн тооцоолол гээд энэ бүх ажлууд олон улсын Хөрөнгийн бирж дээр хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ ажил удахгүй биеллээ олох байх гэж найдаж байна.

6

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод геологийн салбарыг хэрхэн тусгасан бэ?

-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг сайдаар ахлуулан манай яамныхан боловсруулсан. Үүнийг Засгийн газраар хэлэлцүүлж УИХ-д өргөн барьсан байгаа. Үүнд геологийн салбарын талаар хэд хэдэн зүйлийг тусгасан. Нэгдүгээрт, геологийн салбар нь уул уурхайн салбараасаа түрүүлж хөгжих ёстой. Энэ хүрээнд Монгол орны геологийн тогтоцыг судлах ажил дор хаяж 10-15 жилээр уул уурхайн салбараасаа түрүүлж хөгжиж байж ашигт малтмалын салбарынхаа нөөц баялгийг урьдчилан бэлтгэх арга механизм руу орох ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Нөгөө талаас улсын төсвийн хөрөнгөөр хийх суурь судалгаанд зарцуулах хөрөнгийг жил бүр өсгөн нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол улс хэдий чинээ геологийн суурь мэдээлэл сайтай байна, төдий чинээ хөрөнгө оруулалтыг татах болно. Тухайлбал, нэг сая ам.долларыг тухайн улс геологийн суурь судалгаанд зарцууллаа гэхэд энэ нь шууд хөрөнгө оруулалтаар дор хаяж 5-7 сая ам.доллар болж өсдөг. Цаашлаад орд илрэл олсон тохиолдолд 100-150 сая ам.доллар хүртэл анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өсөх статистик тооцоо байдаг. Мөн хувийн хөрөнгө оруулалтыг геологийн салбарт татах бодлого барина. Гэхдээ төрөөс хаана, аль талбайд геологийн хайгуулыг хувийн хөрөнгө оруулалтаар хийж болох вэ гэдгээ урьдчилж зааж өгөх ёстой. Энэ талбайд хувийн хөрөнгө оруулагч нар хайгуулын ажлаа хийгээд орд илрэл олсон нөхцөлд цаашид ашиглах эрх зүйн орчин нь нээлттэй байгаа.

Түүнчлэн ашигт малтмалын болон геологийн бүхий төрлийн судалгааг хийж гүйцэтгэх Үндэсний геологийн албыг байгуулах, бэхжүүлэх ажлыг тусгасан. Энэ нь Монгол улсын газрын хэвлийд байгаа газрын тос, цацраг идэвхт ашигт малтмал, газрын гүний усны, геофизикийн гэх мэтчилэн бүх төрлийн судалгааг багтаасан мэдээллийн санг олон улсын түвшинд хүрсэн техник технологиудыг ашиглан бий болгоно. Үүнийг хөтөлдөг, боловсруулалт хийдэг нэгж нь Үндэсний геологийн алба байх юм гэдгийг тодорхойлсон байгаа.

6

-Геологийн салбарт боловсон хүчин бэлтгэх тал дээр хэр анхаарч байгаа вэ. Бэлтгэгдэн гарч буй геологчдын чанар болон чадвар хэр байна?

-Одоогийн байдлаар МИУС-д газар зүй, геологийн факультет байна. Мөн ШУТИС, Геологи газрын тосны сургууль дээр үндсэн геологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Үүний зэрэгцээ Дархан, Эрдэнэтэд геологийн болон ашигт малтмалын менежментийн чиглэлээр цөөн тооны оюутан бэлтгэгдэж байгаа. Төгсөн гарч байгаа боловсон хүчний чадвар харилцан адилгүй байна. Зарим сургуулийн материаллаг бааз, сургалтын орчин дутмаг байгаатай холбоотойгоор сайн боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа.

Ер нь тухайн салбарын хөгжлөөс шалтгаалаад сургалтын байгууллагуудын чанар түвшин шууд хамааралтай байдаг. Тухайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам салбарт нь суралцаж буй залуусын чадвар төдий чинээ нэмэгддэг жишиг олон улсад бий. Манайд сүүлийн жилүүдэд геологи болон уул уурхайн салбарууд эрчимтэй хөгжсөнөөр энэ салбарт мэргэжилтэн болж ажиллах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчнээ чадавхижуулах шаардлага гарч байна.

6

-Ярилцсанд баярлалаа.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

храө:
геологийн алба байгуулах юм бол АМГ ын БОЛДЫГ тавих л юм өнгөрөө, өрөөндөө ажилаа хийхээ болиод дандаа гадаад улс орноосс ажил хийгээд удаж байнш дээ
2013-10-16
ggмм:
зөв бодлого боловсруулаад дэвшүүлж байгаа санаа чинь зөв байна. Гэхдээ яамны доор бодлогыг чин хэрэгжүүлж байгаа АМГ-ын геологийн албаны хэдэн ДҮНКҮҮ толгойнууд яаж хэрэгжүүлэх юм бол оо. БОЛД гэх мэтийн дүнкүүнүүд, геологийн салбарыг нурааж байна ш дээээ
2013-10-16
145287:
Халзан хуц юу яриад байна. Төрийн ажилд очоод 6 7 жил боллоо чи авилга авахаас өөр юм сурдаггүй юу. Муу бурхан болсон аавынхаа нэрийг бодоод аятайхан байх хэрэгтэй дээ. Хүмүүс ер нь ортой л юм ярьдаг юм шүү дээ. Төрийн ажлыг тийм ч олигтой хийж байгаа нөхөр биш дээ. Тэгж явж золигт гарав даа...
2013-10-16
Garaaa:
Энэ нөхөр зайлуул ер нь асуудлаа ойлгодог юм болов уу. Нэг л ерөнхий давсгүй хоол шиг өлбийсөн юм бувтнаж дээ. УМХЭГ-д байхдаа л авилгач байсан. Одоо ч гэсэн худлаа нөөц аваад л авилгадаад суугаа сураг байсан. Салбарын ойлголт, мэргэжлийн чадвар ч гэсэн чааваас юм шигээ.
2013-10-16
баттогтох:
Баатарцогт даргын баримталж буй бодлогыг бүрэн дэмжиж байна
2013-10-16
уэсм:
хуцдаг гар вэ
2013-10-16
Zochin:
Ilruulsen baigaagaa zambaraatai ashiglaval boloo sh dee.
2013-10-15
Mongol:
Geologiin surguulia EMSHUIS, HAAIS ene ter geed mergejleeree dagnasan surguuliud shg tusdaa, tom mergshvvlsen surguulitai bolmoor yumaa.
2013-10-15