Хоёр гэрчилгээтэй төгсөнө, “Хөтөлгөөтэй морьтой" хүн болно
Кэмбрижийн стандарт буюу олон улсын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчит, анхны лаборатори сургууль бол “Шинэ эрин”. “Монгол тэмүүлэл”, “Шинэ эхлэл” хэмээх “хоёр дүү “ араасаа төрүүлсэн. Кэмбрижийг Монголд нэвтрүүлэх “тулгын гурав”-т 7, 8, 9, 10 дугаар ангийнхан олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байна. Анхдагчид сургуулиа төгсөхдөө дотоодынхоо болон олон улсын боловсролын гэрчилгээг зэрэг гардана. 2013 оноос Улаанбаатарт 9, аймаг бүрт нэг, хос хэлний 30 сургууль байгуулагдана. Монгол улс шалгуурыг давбал 2017 онд Кэмбрижийн хөтөлбөрийг нэвтрүүлсэн орны тоонд орж, дэлхийд зарлагдана. Кэмбрижийн стандарт уян хатан. Үндэсний хэл, соёлоо гээхгүй, өөрсдийнхөө хэн бэ гэдгийг мэддэг сурагчид төгсөн гарна. Монгол хэл, монгол бичиг, Монголын уран зохиол, түүхийн хичээл үзэж, монголоороо үлдэхийн зэрэгцээ англиар эрдэм ном үзнэ. Англи хэл, олон улсын хөтөлбөрөөр математик, хими, физик, биологи, биеийн тамир, компьютер, зураг, бизнес судлал зэрэг 11 хичээл орж байна. Хоёр өөр хэл, хоёр ондоо хөтөлбөрөөр хичээлээ үзэж байгаа юм. Хүүхэд эзэмших мэргэжлийнхээ дагуу хичээлээ сонгоно. Эмч болох хүүхэд гэхэд хими, биологийн хичээлээ сонгон түлхүү үзнэ. Багш, сурагчид багаар ажиллана, хүүхэд дүнгийн хойноос дүмбийтлээ хичээх биш өөрийгөө илэрхийлнэ, илүү чөлөөтэй. Анги бүр нь лабораторитай, үзсэн хичээлээ батлах, турших цаг, боломж олгох нь илүү наалдацтай. Амьдралд хэрэглэх чадвар сууна, цаг хожиж, сонгон суралцана. Монголын болон олон улсын гэрчилгээ хоёуланг нь авна. Маргааш ирээдүйн зүг хөтөлгөө морьтой гарна. Эх орныхоо их дээд сургуульд элсэнэ гэвэл Монголын гэрчилгээ нь хэрэг болно. Харин гадаадын их дээд сургуульд орно гэвэл олон улсын гэрчилгээ нь шалгалт өгөх эрх нээж байна. Дэлхийн 120 гаруй орны 5000 их дээд сургуульд энэ гэрчилгээ нь хүлээн зөвшөөрөгдөнө. Монголд эзэмшсэн ерөнхий боловсролоороо дэлхийд гарах виз гэсэн үг юм. Кэмбрижийн стандартыг Монголд анх хувийн “Орчлон” сургууль нэвтрүүлсэн. Хувийн сургууль анхны шанг нь татсан боловч хүүхэд бүр хамрагдах боломжгүй. Яагаад гэвэл эцэг эхийнх нь ашиг орлого, төлбөрийн чадвараар хязгаарлагдана. Харин төрийн өмчтэй сургуулиудад Кэмбрижийн хөтөлбөрийг төлбөргүй нэвтрүүлэхийн гол шударга тал нь хэр мөнгөтэй айл вэ гэдгээс үл хамааран хүүхдийн өмнө боломж нээгдэж байна. “Шинэ эрин” сургуульд анх 40 сурагч шалгаран сурч эхэлсэн бол өнөөдөр 160уулаа болжээ. Багш нар нь ч сонгон шалгаруулалтанд тэнцэж шүүгдсэн хүмүүс. “Кэмбрижийн гурав”-ын 7-10 дугаар анги бүр хоёр бүлэгтэй, нэг нь 20-иос илүүгүй сурагчтай. Кэмбрижийн стандарт, олон улсын хөтөлбөрөөр хичээллэхийн давуу тал, нээгдэж буй шинэ боломжийн талаар “Шинэ эрин”-ий хүүхдүүд өөрсдөө ингэж бичиж байна. 10а Г.Мөнхболд: Сонгон шалгаруулалтын тухай сонсоод, юунд орж байгаагаа сайн мэдээгүйгээр шалгалт өгч тэнцсэн. Харин шинэ сургуульдаа ороод юуны төлөө сурч байгаагаа ойлгосон. Хамгийн чухал нь Монгол улс сургуулиудаа шинэчлэхгүй бол дэлхийн хөгжил, даяаршлаас хоцрогдох нь. Ирээдүйг тодорхойлох хүмүүсийг өнөөдрөөс бэлтгэж эхэлж байгаад баяртай байна. Бид олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа нь сайхан хэрэг боловч үр дүн гаргах нь чухал. Тоглож наадах сайхан ч одоо би, анги хамт олон маань ч өөрсдийгөө дайчлах хэрэгтэй. Найзуудын минь зорилго хувийн биш хувьсгалынх. Яагаад гэвэл бид одоохондоо олон улсын хөтөлбөрийн эрхийг бүрэн аваагүй байгаа шүү дээ. Миний ачаа нэмэгдэж байгаа хэдий ч бусдыг итгэлийг авч яваа болохоор бахархдаг. ...Нарны гэрлийг биеэрээ хүртэх тул урагшаа тэмүүлэх хүсэл минь оргилсоор байна. 10a Н.Эрдэнэбулган: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын CIE системийг Монголд нэвтрүүлэх том ажилд оролцож байгаа анхны сурагчдын нэг болсондоо маш их баяртай байна. Миний хувьд олон улсын хөтөлбөр ямар ач холбогдолтой вэ? Дэлхий дахинд зөвшөөрөгдсөн сертификат авч, Оксфорд, Кэмбриж зэрэг алдартай том сургуульд элсэн суралцаж, чадварлаг боловсон хүчин болох юм. Гэгээлэг ирээдүй, гэрэлтэй сайхан амьдрал намайг угтаж байна 10а Билгүүн Энэ сургуульд ороод олон өөрчлөлт шарсан шүү. Хуучин бол өглөө хичээл ороход нойрмог, эвшээлгээд л...Ангийнхантайгаа харилцах нь тун бага, чимээгүй суулгах нь их. Энд бол өөр. Илэн далангүй, чөлөөтэй, тэгэхдээ хичээлдээ илүү сонирхолтой, анхааралтай болсон. Ердийн сургуулиас хичээлийн хөтөлбөр нь онцлогтой. Хүүхэд бүр зургаан хичээл сонгох боломжтой. 10а Х.Энхзул ...Манай сургууль, энэ хөтөлбөрийн гол давуу тал нь гэвэл: Хүүхдийг биеэ даахад нь тусалдаг. Хүүхэд бүр зөв боловсон харилцаатай, идэвхтэй, бие биедээ элэгсэг дотно. Багш нар нь сурагчидтайгаа нэг баг болдог. Хичээлээ сонгож үзсэнээр ирээдүйд эзэмших мэргэжилдээ эртнээс бэлтгэж, тууштай, тодорхой зорилготой болдог. Хүн бүр ирээдүйгээ өөрсдөө бүтээдэг. Би өөрийнхөө сайн сайхан ирээдүйг бүтээхээр хөдөлмөр гарган суралцаж байгаадаа баяртай байна. 10а М.Билэгдэмбэрэл Кембрижийн хөтөлбөрөөр үнэ төлбөргүй суралцах анхны дөчин хүүхдийн нэг болсондоо үнэхээр урам зоригтой байна. Хичээлээ хос хэлээр үзэж байгаа нь чанартай өндөр боловсрол эзэмших гүүр юм. Шинжлэх ухааны хичээлүүдийг англиар үздэг нь хүүхдийн идэвх, сонирхол, гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлж байна. Нэг анги 20-иос цөөн сурагчтай, хүүхэд бүрт илүү үр өгөөжтэй. Ялгарах гол онцлог нь ирээдүйд эзэмших мэргэжилтэйгээ холбоотойгоор эцэг эхтэйгээ зөвшилцөн хичээлээ сонгодог. Өдөрт арван цаг хичээллэж бага зэрэг ядардаг ч гэлээ цагаа зохицуулж болж байна. 10а Д.Нарангуа ...Бид эцсийн эцэст өөрсдийхөө төлөө л амьдардаг. Хэн нэгний төлөө ч юм уу, эцэг эхийнхээ дарамт дор хүчээр сурч байгаа гэвэл мэдлэг олж авах нь юу л бол? 10а Ц.Лхагвадулам ...Анги танхим бүр лаборатори, техник багаж хэрэгслээр сайн хангагдсан. Хичээлээ онол талаас нь үзээд, дараа нь лабораторид баталгаажуулдаг. Багаар ажилладаг нь олон улсын хөтөлбөрийн гол давуу тал. Манай сурагчдын багаар ажиллах чадвар нь бусад сургуулийнхаас илүү. Янз бүрийн чиглэлийн клуб ажиллана. Хүүхэд өөрийгөө нээх, нийгэмд байр сууриа олоход нь клуб их тус болно гэдэгт итгэдэг. Кэмбрижийн стандартаар сурах нь олон орны хүүхэдтэй хөл нийлэн алхах, мэдлэг, боловсролоороо өрсөлдөх том боломж нээж өгч байна. 10а Г.Оюундарь Англи, монгол хос хэлээр хичээл орсноор агуулга нь их баялаг болж байгаа. Монголын, олон улсын хоёр гэрчилгээтэй төгсөнө. Гадаадын аль ч улсын их дээд сургуульд элсэх боломж нээгдэж байна. Монголдоо суралцъя гэвэл бас болно. 10а Б.Оюунбат ...Манайх улсын сургууль. Олон улсын стандартын боловсролыг үнэ төлбөргүй олгож байгаа нь хамгийн шударга. Суралцах орчин маш сайн, анги бүрт лабораторитай. Багш, сурагчид нэг баг. Хос хэлээр суралцахын гол давуу тал нь IGCSE шалгалтыг өгч, Монголынхоо болон олон улсын хоёр гэрчилгээтэй төгсөнө шүү дээ. Ирээдүйд улам олон сургуульд хэрэгжээсэй, бүр олон хүүхэд хамрагдаасай гэж хүсч байна. Багш, сурагч бүгд өөрсдөө хичээж чадвал Монголын боловсрол хөгжинө. 10а Б.Пэрэнлиймаа Энд сурч байгаа нь нэг талаас гайхалтай боломж, нөхцөл, нөгөө талаас маш том үүрэг хариуцлага. Бид үнэхээр хичээн суралцаж чадвал зуун зууны түүх болсон алдартай их сургуульд элсэнэ. Харин шалгалтандаа унавал улсынхаа төр засаг, яам, сургууль, багш, гэр бүл, найз нөхдийнхөө итгэлийг алдана. Гэхдээ муу зүйл бодохоосоо илүү хичээх л хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ