Төрийн байгууллагуудын уялдаагүй байдал алдагдалд хүргэдэг
Төрийн өмчийн хорооноос өнөөдөр төрийн өмчит компаниудын талаар олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас наймдугаар сард алдагдалтай ажилласан компаниудыг зарлаж байсан бол энэ удаа алдагдлыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа болон төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
.
Төрийн өмчийн компаниудын бүтээсэн баялаг ДНБ-ийн 23 хувийг эзэлдэг
.
Өнөөдөр Монголд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийтдээ 101 компани байдаг. Эдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 13 их наяд төгрөг байгаа аж. Харин нийт авлага нь 1.6 их наяд төгрөг, урт хугацаат зээл нь 1.9 тэрбум төгрөг, богино хугацаат зээл нь 1.9 сая төгрөг болжээ. Төрийн өмчийн компаниудын бүтээсэн баялаг ДНБ-ийн 23 хувийг эзэлж буй талаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар ярьж байв. Харин нийт орлого нь 3.2 их наяд төгрөг, үүнээс цэвэр ашиг нь 250 тэрбум төгрөг, ногдол ашиг нь 119 тэрбум төгрөг, татварт 98 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэр эхний есөн сарын байдлаар 381.8 мянган тонн зэсийн баяжмал, 2.8 тонн молибден үйлдвэрлэн гаргажээ. Мөн “Багануур”ХК 2593.5 мянган тонн нүүрс, “Шивээ овоо”ХК 1416.2 мянган тонн нүүрс олборложээ.
:
2011 онд дээрх 101 компанид 42448 ажиллагсад ажиллаж байсан бол энэ онд 47069 болж өсчээ. Үүнээс хамгийн их ажилтантайгаараа эрчим хүчний салбар 9617 хүнээр тэргүүлдэг байна. Үүнд удирдах ажилтан нь 109, инженер техникийн ажилтан 2828, үйлдвэрийн ажиллагсадын тоо 6555, туслах ажилчид 122 байдаг аж.
:
Сэтгэл гаргавал алдагдлаа бууруулна гэв
.
Төрийн өмчийн хорооноос төрийн өмчийн 14 компани 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тухай мэдээлж байсан. Эдгээр алдагдал нь тухайлбал нэг тонн нүүрсийг 22000 төгрөгөөр боловсруулж, 18000 төгрөгөөр боруулдаг байсан, нүүрс, цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг чөлөөлөхгүй удаан хугацаанд барьсан гэх мэтээр олон шалтгаан байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан . Үүнээс төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаж байгаа хамгийн гол шалтгаан нь удирдлагын менежмент, төрийн байгууллагын уялдаатай шууд холбоотойг Д.Цогтбаатар дарга хэлж байсан юм. Тухайлбал, ИНЕГ нисэх онгоцоо засварлуулахын тулд МИАТ-ын ангар/онгоцны граж/-д өгч засуулахад жилд 300 сая төгрөг зардаг байна. Энэ шалтгаанаар ИНЕГ-аас МИАТ-д нийтдээ 4.5 тэрбум төгрөгийн өртэй болжээ. Иймээс Төрийн өмчийн хороо уг ангарыг ИНЕГ-т шилжүүлэх замаар дээрх өрийг үгүй болгохоор Засгийн газарт хүсэлтээ хүргүүлсэн байна. Мөн ТЭЦ-IV засвар үйлчилгээний ажлаа хувийн хэвшлийн компаниудаар хийлгэж, жилдээ 1.3-1.7 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Харин ТЭЦ-III уг засвараа ажилчдаасаа баг гарган хийлгэснээр их засвар 480 сая, цалингийн зардлаас 260 сая төгрөг хэмнэжээ.
:
Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 20 мянган тонн ган бөмбөлөг ашигладаг бөгөөд үүнийгээ хувийн компаниудаар дамжуулан өндөр үнэтэй авдаг. Харин Дарханы Төмөрлөгийн үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулснаар 4 сая ам.доллар хэмнэжээ. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьд ч өвөлдөө ажилгүй шахам байдаг үзэгдэл үүгээр дуусгавар болох аж. Энэ мэтээр төрийн байгууллагуудын удирдлагууд ажилдаа сэтгэл гаргаж чадах юм бол энэ мэтээр зардлаа бууруулж, алдагдалгүй ажиллах боломжтойг Төрийн өмчийн хорооны дарга ярьж байсан. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн дарга нь л гэхэд доороо хоёр орлогчтой байдаг. Иймээс энэ явдлыг зогсоож, ажилчид нь даргатай шууд харилцдаг тогтолцоог бүрдүүлэхээ Төрийн өмчийн хорооноос мэдэгдэж байлаа.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ