Ж.Дэлгэрсайхан:Олсныхоо хэрээр зарцуулдаг төсөв хиймээргүй байна

img

“Муу улстөрчид төсвөө дахин тодотгодог” гэсэн үг бий. Тэгвэл манайд төсвийн тодотголыг жилийн жилд л хийж байдаг энгийн үзэгдэл мэт болжээ. Иймээс төсөв хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн талаар эдийн засагчдын байр суурийг бид сонирхсон юм. Ингээд төсвийн талаар Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн зөвлөх, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

5

-Төсвийг их муу төлөвлөж буйгаас тодотгох талаар жил бүр ярьж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Төсөв нэлээд алдагдалтай явж байгаа. Мөн орлого нь ч, зарлага нь ч төлөвлөснөөсөө буурсан. Өөрийн чинь асуусан шиг төсвийг муу төлөвлөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж чадахгүй байна. Орлогоо хэт өөдрөг төлөвлөсний улмаас орлого нь тасарч, үүнтэй холбоотойгоор алдагдал нэмэгдсэн. Тиймээс ч бид төсвөө тодотгохдоо тулаад сууж байна.

Цаг хугацааны хувьд төсөв тодотгох асуудлыг оройтсон гэж үзэж байна. Аль 7, 8 дугаар саруудад хүндрэлүүд ажиглагдчихсан, оны эхэнд бид хамаагүй бага нүүрс экспорлохоо мэдчихсэн байсан. Орлого дутагдана гэдгээ ерөнхийдөө 4-5 сарын үед мэдчихсэн байсан. Тэр үед л арга хэмжээ авч эхлэх байсан юм.

5

-Тэгэхээр жил бүр төсвөө тодотгож байхаар анхнаасаа хэлэлцэхдээ эдийн засагч, судлаачдынхаа санаа бодлыг тусгах хэрэгтэй гэж эрдэмтэд зөвлөдөг. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Нэгдүгээрт, төсвөө төлөвлөх хуулиудаа манайх харьцангуй сайжруулсан. Чамлахаар чанга атга гэгчээр энэ бол багагүй амжилт юм. Хоёрдугаарт, асуусанчилан судлаач, эрдэмтэд, шинжээчдийн байр суурийг ядаж асуух, болж өгвөл тусгаж өгөх ёстой байдал манайд үнэхээр дутагдаж байна. Гэтэл өнөөдөр төсвийн талаар дээд сургууль, эдийн засгийн инститициүд дээр байнгын судлагдаж байгаа. Эдгээр газруудад төсвийг хэрхэн хийх талаар өөрийн гэсэн үзэл баримтлалтай, зөв төсөв боловсруулах талаар хүмүүст сургаж, өөрсдөө судалгааны ажил байнга хийж байна. Хэрвээ тэдний санаа бодлыг үнэхээр сонсдог бол өнөөдөр Монгол Улс 20-оод жил төсвөө хийх хугацаанд төсөв гэдэг зүйл нь өөрийн үндсэн зорилгод нийцсэн байх байсан. Гэтэл үүнийг орхигдуулж ирснээсээ болоод төсвийн үндсэн зорилгод нийцэх байдлыг нь бид өнөөдөр орхичихсон. Өнөөдөр төсвийг бид зөвхөн “Төсвийн тогтвортой байдлын тухай”, “Төсвийн тухай” хуулийн ерөнхий заалтуудад, тоонд л бариулж хийж байгаа. Уг нь төсөв гэдэг нь юу вэ, улс орны эдийн засагт ямар үүрэгтэй вэ гэдгээ ойлгосон агуулгын төсөв хийдэг болмоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсвийн бодлогоо бид маш хүчтэй шинэчлэх ёстой болж байна.

5

-Та агуулгын төсөв хийдэг болмоор байна гэлээ. Энэ талаараа жаахан тодруулаач?

-Бид өнөөдөр төсвийг хийхдээ Монгол Улс орлого олж байна, үүнийгээ зарцуулах ёстой гэдэг үүднээс хараад, орлогынхоо хэмжээгээр зарцуулдаг ийм л төсөв хийж байна. Иймээс орлого ихтэй жил нь идчихдэг, орлого багатай жилдээ төсвөө тодотгодог байж болохгүй.

Төсөв гэдэг зүйл нь өөрөө зөвхөн төрийн үүргээ хэрэгжүүлэх механизм, эх үүсвэр нь юм. Энэ утгаар нь харж төрийн үүргийг хэрэгжүүлэхэд хангалттай төсвийн бодлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, төсөв нь төрийн үүргийг гүйцэтгэх санхүүгийн эх үүсвэр. Гэтэл өнөөдөр олсныхоо хэрээр идэж байгаагаас төсөв хэт өндөр болж байна. Мөн төр бүх зүйл рүү оролцдог болсон. Уг нь төр бол төрийн бодлогыг тодорхойлж, түүнийг нь хэрэгжүүлэн, бизнесийн орчныг дэмжих ёстой. Түүнээс биш бизнест заавал төр хутгалдаад байх албагүй шүү дээ. Энэ утгаараа УИХ-ын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагчид үүнийгээ ойлгож, тухайн яам, Засгийн газрын үүргээ хэрэгжүүлэх механизм юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй.

Төсөв гэдэг зүйл чинь Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засаг, ялангуяа эрдэсийн үнээс хүчтэй хамааралтай болсон. Түүнээс биш жил бүр их мөнгө олдохгүй. Иймд дараа жил ямар байх вэ гэдгээ харгалзаж алсын хараатай, бодлоготой төсөвтэй байх ёстой юм.

6

-Төсөв тодотгохдоо сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хамруулж буй нь харагдаж байна?

-Миний бодлоор төсөв тодотгохдоо төсвийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас бага танах хэрэгтэй. Ялангуяа нийгэм рүү чиглэсэн бүтээн байгуулалт руу. Боловсролыг төр хариуцах ёстой. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй байх асуудал чинь төрийн үүрэг.

Төсвийг танахаа хүрвэл хэмнэх боломжтой зардлууд бий. Урсгал зардал, төрийн яамдын худалдан авалт, томилолт, бичиг хэрэг, ширээ сандлаа солиод байгаа гэх мэт шаардлагагүй зардлуудаа эхлээд танах ёстой. Үүнийхээ дараа бүр арга ядвал тэр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт руугаа ороочээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт руу орох нь нэгдүгээрт, нийгмийн үүрэг нь хэрэгжихгүй. Хоёрдугаарт, эдийн засаг ийнхүү хүндэрчихсэн үед эдийн засаг руу орж буй мөнгө үгүй болдог. Иймээс эдийн засагт улам сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн төсөв хэлэлцэж буй дараалал их буруу байна. Уг нь бол төсвөө эхэлж тодотгоод, 2013 оныхоо алдаа оноог үнэлснийхээ дараа 2014 оныхоо төсвийг хэлэлцэх алхам руу орох хэрэгтэй. Гэтэл одоо энэ хоёрыг зэрэгцүүлээд байгаа нь өөрийгөө эрсдэлд оруулж байна.

6

-Ирэх жилийн төсвийг 2013 онтой харьцуулахад их болгоомжилж, орлого зарлагаа багаар тогтоож оруулсан байна билээ. Та ирэх жилийн төсвийн тухай ямар бодолтой байна вэ?

-Төсвийг багаар тогтоосон гэдэг харьцангуй ойлголт. 2013 оны төсөв 2012 оныхоос нэлээд тэлсэн байдалтай байсан. Анх 7 триллион давсан байснаа танасаар байгаад 6 их наяд гаруй төгрөг болсон. Харин 2014 онд харьцангуй 200 орчим тэрбум төгрөгөөр танасан байна. Энэ бол Монгол Улсын төсвийн хэмжээнд бага мөнгө.

Яахав анх удаа манай улсын төсөв өмнөх жилийн санал болгож байснаасаа харьцангуй багассан, өсөлтгүй орж ирлээ. Түүнээс биш өмнөхөөсөө хэт багасчихсан төсөв биш. Тэгээд ч 2014 оны төсөвийг харахад өмнөх онуудын, ялангуяа 2013 оны алдаагаа давтах магадлалтай байгаа. Жишээ нь, нүүрсийг 30 гаруй сая тонн гэж төлөвлөсөн байсан. Гэтэл өнөөдөр нүүрс экспортлох дэд бүтэц, гадаад харилцаа, нүүрсний бодлогоо бэлдчихсэн байгаа юм уу. Энэ жил гэхэд 33 сая тонн нүүрс экспортлоно гэж байсан ч жилийн эцэст 15 сая тонноос хэтрэхээргүйг л экспортлохоор байна.

6

Эдийн засаг хүнд байгаа үед Монголбанкны явуулсан бодлого зөв байсан

6

-Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөнгөний бодлогын талаар та ямар бодолтой байна?     

-Энэ жил мөнгөний бодлогын их тэлэлттэй байлаа. Дээрээс нь манай улсын гадаад худалдааны тэнцэл алдагдалтай үед Монголбанкийг харьцангуй зөв бодлого барьсан гэж бодож байна. Өнөөдрийн эдийн засаг ийм хүнд, Монгол Улсын хэмжээнд ядуурал их байгаа үед инфляцийг бага байлгах гэж зорих нь зөв. Үүнийгээ дэмжих үүднээс Монголбанк төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Цаашид ч хэрэгжүүлэх бололтой.

Учир юу вэ гэвэл өнөөдөр инфляцийн түвшин их байвал эмзэг давхрага буюу бага орлоготой иргэдэд хүндрэлтэй. Тиймээс энэ зүйлийг бид багаар барихаас өөр аргагүй.

Өмнө нь Монголбанкинд инфляцийг нэг оронтой тоонд барь гэсэн даалгаврыг өгчихөөд Засгийн газар нь төсөв сангийн задгай бодлого явуулчихдаг байсан. Гэтэл тэнд Монголбанк нь инфляциа барих гээд ядаад байдаг. Засгийн газар нь иргэддээ бэлэн мөнгө тараачихдаг. Энэ байдал мөнгөний бодлогын хэрэгжих боломжийг нь хязгаарлаж байсан. Энэ жил Монголбанк анх удаа Засгийн газартайгаа хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд байгаагүйгээр инфляцийг нэг оронтой тоонд нэлээн удаан буюу хагас жилийн турш барьж чадлаа. Үүнийг нь би амжилт гэж дүгнэж байна.

6

-Дотоодын үйлдвэрлэл рүү чиглэсэн бодлого баримталж байгаа. Энэ нь хэр дүнтэй гэж үзэж байна вэ?

-Шуудхан хэлэхэд, үүнийг хэт оройтож байна гэж үзэж байна. Өнгөрсөн 20 жилд юу хийж байсан юм бэ. Бид өнөөдөр ерөөсөө хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайтайгаа сууж байна. Социализмын үед ч ийм л байсан. Бид өнөөдрийн байдлаар тухайн үеэсээ ч илүү эдийн засгийн бүтцээ алдчихсан байна. Импортыг орлох чиглэлийн үйлдвэрүүдээ дэмжих ажлыг аль эрт л хийх ёстой байсан. Иймээс одоо үүнийг хойшлуулшгүй хийх ёстой. Гадаад худалдааны алдагдал, валютын ханшийн савлагаа, төсвийн алдагдал энэ бүх зүйл үүнтэй л холбоотой. Бид хийдэггүй дандаа бусдаас авч байна.

Ийм жижиг улс оронд өөрсдийхөө хэрэгцээг хангах үйлдвэрүүдийг барих ёстой. Үүнийхээ дараа экспортод гаргах, экспортийг төрөлжүүлэх хэмжээний үйлдвэрүүдийг барих хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдсан бодлогоосоо аль болох салж, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих хэрэгтэй. Ийм алсын хараатай бодлого баримтлахгүй хичнээн жил гадны хөрөнгө оруулалт, уул уурхайгаа харж амьдарч, хичнээн удаан ядуу хэвээрээ байх ёстой юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.

6 А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Багш маань зөв л хэлсэн байна. ажлын амжилт хүсье.
2013-10-19