Б.Тулга: Усны замбараагүй хэрэглээ үргэлжилсээр байвал 2020 он гэхэд Улаанбаатар аюулд орно
Байгальд ээлтэй техник, технологийн үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо. Уг уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчинд ээлтэй техник технологийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөл оролцсон. Уулзалтаар байгаль орчинд ээлтэй техник технологийг дэмжих төрийн бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны давуу болон сул талыг дүгнэж, цаашид сайжруулах арга замуудыг тодорхойлох, иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг үйлчилгээг сайжруулах арга замыг олох, мөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнг урьдчилан тооцоолох боломж эрэлхийлж байгаа юм.
6
Энэ үеэр БОНХ-ийн дэд сайд Б.Тулга болон Антрид Сипиүшн компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Мядагмаа нартай ярилцлаа.
6
Б.Тулга: 2020 он гэхэд ногоон эдийн засагтай улс болно
6

-Манайх бол ногоон эдийн засаг руу шилжихэд хамгийн боломжтой улс гэж тооцогдож байгаа. Тиймээс НҮБ-ын харъяа Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд Монгол улсыг 2020 он гэхэд хамгийн эхний ногоон эдийн засагтай улс болгохоор хөтөлбөртөө тусгасан байгаа. Энэ чиглэлээр арваннэгдүгээр сард 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрөө гаргахаар эхний хурлаа хийх юм. Гадныхан биднийг ногоон эдийн засагтай улс болох боломжтой гэж харж байна. Бид ч бас адил. Монгол улс хүнд үйлдвэрлэл хөгжөөд, химийн элементээр хөрс нь бохирдсон нь харьцангуй бага. Ийм нөхцөлд хэдийгээр үнэтэй ч гэсэн хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирээд, дэмжих юм бол ногоон эдийн засагтай улс болох боломжтой.
66
-Үр ашиг нь юу вэ?
-Бид өнөөдрийнхөөр цаашилсаар байвал хэдэн ухсан нүхтэй, усгүй болсон бэлчээртэй, хүн амьтан амьдрахын аргагүй газар нутагтай, ан амьтангүй ийм л улс болно. Манайхаас түрүүлээд хөгжчихсөн улсуудын гашуун туршлагыг давтахгүй байх. Нөөцийг байгаа хэрээр ашиглах нь буруу, харин байгальд хамгийн нөлөө багатайгаар, урт хугацаанд ашиглах нь ирээдүйн зорилго юм байна гэдгийг тодорхойлчихсон. Дэлхийн хүн ам өсч байхад геометрийн прогрессоор нөөц маань хорогдох юм байна. Иймд хамгийн үр ашигтайгаар нөөцийг ашиглах технологийг хөгжлийн чиг хандлагадаа суулгаж байгаа. Монгол улс ийм алдааг давтах биш шинэ чиг хандлага руу үсэрч орох бололцоог хайж байгаа. Энэ нь ирээдүйдээ тогтвортой урт хугацаагаар хөгжих бололцоог нээж байгаа юм.
6
-Байгальд ээлтэй технологийг ашигласнаар ямар өөрчлөлт гарах вэ?
-Жишээ болгоод усыг авч үзье. Усыг бид өнөөдрийн үнэ тарифаараа хэрэглээд байвал 2020 гэхэд Улаанбаатар хотын усны нөөц аюулын түвшинд хүрнэ. Тэгэхээр хэмнэх нь чухал. Хэмнэхийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг дэмжих шаардлагатай. Ингэснээр Улаанбаатар хотын усны нөөцийг яаж ухаалгаар урт хугацаанд ашиглаж болохыг л гаргаж ирэх гээд байгаа юм. Тийм ч учраас усыг цэвэрлэж байгаа тоног төхөөрөмжийг албан татвараас чөлөөлж энэ бизнесийг дэмжиж байна. Усны нөөцийн татварыг бид тавьсан. Өмнө нь усыг үнэтэй зүйл гэж үздэггүй байсан. Зөвхөн тээвэрлэж авчраад хэрэглэгчид хүргэж байгаа зардлыг авч байсан бол одооноос эхлээд усыг тарифтай болгосон. Ус хэмээх баялгийг хэрэглэж байгаа л бол төлбөр төлөх ёстой. Хэрэглээд гарсан хаягдал усаа боловсруулаад ашиглаж байвал татвараас чөлөөлнө.
Өмнөговьд том уул уурхайн төслүүд эхэлж байна. Тэнд нүүрс, алт, зэсэн дээр рояалти буюу түүхий эдийн татварыг авдаг. Гэтэл усан дээр огт авдаггүй. Дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж байгаа өмнийн говийн бүс нутагт зуун жилийн дараа нүүрс, зэс биш ус алт болох магадлалтай. Тэгэхээр өнөөдрөөс тооцох хэрэгтэй. Тиймээс манай яам ус ашиглаж байгаа бол тэр ашигласан усаа эргүүлж ашигла. Нэмэлтээр оруулж ирж байгаа усанд төлбөр авъя. Эргүүлж ашиглаж байгаа усыг харин төлбөрөөс чөлөөлье гэж байгаа юм. Хамгийн удаан ашиглаж болох салбар руу шинээр чиглүүлж байгаа гэсэн үг. Ингэснээр шинэ бизнесийн орчин бий болж байгаа. Ус цэвэршүүлэх байгууламж ашигтай бизнес болж эхэлнэ.
6
-Байгальд ээлтэй төхөөрөмжийг татвараас чөлөөллөө. Ингээд ирэхээр тухайн технологийг хэрэглэх сонирхол нэмэгдэх үү? Өндөр үнэтэй гэсэн шүү дээ?
-Байгальд ээлтэй технологийг бодлогоор чиглүүлж, хамгийн ашигтай бизнес болгох тал дээр бодлого боловсруулсан. Тиймээс татвараас чөлөөлж давуу байдал олгож байна. Эрчим хүчний хэмнэлт, дулааны хэмнэлт гаргадаг, агаарын бохирдол бууруулдаг үйл ажиллагаан дээр урамшуулал олгох. Сурталчилгааг үнэгүй хийх, банкны зээлийг төлөх зэрэг төрийн механизмыг хэрэглэж байгаа. Бүх зүйл дээр төр засгаас хөрөнгө оруулалт хийнэ гэдэг хэцүү. Гадны сайн технологийг оруулан монголын бизнес эрхлэгчдэд хүргэх, цаашлаад нутагшуулах үйл ажиллагаа явуулж байгаа. Ингэхээр хүссэн хүсээгүй хэрэглээд ирнэ.
6
-Энэ салбарт концессийн гэрээгээр хичнээн ажил хийгдэж байгаа вэ? Цаашид нэмэгдэх үү?
-Байгаль орчны салбарт Хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, Цэвэрлэх байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулж үйл ажиллагааг нь авч явах, Усан сан үүсгэх зэргийг концессийн жагсаалтад оруулсан. Энэ жагсаалтад орсон бизнесүүд Монголд ашигтай болж хүн бүр ашгаа хүртэх бололцоог нээж байгаа. Хамгийн амжилттай хэрэгжиж байгаа концесс бол салхин станц. Сэргээгдэх эрчим хүчний эхлэл тавигдчихлаа. Цааш үргэлжлүүлэхээр хувийн хэвшил хөөцөлдөж байгаа.
7
Ж.Мядагмаа: Уул уурхайн хаягдал усыг дахин ашиглана
6

-Энержи Ресурс компанитай хамтарч Ухаа худаг дахь хаягдлын даланг шүүн тунгаах, шүүгдсэн усаа дахин ашиглахад зориулсан технологийг Монголд нэвтрүүлсэн. Манайх Австрид төвтэй компани. 2013 оны нэгдүгээр сараас албан ёсоор Монголд салбараа байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан усыг шүүн тунгаагаад, шүүгдсэн усаа 95 хувь хүртэл ашиглах төслийг хэрэгжүүлсэн. Говь нутгийн бүсэд ус ховор байгаа үед их хэрэгтэй төсөл, байгаль орчинд ээлтэй. Гол онцлог нь аль ч уул уурхайгаас гарсан усыг шүүн тунгаагаад усаа дахин ашиглах боломжтой. Мөн хотын лаг шаврыг шүүн тунгаах тоног төхөөрөмж бий.
5
-Уул уурхайн компаниуд хаягдал усыг дахин ашиглаж байна уу?
-Хоцрогдсон байдалтай байгаа. Уул уурхайн салбарын баяжуулах үйлдвэрүүд хаягдлын даланд онц ач холбогдол өгдөггүй. Гэтэл тэр далангаас ууршилт явагдаад ус нь алдагдаж байдаг. Хаягдал дотор хэрэгтэй эрдэс бодис бий. Тэгэхээр хаягдлын даланг системтэйгээр уул уурхайн ашигт малтмалыг баяжуулах үйлдвэрт ТЭЗҮ хийх шатандаа хаягдлын даланг хамтад нь шийдэх шаардлага тавьсан байвал уурхай нээгдэх үед хяналт тавих боломжтой.
Хаягдал усыг 95 хувьтай ашиглана гэдэг маш өндөр үзүүлэлт. Хуучин бол 20-30 хувьтай л байсан. Хаягдлын далан руу орж байгаа нунтаг нүүрс дороо тунахаар дээр нь байгаа бага хэмжээний усыг халиулаад гаргаж ашиглаж байсан. Ил задгай учраас ууршаад байдаг. Манайх шууд үйлдвэрээс гарсан хаягдал усыг машинаар шүүгээд, усыг хэрэглэж байгаа учраас алдагдал байхгүй.
6
Ц.Золзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ