А.Эрдэнэбат: Галт зэвсэг гэдэг жолоо барихаас илүү аюултай зүйл
Галт зэвсэг эзэмшиж буй хүн бүр жил болгон өөрийн эзэмшлийн галт зэвсгийг өөрийн оршин суугаа харъяа дүүргийн цагдаагийн байгууллагийн галт зэвсэг хариуцсан байцаагчид бүртгүүлж байх үүрэгтэй. Тэгвэл энэ жилийн бүртгэл энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд улс орон даяар явагдаж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбатаас тодрууллаа.
6

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль 2001 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр батлагдан гарч өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг хуулинд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр улиралд улс орон даяар галт зэвсгийг бүртгэлжүүлэх ажлыг ЦЕГ–ын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулдаг. Улсын хэмжээнд 40 мянга гаруй галт зэвсэг байдаг ба үүнээс нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй галт зэвсгийг иргэд ан агнах, спорт сургалт, цуглуулгын, аж ахуйн нэгжүүд нь харуул хамгаалалт, спорт сургалтын зориулалтаар эзэмшиж байна. Тодруулбал, харуул хамгаалалтын зориулалтаар зөвхөн байгууллага эзэмшинэ, ангийн зориулалтаар иргэд, урлаг үзмэрийн зориулалтаар гэдэгт театр, кино урлагийн байгууллагууд, цуглуулгын гэдэгт хөнөөх чадваргүй музейн үзмэрүүд, өвөг дээдсээс өвлөж авсан эртний бууг багтаадаг. Дэлгүүрээс шинээр авч байгаа тохиолдолд мөн манайд бүртгүүлнэ.
6
-Иргэд шинээр галт зэвсэг худалдан авах сонирхол хэр байдаг вэ?
-Ер нь бол их байдаг. 2002 онд батлагдсан Галт зэвсгийн тухай хуульд ямар ч тодорхой шалгуур байдаггүй. Зөвхөн 18 нас хүрсэн, ял шийтгэл эдэлж байгаагүй хүнд өгнө л гэж заасан байдаг. Харин одоо шинээр хэлэлцэгдэж байгаа Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар курс дамжаанд суралцаж байж, галт зэвсэг эзэмших талаар яригдаж байгаа. Үнэндээ манайд галт зэвсэг эзэмших эрх хамгийн сул шалгууртай. Гэтэл жолоооны үнэмлэхийг яаж авдаг билээ. Галт зэвсэг гэдэг жолоо барихаас илүү аюултай зүйл.
6
-Иргэд галт зэвсгээ бүртгэлжүүлэхэд юуг анхаарах вэ?
-Галт зэвсэг бүртгэлжүүлэх сарын хугацаанд амжуулж, харъяа оршин суугаа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст очиж бүртгэлжүүлэх шаардлагатай. Галт зэвсгийн гэрчилгээтэй нь гэрчилгээн дээрээ бүртгэл хийлгэх хэрэгтэй. Хэрэв цагдаагийн байгууллагад бүртгэлгүй хууль бусаар хадгалж байгаа бол галт зэвсгээ бүртгэлжүүлэх үүрэгтэй. Бид бүртгэлгүй галт зэвсэг байна гээд хурааж авахгүй. Галт зэвсгээ бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах гэж байгаа иргэн дараах материалыг бүрдүүлж харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст очих юм. Үүнд:
- Галт зэвсгийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
- Иргэний үнэмлэхний нотириатаар баталгаажуулсан хуулбар
- 3х4 хэмжээний зураг 3 хувь /одоогийн үеийн/
- Тодорхойлолтын үнэ /Төрийн сан 900012034 тоот данс. ЦЕГ-ын Захиргаа удирдлагын газар/ 1000 төгрөг
- Гэрчилгээний үнэ 4800 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012038 тоот данс. ЦЕГ-ын Санхүү аж ахуйн газар/
- Тэмдэгтийн хураамж, 5000 төгрөг тушаасан баримт /Улаанбаатар банк 2611175861 тоот данс. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс/
- Галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон бичиг /Даваа гараг 14.00 цагт, Пүрэв гараг 10.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд галт зэвсгээ 2 ширхэг сум, иргэний үнэмлэхний хамт авч очно/
- Оршин суугаа газрын тодорхойлолт
Дээрх материалуудаа бүрдүүлсэн иргэн заавал харъяа дүүрэгтээ очилгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэсийн байранд байрлаж буй НЦГ-ын Хэв журмын хэлтэст өөрийн биеэр хүрч ирэн галт зэвгээ бүртгүүлж болно. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг НЦГ-ын www.ubpolice.mn цахим сайтаас авч болно.
7
Б.Одон
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ