Хоолны газрынхан “хор” үйлдвэрлэдэг үү
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр “Хүнсний аюулгүй байдал”-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан байдаг. Уг хууль нь хүнсний сүлжээний бүх үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой билээ. Гэвч энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжиж чадахгүй л явна. Нийтийн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажилласаар хоол нэртэй хор үйлдвэрлэж, хүнсний аюулгүй байдал алдагдсаар л байна.
абы
Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас дурьдвал:
Манай улсын аймаг нийслэлийн хэмжээнд нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг 6877 газар байна гэсэн тооцоог Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Гэтэл эдгээрээс 4884 нь буюу 79,3 хувь нь улсын үзлэгт хамрагдсан байна. Үзлэгт хамрагдсан газруудаас үйл ажиллагааны болоод аюулгүй байдлын 11500 гаруй зөрчил илэрчээ. Энэ нь улсын үзлэгээр өгсөн албан шаардлагын биелэлт бүрэн хангагдаагүй байгааг харуулж байна.
гхр
Илэрсэн зөрчлийг ангилж үзэхэд шалгалтад хамрагдсан газруудын 1375 буюу 44,6 хувь зориулалтын бус байртай, 981 буюу 31,8 хувь хоол үйлдвэрлэлийн ажлын байр стандартын шаардлага хангаагүй, 44 хувь хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахгүй, 22,6 хувь нь зориулалтын хөргөх төхөөрөмжөөр хангагдаагүй нь тогтоогджээ. Түүнчлэн үйл ажиллагаа эрхлэх зориулалтын байргүй, хүнсний бүтээгдэхүүнийг ангилан цэвэрлэдэггүй, агааржуулалтын систем нь шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Ийм нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь хоол хүнсний гаралтай эрсдэл гарах магадлал өндөр байлгүй яахав.
өа
Зоогийн газрын эздэд бидний эрүүл мэнд ямар ч хамаа байхгүй, мөнгө л олж байвал үйлчлүүлэгч хордоно уу, хооллоно уу, ямар ч хамаа байхгүй. Монголчуудын сэтгэлгээнд гадны юм чанартай гэсэн ойлголт нэгэнт тогтчихсон. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газрын 30 хувь нь олон үндэстний хоолны газар. Дээрх газруудын чанар, эрүүл ахуйн орчинд шалгалт хийхэд 80 хувь нь зөрчилтэй байжээ. Сая гаруй хүн амтай хотын эргэн тойронд солонгос, хятад, энэтхэг, япон ресторан олон бий.
ёөа
Монгол улс гадаадын иргэдэд нийтийн хоолны газар ажиллуулах зөвшөөрлийг өгдөггүй болохоор гадныхан монголчуудын “судсыг атгачихаж”. Томоохон ресторанууд ихэвчлэн монгол хүний нэр дээр зөвшөөрөл авчихсан хятад, солонгос, энэтхэг эзэн байдаг аж. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газрын ихэнх нь орон сууцны нэгдүгээр давхрын төлөвлөлт, зохион байгуулалтыг өөрчлөн үйл ажиллагаа явуулдаг, эд хогшил, эрүүл ахуйн орчин бохир, хоолны элдэв амтлагч, далайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ хаанаас, ямар шугамаар импортолдог нь тодорхойгүй байжээ. Тиймээс хятадад, солонгост очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц энэ олон нийтийн хоолны газруудыг цөөлж, чанаржуулах цаг нь болсон. Түүнчлэн “Зөөгч авна” гэсэн зар цайны газар бүрийн үүдэнд өлгөөтэй байдаг ч зөөгчөөр ажиллах сонирхолтой хүнийг 10 хоног цалингүй харна гэж ажлуулдаг. 10 хоногийн дараа уучлаарай өөр хүн авлаа гэж хэлээд үнэгүй ажиллуулдаг тухай ч яригддаг. Гол нь түр хугацаанд цалингүй ажиллаж буй зөөгч ямар нэгэн халдварт өвчтэй эсэх нь ч тодорхойгүй.
абө
Хоол хүнсний салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчид зөвхөн ашиг орлогын төлөө улайрч, үйлдвэрлэл үйлчилгээнд хайхрамжгүй хандаж, хяналтын байгууллагаас гаргасан дүрэм журмыг баримтлахгүй аргалаад хахуулдаад өнгөрөх нь цөөнгүй. Хоол хүнсээр дамжин халдварт өвчин гарах эрсдэл их байдаг тул урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай. Тухайлбал, хоол хүнсний салбарт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн мэргэжлийн хүмүүс ажиллуулах, тэднийг сургалтад хамруулах зэрэг дорвитой ажил хийх нь зүйтэй. Ядаж л хумсны будгаа арилгачихсан цэвэр гараар хоол хүнсээ бэлдмээр байна.
ёыЯ
Үйлчлүүлэгчдийн ходоод “хогийн сав” биш учраас хоолны газруудад тавих шаардлага, хяналтаа чангатгаж өгөхийг холбогдох албан тушаалтнуудаас хичээнгүйлэн хүсэх байна.
хөэ
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ