Улс орноо хөгжүүлэх алсын бодлогоо “ Хөгжлийн мод” хэмээн тодорхойлов
Бага хурлын энэ удаагийн хуралдаан бүрэн эрхт Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласны 87 жилийн ойн өдрүүдэд тохиож, шинээр сүндэрлүүлэн босгож, нээлтээ хийсэн Ардын намынхаа төв байр “Тусгаар Тогтнолын Ордон”-ныхоо саруул сайхан танхимд анхлан чуулж байгаад бэлгэшээж байна. Монголын ард түмэндээ, намын бүх гишүүд, дэмжигчиддээ “Тусгаар Тогтнолын Ордон”-ыхоо хүндэт индэр дээрээс, Монгол Ардын Намынхаа нэрийн өмнөөс баярын мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авах, бататган бэхжүүлэх их үйл хэргийг манай нам бүтээсэн. Цаашид ч гэсэн үеийн үед тусгаар тогтнолоо хамгаалан баталгаажуулах, тууштай бодлого чин хүсэл эрмэлзэлтэй улс төрийн хүчний хувьд Монгол Ардын Нам шинээр босгосон энэхүү өргөөгөө “Тусгаар Тогтнолын Ордон” хэмээн нэрийдэхээр шийдвэрлэсэн билээ.
Монгол Ардын нам, түүний мянга мянган гишүүд бүтэн, хагас жарны турш улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцлийн тугч нь, оюун санааны манлайлагч нь, хөгжил дэвшлийн хөтөч нь, их бүтээн байгуулалтын бүтээгч нь байж ирлээ. Ахмад үеийнхний алтан амь, асгаруулсан хөлс, Ардын намын зөв чигч бодлогын үр дүнд манай улсын бүрэн эрх, тусгаар тогтнол баталгаажиж, ард иргэд нь эрх чөлөөтөй, эдийн засаг нь өсөлттэй, хүний хөгжил, нийгмийн ардчиллыг эрхэмлэсэн улс шиг улс болж чадсаныг дэлхий дахинаараа хүлээн зөвшөөрч байна.
Энэ бол Монгол Ардын нам, түүний гишүүдийн бахархах ёстой гавъяа түүх, бас цаашид хамгаалж бататгах, хөгжүүлэн тордох ололт амжилт мөн. Өнгөрсөн 90 жилийн түүх сургамждаа тулгуурлаж, улс орныхоо ирээдүйг бүтээлцэхэд өнөөгийн Монгол Ардын нам илүү үүрэг хариуцлага хүлээж, бүтээснээсээ ихийг бүтээх түүхэн үүрэг даалгавар оногдож байна.
Нэг жилийн өмнө хуралдсан намын XXVI Их хурал энэ талаар түүхэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхэд намынхаа өмнө хамгийн гол ачааг нь үүрч хариуцлага хүлээх ёстой гишүүд нь Та бид мөн. Үүгээр дамжиж манай нам улс эх орон, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байгаа хэрэг юм. Иймд улс орны урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого стратеги зорилттой уялдуулан намынхаа бодлогыг тодотгон хэлэлцэхээр Та бид чуулж байна.
Ингээд Та бүхэнд толилуулах илтгэлээ:
- Улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашид баримтлах бодлого,
- Намын шинэчлэл, үйл ажиллагаа, боловсон хүчний бодлого, түүнд тавигдах шалгуур, хариуцлагын асуудал,
- Сонгуулийн хууль, намаас сонгуульд бэлтгэх ажлын явц гэсэн үндсэн хэдэн асуудалд тулгуурлан бэлтгэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ