Хөрөнгө оруулалт төрд яагаад халтай байна вэ
Дэлхий хавтгайрч бие биенээсээ улам бүр хамааралтай болж байгаа нь далайд гарцгүй хоёрхон их гүрний дунд оршигч Монголд ашигтай. Гэвч хавтгайрал нь улам бүр бүс нутгийн шинжтэй болж өөр өөрсдийн бүс нутгаа хамаарсан эдийн засгийн хил хязгаартай болохыг эрмэлзэх болж. Евро, Шанхайн хамтын нийгэмлэг, Төв Ази, Африк, Латин Америк, Зүүн хойд Азийн гээд дэлхий бөөрнөөсөө ханзарч эхэлж байна. Ам.долларын хаанчлал үгүй боллоо. Шинээр мөнгөн тэмдэгт хэвлээд ч америкчууд энэ том зах зээлийг хяналтандаа байлгаж чадахаа нэгэнт больсон байна. Ам.доллароор л эдийн засгаа төсөөлдөг байсан улсууд валютын ханшийн хэрчлээсэнд хяргагдах болов. Бид ч мөн адил. Ам долларын савлагаагаар эдийн засаг ямар хүчтэй цохилт хүлээв. Хамгаалалт даанч байсангүй. Алдагдалын хариу нь өнөөгийн төсвийн тодотголд сууж байна. Огт төсөөлөгдөөгүй зардал шүү дээ. Бүс нутагтаа хамгийн мундаг менежменттэй гэгддэг банк, санхүүгийн байгууллагууд банк болоод л хөрөнгө оруулалтыг өөр дээгүүрээ дамжин өнгөрүүлж байна.
.
Хөдөлмөрийн бүтээмж муу, олохоосоо алдах нь их техник технологи, түүхий эд худалдан авах, борлуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх хийгээд худалдаалах систем нь хуучин соц нийгмийн үеийнхээрээ, татварын орчин нь дэндүү хүнд чанга энэ улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг их дээрдэж шальдаггүй нь хатуухан хэлэхэд, шууд л бодлого боловсруулагчдад хамаатай. Яахаараа адил төстэй хөдөлмөр эрхэлж байж гадны мэргэжилтнүүдээс 5-6 дахин бага цалин авдаг болж байна аа. Эзэд нь болохоор танай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэд дахин илүү хөлс өгч байгаа шүү гээд гэдийчихнэ.
_
Нэг хүнд ноогдох улсын орлого хэдийн 2 мянган ам.долларт хүрчихээд байхад манай цалингийн систем байдаг л байрандаа. Тэр байтугай нэмэхгүй шүү гэж заналхийлээд байх. Хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх гээд төсөл төлөвлөгөө болосруулаад зээл хүсэхэд “За та нар хойшоо байж бай, эхлээд гадны хөрөнгө оруулагчид аа татья, хөнгөлөлт үзүүлье” гээд Засгийн газар нь учирлана. Олон нийтэд болохоор баахан хөнгөлөлтэй зээл энэ тэр өгөөд байна гэдэг бэлчир дээрээ хэцүүхэн байна аа гээд уйлан дуугарна. Яаж үндэсний үйлдвэрлэл хөгжих вэ дээ. Зээл хүссэн жижиг дунд үйлдвэрлэгчид хөрөнгийн баталгаан дээрээ сөгдөнө. Хэдий завандаа бид үйлдвэрлэгч болдгийм бол бүү мэд. Уг нь эдийн засгийнхаа орчил хөдөлгөөнийг сайн мэддэг тэднийгээ дэмжвэл сайнсан.
.
Саяхан Монголын топ баячуудын жагсаалтыг өдөр тутмын нэгэн сонин дээр хөрөнгө мөнгө юутай нь жагсаажээ. Пү паах болоод зүхэцгээж байна. Хүүе найзууд аа тэр болгоны чинь цаана ажиллагсдынх нь хэдэн зуун өрх айлын амьдрал бий. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг тэд үйлдвэрлэж байгаа. Тэр бүхний татвараар бид нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсээ тэтгэж байгаа. Харамсалтай нь зуучлах үүрэгтэй төр нь хаашаа хийснээ мэддэггүй болохоос биш. Гадаадын хөрөнгө оруулагч нар ч гэсэн баахан төвөгтэй байдалд учирна. Ороод ир л гээд байдаг. Ороод ирэхээр нь ёстой нам цохино доо. Хэсэг нөхөд талбай дээр жагсаад хуулийг нь өөрчлүүлчихнэ. Эсвэл УИХ дахь сонирхол бүхий фракц хуулийн төсөл санаачлаад л маргааш нь хөөгөөд явуулчихна. Гаднаас орж ирж байгаа мөнгийг манайхан шиг хамсч байгаад түлхээд гаргачихдаг ийм орчинд хэн хөрөнгө оруулах вэ дээ. Манай дансанд огт байхгүй мөнгө оруулж ирье гээд байгаа шүү дээ. Айж эмээх маань ердөө л бидний хяналтгүй, задгай байдгийн л шинж шүү дээ.
.
Гаднаас мөнгө авахаа больё, дотоодынхыгоо нам дараад өгье, цугласан мөнгөөрөө сайхан найрлая. Ийм л жишиг олон он удлаа. Хариуд нь эдийн засгаа унагааж, хүн амаа сөхрүүлж дуусах юм биз дээ. Нарийн дээрээ улс орон бүхэнд хөгжлийн хувилбар гэж бий. Өвлийн саруудад хамаг зардал өсч, зуны сарууддаа бүтээн байгуулалт ид өрнөдөг өвөрмөц эдийн засаг өөрөөсөө өвөрмөц л төрийн бодлого, зохицуулалт шаардана. Тэрнээс биш Америк, Хятад, Евро Холбооны улсыг дууриагаад ч нэмэргүй. Дотооддоо ч гадаадад ч халтай энэ төрийн бодлогыг яах вэ, та минь ээ.
.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ