Л.Оюун: Үйлдвэрлэл хөгжиж байж Монгол хөгжинө

img

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхмийн багш доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

.

-УИХ-аар төсвийн тодотгол хэлэлцэж байгаа. Хямралын ирмэг дээр очоод байсан манай эдийн засаг өнөөдөр ямар түвшинд байна вэ?

-Эдийн засаг ер нь хямарсан. Миний харж байгаагаар сэргэх эхний үедээ явж байна. Алсыг хараагүй бодлого их явагдаж байсан нь үнэн. Одоо тэрнийгээ засч залруулаад чигээ бариад явбал сэргэх үүд нээгдэж байна.

.

-Монголбанкнаас явуулж буй мөнгөний бодлогыг Азийн хөгжлийн банкнаас хэтэрхий тэлэлттэй байгааг анхааруулаад, хумихыг санал болгосон. Зөөлөн мөнгөний бодлого зөв шийдэл үү?

-Монголбанкны бодлого дандаа хумиж байсан. Энэ нь эдийн засгийг хумих л гэсэн үг. Мөнгөний тэлсэн бодлого яг цагаа олсон. Тэлсэн бодлого явж байж эдийн засаг өсөх боломжоор хангагдана. Тиймээс тэлэх нь зөв. Гэхдээ огцом биш аажим аажмаар гарах ёстой сувгуудаар нь очих ёстой газарт нь мөнгөө хүргээд байх хэрэгтэй.

.

-Гарах ёстой суваг, очих ёстой газар нь юу байх вэ?

-Очих ёстой газар нь үйлдвэрлэл. Үйлдвэрлэл хөгжиж байж Монгол хөгжинө. Харин ямар сувгаар гаргах вэ гэхээр зээлийн сувгаар гаргана. Механизм нь юу байх вэ гэхээр хүүгийн асуудал. Зээлийн хүү буурах ёстой. Энэ нөхцлийг хангахын тулд бодлогын хүү буурч эхэлж байна. Миний харж байгаагаар Монголбанк эдийн засагт нөлөөлөх механизмаа аятайхан тодорхойлчихлоо. Тэр юу гэхээр хүүний коридор. Хүүний коридор нь Монголбанк хүүгээ барих боломжийг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас арилжааны банкууд зээл авна. Тэр зээлийгээ аж ахуй нэгжүүдэд зээлдүүлэн шилжүүлнэ. Тэгэхээр бодлогын хүүтэй уялдаад арилжааны банк нь төв банкнаас авах зээлийн хүү банкны зардлыг нөхөөд цаашаа жоохон нэмэгдээд ашгийг аваад аж ахуй нэгжид очих ёстой. Төв банкны үнэт цаасыг авсан тохиолдолд арилжааны банкууд төв банкнаас зээл авах боломжтой. Энэ бол нэг нөхцөл. Төв банкнаас хямдхан хүүтэй зээл авмаар байвал эхлээд бодлогын хүүгээр Төв банкнаас үнэт цаасаа худалдан ав л гэсэн болзол. Энэ тохиолдолд үнэт цаас авна гэдэг нь бодлогын хүү аливаа хүүнүүдийн суурь болох болно. Төв банк эцсийн зээлдүүлэгч. Арилжааны банкинд эх үүсвэр хэрэгтэй бол төв банкинд л ханддаг.

.

Төв банк нь зээл өгөхдөө бодлогын хүүтэй уялдуулсан хүүгийн нормоор өгнө. Уялдуулж өгөх тэр механизмаа хүүний коридор гэдгээр хэрэгжүүлж байгаа юм. Хэрэв төв банкны үнэт цаасыг арилжааны банк авсан бол төв банкинд мөнгө ирнэ. Тэр мөнгөө буцаагаад арилжааны банкинд бага хүүтэй зээлдүүлнэ. Хэрэв арилжааны банк үнэт цаас худалдан аваагүй бол өндөр хүүтэй зээл өгнө. Тэгэхээр арилжааны банк төв банкнаас бага хүүтэй зээл авахын тулд заавал үнэт цаас худалдан авах ёстой. Энэ асуудлын хүрээнд л хүүний коридор үйлчлээд байгаа юм. Тиймээс эдийн засагтаа бага хүүтэй зээл өгөх механизмаа төв банк бий болгосон.

.

-Тэгвэл эсрэгээр нь мөнгөний хатуу бодлого баривал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Мөнгөний хатуу бодлого баривал ахиад л үйлдвэрлэл хөгжихгүй. Учир нь ямар ч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй. Тэгэхээр санхүүжилт нь гарч ирэхгүй. Гарч ирлээ ч өндөр хүүтэй. Тиймээс эдийн засаг хөгжихгүй хумигдмал байдал орно шүү дээ.

.

-Бас нөгөө талаас эдийн засагт хэт их мөнгө нийлүүллээ гэсэн шүүмжлэл бий. Энэ нь инфляцийг үүсгээд байгаа биш үү?

-Зөөлөн бодлого барьдаг нь аль ч хөгжих гэж байгаа орны мөнгөний бодлогын хэлбэр. Гэтэл манайх байнга хумьж ирсэн. Энэ нь ч шалтгаантай. Засгийн газар маш их мөнгө тараадаг, түүнийг нь буцааж авах шаардлагатай. Буцааж авахын тулд л Төв банк мөнгө хумиад байсан гэсэн үг. Өртөг бүтээх газраа очвол ямар ч мөнгө нэг их мөнгө биш. Бид нар хумисаар байгаад сурчихаад мөнгөний бодлого жаахан тэлэх гэхээр л инфляци болох бий гэж айгаад байдаг.

Гол анхаарах зүйл нь мөнгөний тэлэлт их ч бай, бага ч бай үл хамаарч үйлдвэрлэлүүддээ очоод өртөг бүтээж л байвал хэдэн ч төгрөг нийлүүлсэн болно. Хамгийн гол нь үйлдвэрлэлдээ л очих ёстой.

Инфляц бол үнийн өсөлт. Үнэ нь бараа, үйлчилгээний эрэлт их үед өсдөг. Тэгвэл үйлдвэрлэл рүү мөнгө оруулаад нийлүүлэлтийг нэмчихвэл үнэ өсөхгүй буурчих боломжтой. Мөнгө нэмэх бүрт инфляц гарна гэж ойлгож болохгүй. Харин мөнгө хаашаа орж байгаагаас хамаараад инфляцид нөлөөлөөд байгаа юм. Мөнгө нэмсэн хэмжээгээр нийлүүлэлтийг дэмжих замаар инфляциа бууруулж болно.

.

-Доллар чангарах нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эерэг талтай. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчид эдийн засгийн энэ онол амьдралд хэрэгжихгүй байгааг хэлээд байсан?

-Харин ч эсрэгээрээ доллар өсөөд төгрөгийн ханш уначихвал дотооддоо хямдхан үйлдвэрлээд гадаадад өндөр үнээр зарах экспортыг дэмжсэн нөхцөл бий болдог. Энэ үед импорт үнэхээр үнэтэй орж ирнэ. Тэр хэмжээгээр инфляцийг бий болгодог. Ханшийг тогтворжуулах гэдэг л бодлого байдаг. Төгрөгийн ханшийг чангаруулах юм бол экспортлогчдод алдагдалтай, сулруулвал импортлогчдод алдагдалтай. Тэгэхээр импортлогчоо гэх үү, экспортлогчоо гэх үү. Ханш айхтар өсөлттэй биш, савалгаагүй, огцом хөдлөхгүй байхаар орчин нь л тогтвортой байх юм бол бизнес эрхлэгчид өөрсдөө аж ахуйгаа аваад явчихдаг. Тодорхой бус байдал үүсгэхгүйгээр бизнесийн орчин тогтвортой үед экспортлогч ч, импортлогч ч нь өөрийхөө бизнесийг ашигтай хөтлөөд явчихдаг.

.

Олон хөлтэй эдийн засагтай болчихвол уул уурхайн салбар хямарлаа гэхэд эдийн засаг дагаад хямраад байхгүй

.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр ирэх онд бас хэрэгжих болсон. Зэх зээлийн жам ёсны өсөлтийг албан хүчээр бариад байгаа хэрэг биш үү?

-Мөнгөний бодлогод үнийг тогтворжуулах завсрын бодлого гэж бий. Үнийг тогтворжуулахад үнэ өсөх гээд байвал мөнгөө гүйлгээнээс татаж аваад худалдан авах чадварыг бууруулаад үнийг багасгаад л, харин үнэ уначих гээд байвал мөнгөний нийлүүлэлтийг нэмж эрэлтээ өсгөөд явдаг. Энэ бодлого хэрэгжих боломжтой. Нэг бэрхшээл нь юу гэхээр хэрэглээний зүйлийн үнийг ингэж зохицуулж болдог. Харин үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ өсчихвөл үнийг ийм аргаар тогтворжуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл үйлчилгээний зардал өсвөл үнэ тогтвортой байдаггүй.

.

-Эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эерэг үзүүлэлттэй байгаа. Үүнийг хэвээр хадгалахын тулд ямар бодлого хэрэгтэй вэ?

-Уул уурхайд түшсэн өрөөсгөл эдийн засагтай байж болохгүй. Эдийн засгийн олон салбарыг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайгаа бүтээгдэхүүний түүхий эдээр биш, өртөг шингээж боловсруулсан хэлбэрээр гаргах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гээд хэрэггүй салбар байхгүй. Олон хөлтэй эдийн засагтай болчихвол уул уурхайн салбар хямарлаа гэхэд эдийн засаг дагаад хямраад байхгүй. Цаашид аль болох л жигд хөгжүүлэх шаардлагатай.

.

-Нэгэнт л уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болчихлоо. Бусад салбараа одооноос хөгжүүллээ гэхэд хэзээ уул уурхайгаас хамаарахгүй байх боломж үүсэх үү?

-Ойрын хугацаанд чадахгүй. Дунд болон урт хугацаанд л чадна. Манай төсвийн бодлого тэлсэн, халамжилсан байдалтай. Мөнгөний бодлого нь төсвийн бодлогын алдааг засах маягтай, түймэр унтраасан арга хэмжээ авсаар ирсэн. Энэ байдлаас гарахын тулд төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдах ёстой. Уялдуулахын тулд эдийн засгийн, санхүүгийн тогтворжуулалтын хороо ажиллаад л байна. Богино хугацаатай арга хэмжээ эдийн засгийн дархлааг сайжруулахгүй улам нь эмзэг болгодог. Урт хугацаанд арга хэмжээ авах гэхээр ард түмэн бэлэн юм шаардаад байдаг. Бас дээр нь улс төржөөд бас алдаа гаргахгүй, хүнд таалагдах гээд. Эсрэг намаас бага шүүмжлэлд өртөх ч гэдэг юм уу богино хугацааны л арга хэмжээ аваад яваад байна. Нэгэнт л Монгол гэдэг улсын төлөө явж байгаа учир зөвшилцөөд дунд болон урт хугацааны бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлэхийн тулд тактикиа боловсруулаад, нэг нь нөгөөгөө дэмжээд явчих хэрэгтэй.

.

-Хэт их улс төржилтөөс алсыг харсан бодлого хийж чадахгүй байх шиг. Урт хугацааны бодлого үгүйлгэдээд байна уу?

-Энэ хамгийн том бэрхшээл байна. Улс төржихгүй л байх ёстой. Нэгэнт засгийн газраа төвхнүүлээд аль нэг нам нь авч явж байгаа хойно ойлголцох хэрэгтэй. Хожих нь Монгол улс шүү дээ.

.

-Ард түмэн бэлэн зүйл хүсээд байдаг гэж та хэллээ. Нэгэнт бэлэн мөнгө аваад сурчихсан нөхцөлд яаж дунд болон урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ?

-Бусад орны туршлагаас харахад хийж бүтээдэг хүнд л мөнгө өгдөг. Манайд хийхгүй байх тусам нь өгөөд байхаар хүмүүс ядуу болох сонирхолтой болчихсон. Нэг тосгоны хөдөлгөөн гээд Солонгос улсын туршлага бий. Ургацаа нэмсэн тосгонд илүү мөнгө өгдөг. Бууруулсанд “ээ хөөрхий, будаа ав” гээд өгчихдөггүй. Аажимдаа тосгодууд юм хийвэл мөнгөтэй болно гэж ойлгоод л хүнд байдлаас гарчихсан. Эрүүл саруул хүмүүст хөдөлмөрлөсний хэрээр мөнгө өгч байх ёстой. Халамжлах ёстой газраа халамжлах ёстой. Хүүхэд, өндөр настныг халамжилна. Манайд хавтгайруулаад байгаа нь л гамшиг болсон. Надад хүртэл өгч л байлаа шүү дээ.

.

-Иргэдийн эдийн засгийн боловсролыг яалт ч үгүй сайжруулах шаардлага гарч байна?

-Хөдөөгүүр лекц уншаад ирлээ. Хадгаламжтай, хуримтлалтай бол гээд арга замуудыг нь мөн дүрмүүдээс нь танилцууллаа л даа. Орлоготой л бол хэрэглээгээ нэг их багасгахгүйгээр хуримтлалтай болох боломжтой. Иргэн баян бол улс баян гэдэг. Хүн ганцаараа хөгждөггүй улсаараа хөгжиж байж хүн чинээлэг болдог гэдгийг хүмүүст ярьж ойлгуулах нь лекцын зорилго байсан. Тэгтэл нэг хүн “Та хүн бүрийг хадгаламжтай бол гээд байх юм гэтэл манай улс хадгаламжтай юу” гэж асуусан. Үнэхээр хэлэх үг олдсонгүй. Байхгүй юм чинь. Манай улс хадгаламжгүй байна гэдэг чинь иргэн хүн хичээн хадгаламжтай чинээлэг болъё гээд орчин нь бүрдэхгүй байна. Хүмүүсийг орлоготой ажилтай байлгах гэсэн хүрээнд дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Түүний хажуугаар улс өөрөө санхүүгийн найдвартай байдалтай байх ёстой шүү дээ.

Иргэн хуримтлалтай байж улс хуримтлалтай болдог. Улс хуримтлалтай байж иргэн хуримтлалтай болдог. Яагаад гэхээр иргэдийн хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр эдийн засаг руу ордог. Эдийн засагт ороод өртөг бүтээгдээд аж ахуй нэгж хөгжинө. Тэдгээрээс татвар авна. Татвараар төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч нэмэгдээд, халамж ч зохих ёсондоо нэмэгдэнэ гээд бүгд хоорондоо холбоотой. Эдгээр нь нэг түвшиндөө тасарчихаар гинжин хэлхээ үгүй болчоод байгаа юм. Төсөв мөнгөний бодлого нь ажлын байр нэмэгдүүлэх, тогтмол орлогод чиглэх ёстой. Ингэхээр л дараа дараагийн үр дагавар нь гараад ирэх ёстой юм.

_

Манайх яг л үрэлгэн айл шиг

:

-Иргэн ч гэлтгүй улсаараа олсон орлогынхоо хэрээр л үрээд байдаг болчихсон байна. Энэ зөв систем биш байх гэж санагддаг.

-Бидний саяхан явуулсан судалгаагаар харамсмаар үр дүн гарсан. Төсвийн орлого нэмэгдэхээр зардал нь дагаад л өсчихнө. Төсвийн орлого буурахаар зарлага бас л дагаад буурч байна. Гэтэл гадны орнуудын судалгааг ижил цаг хугацааны хүрээнд хийсэн байгаа. АНУ-аар төлөөлүүлж авсан. Тэдгээр орнууд хямралд орохоор яадаг вэ гэхээр төсвийн орлого өсөхөөр төсвийн зарлага нь шууд буурдаг юм байна. Харин манайх чинь төсвийн орлого өсөхөөр төсвийн зарлага дагаад өсчихдөг. Төсвийн орлого өсөөд ирнэ гэхээр татварын орлого нэмэгдсэн гэсэн үг. Яагаад нэмэгдсэн гэхээр аж ахуй нэгжүүд бизнесээ сайн явуулаад татвараа өгөөд төсвийн орлогыг өсгөж байгаа. Энэ үед нь АНУ-ын засгийн газар тоглоомноос гарчихдаг юм байна. Эдийн засгийг жам ёсоороо яваад бай гээд. Гэтэл төсвийн орлого багасахаар төсвийн зардал нэмэгдээд ирдэг. Аж ахуйн нэгжүүдийн бизнес хумигдаад тэдний орлого буурч байгаа учраас засгийн газар тэднийг дэмжээд зардлаа өсгөдөг. Онолоороо бол яг л ийм байдаг. Манайх яг л үрэлгэн айл шиг. Орлого олоод ирэхээр тансагладаг. Орлогогүй болохоор хямраад л гуйлгачин царайлдаг.

.

-Хурааж хуримлуулаагүй учраас л зээл авдаг. Манайх бонд гаргаад байгаа нь зээл авч байгаагийн л нэг хэлбэр. Бонд гаргах нь цаг үеэ олж чадсан уу?

-Ямар ч улс зээл дээр босдог. Хятадыг аваад үзье. Гадны том том хөрөнгө оруулалт орж ирээд л зээлэн дээр боссон. Гол нь авсан зээлээ үр ашигтай зарцуулж өртөг бүтээх явдал чухал. Би бонд зараад мөнгө олоод ирсэнд баярлаж байгаа, бид нарыг тоож байна гэж. Олсон мөнгөө зарцуулахдаа л анхаарах хэрэгтэй.

.

-Нөгөө талаас ашгаа хурдан нөхөх зүйлд зарцуулахгүй байна гэсэн шүүмжлэл бий?

-Хурдан нөхөх гээд их сандраад байх юм. Юм аажимдаа бүтдэг л дээ. Бизнес хийх орчныг бүрдүүлэх гэдэг утгаараа дэд бүтэц маш чухал байна. Барилгын салбарт орон сууцанд зээл өгч байгаа нь зөв. Миний харж байгаагаар бондын зарцуулалт шууд хэрэглээнд нэг их очихгүй байгаа. Эдийн засгийн ямарваа арга хэмжээний үр дүн дороо гардаггүй, цаг хугацаа шаарддаг. Тэгэхээр жаахан тэвчих хэрэгтэй. Ард түмнийг тэвч гэж хэлэх боломж байхгүй. Маш сайн тайлбарлаж өгөх ёстой. Тайлбарлах гэдэг нь явуулж байгаа бодлогоо тайлбарлах (зарлах) тухай ярьж байна.

Мөнгөний бодлогыг зарлаж явуулах, зарлахгүй явуулахын үр дүн нь богино болон урт хугацаандаа өөр өөр байдаг. Зарлаад явуулахад үйлдвэлийн түвшинд биш үнэд нөлөөлөөд байдаг. Зарлахгүй явуулах үед үйлдвэрлэлдээ ч, үнэдээ ч нөлөөлчихдөг. Тэгэхээр энэ мэтийг Монголбанк тооцоолоод хэрэгтэй үед нь зарлаад, хэрэггүй үед нь явуулдаг бодлогоо зарлахгүйгээр явуулах ёстой. Хүн бүрт хүрч өөрсдийн бодлогоо ойлгуулах л чухал. Хөгжмөөр байгаа хэрнээ мөнгөгүй суугаад байж болдоггүй. Мөнгө босгодог нь зөв. Гэхдээ алдсан зүйл бий. Бэлээхэн төслүүд байхгүй. Төслүүдээ бэлдчихээр мөнгө ороод ирвэл шууд хэрэгжүүлэхээр байсан бол хурдан хугацаанд жинхэнэ утгаараа өгөөжөө өгнө. Гэтэл мөнгө олж ирсэнийхээ дараа юунд зарцуулахаа шийднэ гэхээр тэр мөнгө ашиглагдаагүй цаг хугацаанд хүү тооцогдоно шүү дээ. Гэхдээ зөв зарцуулах юм бол алдааг засчихаж болно.

.

-Хальтраад асуухад татварын багц хуулийн талаарх таны бодол ямар байна вэ, бараг бүх л үйлчилгээнээс татвар авах нь гэсэн айдас байна л даа?

-Татвар бол маш том санхүүгийн зохицуулалтын хэрэгсэл. Төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн гэдэг нь зах зээлийн хууль. Яг зохицуулах үүрэг гүйцэтгүүлж татвар ноогдуулж, авч байвал болж байгаа юм. Нийслэлийн иргэдээс татвар авах нь төвлөрлийг сааруулах арга. Ямар хотоос хөөгөөд байлтай биш. Татвараа төлж байгаа нь хотод амьдар, чадахгүй бол хөдөө орон нутагт амьдрах боломжтой. Хөдөө орон нутагт давуу тал их бий. Татвар зохицуулах үүргээ сайн хийчихвэл дарамт биш хөгжлийн хөшүүрэг болох ёстой.

НӨАТ гээд л хүмүүс ойлгогддоггүй сонин хууль байдаг. НӨАТ бол дахин хуваарилалтын нэг тогтолцоо. Энэ татварыг энгийнээр ойгож болно. Жишээ нь, Германд явлаа гэж бодоход хилээс гарахад тухайн улсаас худалдаж авсан барааныхаа чекийг хадгалж байвал бидний төлсөн НӨАТ-ыг буцаан олгодог. Түүн шиг НӨАТ-аар зохицуулж болох зүйл бий. Хамгийн наад тал нь шударга байх зарчим байх ёстой. Татвар жигд, тэгш үйлчлэх ёстой. 10 саяас дээш борлуулалт хийсэн нь НӨАТ төлөөд, нөгөөдүүл нь төлдөггүй. Тэгш бус байдал үүсээд байдаг. Төлөх л юм бол жигд бүгд төлөх ёстой гэж үзэж байгаа юм. Иргэд бараагаа авахдаа НӨАТ төлж авч байгаа. Бүгдээс нь НӨАТ-ыг аваад бүгдэд буцааж өгдөг болчихвол яана гээч. Гоё юм болно. Иргэд аль болох бэлэн бус тооцоонд орно. Бэлэн бус төлбөр тооцоо инфляцийн эсрэг маш гоё арга хэрэгсэл. Манайх бэлэн тооцоотой. Гүйлгээнд бэлэн мөнгө гаргахаар л инфляцид нөлөөлчихдөг. Бэлэн бус төлбөр тооцоотой бол гүйлгээнд мөнгө нэмсэн ч инфляци дууддаггүй. Тэгэхээр НӨАТ-ыг иргэд авахаар болчихвол бүгд бэлэн бусаар төлбөр тооцоо хийгээд чекээ барьж яваад жилийн эцэст төлсөн НӨАТ-аа буцаагаад авна. Бүх борлуулалт бэлэн бусаар хийгдэж татвараас зугтах боломж хумигдаж, далд эдийн засаг ч буурна. Маш том арга хэмжээ болно. Тиймээс татварын зохицуулах үүргийг сайн гүйцэтгүүлчихвэл юунаас ч айх шаардлагагүй.

.

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-19
DR. ADITYA:
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2025-06-19
ЗОЧИН:
ЭНЭ АВГАЙ ДАНДАА Л ХУДЛАА ЯРЬЖ БАЙХ ЮМ АА. ОНОЛ ПРАКТИК ХОЁР ШАЛ ӨӨР БАЙДАГ ШҮҮ. БАГШ ГУАЙ ТАНЫ ХЭЛСЭНЭЭР ТЭНЭГТЭХ УЛС ТӨРЧ ЗӨНДӨӨ Л БАЙГАА ГЭДГИЙГ САНААД САЙН БОДСОНЫХОО ДАРАА АЛИВАА САНАЛАА ЯРЬЖ БАЙГААЧ НӨАТ ГЭДЭГ БОЛ ХЭЗЭЭ Ч ТАНЫ ЯРЬСАН ШИГ БОЛОХГҮЙ БӨГӨӨД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ГЭЭД БАЙГАА ЗҮЙЛИЙГ ХЭН Ч ЯМАР Ч УЛС АЛГА БОЛГОЖ ЧАДААГҮЙ БАЙНА. БҮХ УЛСЫН ИРГЭД ТАТВАРТ ДУРГУЙ БАЙДАГ ТИЙМЭЭС ХЭН Ч БАЯРЛАХГҮЙ.
2013-10-22
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2013-10-22