Төсөл боловсруулахад оролцсон иргэдийн төлөөлөлтэй уулзав

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулах ажилд оролцох сонирхолоо илэрхийлсэн иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уулзлаа. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зохиогдсон уг уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж, Ч.Сосормаа, Л.Эрхэмбаяр нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүнээр дахин сонгогдож бодлого, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд иргэдийн санал бодлыг авах, төсөл боловсруулах ажилд иргэдийг өргөнөөр оролцуулахаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр зарласан юм.

Өнгөрсөн хугацаанд 14 хууль, дөрвөн хөтөлбөрийн төсөл боловсруулах ажилд оролцохоор нийт 195 хүн бүртгүүлж саналаа өгчээ. Энэ нь иргэдийн оролцоо, шууд ардчиллын нэг томоохон илэрхийлэл болж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан дурьдаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд анх удаа Төрийн тэргүүнээр сонгогдоод иргэдийн үгийг сонсч байх Иргэний танхимыг санаачлан байгуулсан. Тэгвэл одоо улс даяар, аймаг, сум, дүүргүүдэд 270 гаруй Иргэний танхим ажиллаж байна. Энэ 2013 оноос эхлэн орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, түүний зарцуулалтад иргэд шууд оролцон саналаа өгдөг болсон. Одоо хууль, хөтөлбөрийн төслүүдэд саналаа өгч байна” гээд хууль, хөтөлбөрийн төслүүдийн товч агуулгыг танилцуулсан.

Иргэдийн зүгээс Аюулгүй байдал, батлан хамгаалахын тухай багц хууль, Иргэний оролцооны тухай хууль,  Нийтийн зар мэдээний тухай хууль, Иргэн, харьяатын тухай хууль, “Шилэн данс”-ны тухай хууль, Үйлдвэржилтийн тухай хууль, Өмчийн эрхийн тухай хууль, Хотын тухай хууль, Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн тухай хууль, Баялгийн сангийн тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Хүний эрхийн тухай хууль, Шагналын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслүүдэд өөрсдийн саналаа өгөөд буй. Иргэдийн сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжих “Ардын элч” хөтөлбөр,  оюутан залууст богино хугацаанд цэргийн эрдэм сургах “Оюутан цэрэг” хөтөлбөр, Монгол Улсынхаа түүхийн өвийг үнэн зөвөөр бичиж үлдээх “Монголын түүх” хөтөлбөр,  Монголын авъяас билэг, ур ухаант иргэдийн давтагдашгүй эрдэм, боловсрол, ур ухааныг хойч үедээ өвлүүлэх “Улсын эрдэнэ” хөтөлбөрүүдээр иргэдийн саналыг авч, боломжтой иргэдийг ажлын хэсэгт оруулан ажиллуулахаар болоод байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, Иргэний танхимд зохиогдсон өнөөдрийн уулзалт нь тус танхим нээгдсэнээс хойш хийгдэж буй 310 дахь хэлэлцүүлэг бөгөөд энэ хугацаанд 16530 иргэн хэлэлцүүлэгт орж, өөрийн үеэл бодлоо илэрхийлэх боломжийг эдэлсэн аж.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ