Зурагдаагүй объект буюу “Алаагүй баавгайн арьсаар дээл” хийх төсөв
Энэ оны төсвийн тодотгол дээр МАН, АН-ын бүлэг нэгдсэн ойлголцолд хүрээгүйгээс хуралдаан гацаад байгаа. Хуралдааныг гацаагаад байгаа асуудал нь энэ оны гүйцэтгэлээс хасагдах эсэх нь тодорхойгүй 256 объект, түүнд төсөвлөгдсөн 200 тэрбум төгрөг. Дээрх объектуудын зармын нь ажил хийгдээд явж байгаа бол заримын нь зураг төсөв нь хийгдээгүй, тендэр нь зарлагдаагүй аж. Зураг төсөлгүй, тендэр зарлагдаагүй объектод мөнгө төсөвлөдөг асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс үүсэлтэй хэмээн гишүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл төрийн түшээд “алаагүй баавгайн арьсаар дээл хийх”-ээр мөнгө төсөвлөсөөр ирсэн бололтой. Тиймээс сөрөг хүчний гишүүд энэ оны төсвөөс хасагдсан хөрөнгө оруулалтын жагсаалтыг эрх баригчдаас нэхэж байгаа. Энэ оны төсвийн тодотголын төсөлд гишүүд ямар байр суурьтай байна вэ?
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэх ажиллагаа маш хариуцлагагүй явагджээ. Засгийн газар төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтын бараг 70 хувийг хийгээгүй. Ажлаа хийгээгүй Засгийн газрын төсвийг тодотгохоор хэлэлцэхээр ажлын хэсгүүд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна. Ямар асуудал дээр авлига ороод байна вэ, тэр хэсгийг нь салгаж, ялгая. Засгийн газарт хариуцлага гэж байна уу. Төсвийн байнгын хороо хариуцлагатай ажилламаар байна. Энэ чинь Төсвийн байнгын хорооны ажил. Ажлыг дээрээс нь шахаж оруулж ирж болохгүй. Төсвийн байнгын хороо Засгийн газартай хариуцлага тооцохгүй бол УИХ-ын буруу болох гээд байна шүү.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Яагаад Ерөнхий сайд авлигатай төсөв гэж ярьсан бэ. Ингээд тооцоод үзэхээр авлига байна. 2013 онд 400 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн байсан зүйл 2014 оны төсөвт тэр ажлыг 740 тэрбум болгож, 80 орчим хувиар нэмсэн байна. АН-ын бүлгийн дарга үнэ өсөөгүй, инфляци буурсан, тогтвортой байгаа гэж байна. Эдийн засаг тогтворттой байхад яагаад төсөв 80 хувиар өссөн бэ. Бид төсвийг 30 хүртэл хувь, 30-60 хүртэл хувиар өссөн төсөв гээд ангилж байна. Манай бүлэг ноцтой тоонуудыг дэлгээгүй байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:
-Төсвийн тодотгол дээр үүсч байгаа маргаан зөвхөн өнөөдөр бий болсон асуудал биш. Сүүлийн дөрвөн жилд төсвийн орлого хангалттай байсан үед манай гишүүд өөрсдөө баахан объектыг чихээд, хамаагүй төлөвлөөд оруулж ирсэн. Гэтэл өнөөдөр төсвийн орлого дутаад ирэхээр, төсвийн тодотгол хийхээс аргагүй болж байгаа юм. Гэтэл төсөв баярхуу байх үед оруулж байсан хөрөнгө оруулалтыг хасахаас өөр аргагүй болж байна. Үүн дотор зураг төсөвгүй, газаргүй, тендэр нь зарлагдаагүй ажлууд байна. Үүнийг нь хасаад, бусад асуудлыг ямар арга хэлбэрээр шийдэх вэ гэдэг дээр УИХ дахь гурван бүлгийн ажлын хэсэг шийдэх ёстой. Түүнээс бус авлигажсан гэдгийг шалгадаг газраар нь шалгуулах хэрэгтэй. Улс төрийг төсөв хүндэрсэн үед саруул ухаанаар шийдэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Баярсайхан:
-Төсөв нэмэгдсэн объектуудын жагсаалтыг Сангийн яамнаас гишүүдэд тараасан байна лээ. БХБЯ-аас 2006 оноос эхлээд одоог хүртэл дуусаагүй байгаа барилгуудын жагсаалтыг шалгаж үзэж байна. Алтай чуулгын барилга гэхэд 2007 онд нэг тэрбумаар эхлээд өнөөдөр таван тэрбум төгрөг болчихсон байгаа юм. Төрөх эмнэлгийнх барилга 2010 онд Хан-Уул дүүрэгт 19 тэрбум төгрөгөөр эхлээд одоо дахиад мөнгө шаардагдаад байна. Энэ бүгд дээр мэргэжлийн байгууллага нь төсвийг хэрхэн хийснийг шалгаж байна. Барилга бүр дээр тайлбартай юм билээ. Барилга захиалагч нар төсвөө хянадаг. Гэхдээ энэ дүн, магадлал хийсэн дүн хоёр зөрж байгаа талтай. Олон жил дамжихаар үнэ өртөг нь нэмдэг шалтгаан байгаа. Нэгэнтээ гүйцэтгэл нь явчихсан барилгыг дуусгахаар өөр аргагүй. Дээр нь энэ оны төсөв дээр ч байхгүй, ирэх онд ч тусгагдаагүй 160 гаруй объект байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ