Ч.Улаан: Хөрөнгө оруулалтууд бүгд бодит секторт очсон

6
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Жижиг аж ахуйн нэгжүүдээс татварт хэдэн төгрөг төлдөг вэ? Импортын хэмжээ буурсантай холбоотойгоор хил дээр гарч байгаа татварын хэмжээ хэр буурсан бол. Замын-Үүд дээр байдал хэр байна вэ? 2013 онд хэдэн удаагийн арилжаагаар Засгийн газрын үнэт цаас зарсан бэ?
6
Татварын ерөнхий газрын дарга н.Батмагнай: -Манай улсын эдийн засаг ерөнхийдөө татварын орлого нь уул уурхайн салбарын бизнесийн үйл ажиллагаанаас төвлөрдөг. Энэ жилийн хувьд уул уурхайн экспортын хэмжээ багассан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан. 2013 оны төлөвлөгөөнд зэсийн баяжмалыг 8122 ам.доллараар тооцоолсон. Гэтэл өнөөдөр зэсийн баяжмал 7003 ам.доллараар хэмжигдээд гарч байна. Нүүрсийг 107-135 ам.долларын хооронд тооцоолж төсөвт суулгасан. Өнөөдрийн байдлаар нүүрсний үнэ 26-89 ам.долларын хэлбэлзэлтэй байна. 2013 оны төсвийг хийж байхад Монгол Улсын хэмжээнд 31 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Өнөөдрийн байдлаар бид 11сая тонныг гаргачихаад байна. Улсын хэмжээнд 261700 тонн зэс экспортлохоор төсөвлөснөөс 50 хувь нь гарсан. Үүнээс харахад дэлхийн зах зээл дээр манай гол бүтээгдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор татварын төлөвлөгөөн ашигт малтмалын төлбөр ашигласны төлбөр бага гарсан. Борлуулалтын хэмжээ багассантай холбоотойгоор томоохон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буураад байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар буурсантай холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр мөн буурсан. Гэхдээ манай газар НӨАТ дээр төсөвлөсөн дүнгээ барихаар ажиллаж байна. Татварын төлөвлөгөө буурсан ч, төвлөрүүлж байгаа орлого өнгөрсөн оны мөн үеэс 100 гаруй тэрбум төгрөгөөр давуулаад явж байна.
6
Гаалийн ерөнхий газрын дарга н.Ганбат: -Экспорт, импорт бараа эргэлтийн дүн буурсан. Нийт бараа эргэлт оны эхний есөн сард 7,9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,1 хувиар буурсан байна. Экспорт дөрвөн хувиар, импорт найман хувиар буурсан байгаа. Гаалийн байгууллага 14 газар дөрвөн хороон дээр үйл ажиллагаагаа явуулж, татварын орлогыг 102 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Улаанбаатар боомт манай зах зээлийн 60-аад хувийг эзэлдэг. Энэ боомт дээр есөн сарын байдлаар импортын хэмжээ 70 сая ам.долларт хүрсэн. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,2 хувиар буурсан. Тээврийн хэрэгсэл, түүний эд ангийн бууралт импорт голлон нөлөөлсөн. Замын Үүд нийт зах зээлийн 20 орчим хувийг эзэлдэг юм. Эхний есөн сарын байдлаар Замын-Үүд дээр нэг тэрбум ам.долларын бараа импортлогдсон. Энэ нь өнгөрсөн оныхоос 112 сая ам.доллараар нэмэгдсэн байна.
6
Сангийн сайд Ч.Улаан: -Бид УИХ-аас гаргасан хуваарийн дагуу жилийн турш бонд гаргасан. Бондын арилжааг тогтмол явуулж байгаа. Бондоо бүгдийг нь хараахан борлуулаагүй. Өчигдөр 40 тэрбум төгрөгийн бонд арилжсан. Уржигдар урт хугацаатай бондын арилжаа явагдсан. 70 тэрбум төгрөгийн бонд арилжлаа. Нийтдээ 40 гаруй удаа арилжаа явагдсан.
5
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Өнгөрсөн жилд төсвийн хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр ямар ажлын байр бий болсон бэ? Гадаад өрийн хэмжээг валютаар нь хэлээд өгөөч. Макро бодлогын уялдааг хэн нь хангаад байна вэ? Төсөв татарлаа гэж их ярьдаг. Яаж хариуцлага тооцох вэ?
7
Сангийн сайд Ч.Улаан: -Эдийн засгийн бодлогын зохицуулалт, уялдааг хангах үндсэн үүрэг нь Эдийн засаг, хөгжлийн яаман дээр байгаа. Тэндээс гаргасан прогнозоор бид төсөв, санхүү, мөнгөний бодлогоо зохион явуулж байна. Энэ жилийн хувьд хийгдсэн хөрөнгө оруулалтууд бүгд л бодит секторт очсон. Улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэлээн тасалдаж байгаа. Одоогоор хөрөнгө оруулалтын хэмжээ 50 орчим хувьтай байна. Харин Чингис бонд, Хөгжлийн банкны санхүүжилт бодит эдийн засаг руу очсон. Бодит эдийн засгаас төсвөөр дамжаад орж ирж байгаа өгөөж хараахан хүлээлттэй байгаа. Цаг хугацаа богино байна. Бид хуулийн дагуу улсын өрийг долоон бүрэлдэхүүн хэсгээр тооцдог. Үүн дотроо гадаад өрийн хэмжээ урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл дээр авч үзэж байна. Төрийн өмчийн, орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн өр мөн багтдаг. Гадаад өрийн тухайд хөнгөлөлтэй зээлээр 1,9 тэрбум ам.доллар, Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны авсан 0,5 тэрбум ам.доллар, нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын гадаад өр байгаа.
6
Ийнхүү төсвийн байнгын хорооны гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараагаар саналаа хэлэлцээд, хоёрдугаар хэлэлцүүлгийг өндөрлүүлсэн юм.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ