Ц.Даваасүрэн: Төсөвт тодотгол хийнэ гэдэг сайн зүйл биш
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа юм. УИХ дахь АН, МАН-ын бүлгийн гишүүд хасагдаж байгаа 256 объектийг дараа онд шилжүүлэн тусгах эсэх талаар өнөөдөр ажлын хэсгүүд үргэлжлүүлэн хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрсэн байна. Энэ оны хөрөнгө оруулалтаас хасагдаж байгаа объектуудын 250 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгалгүйгээр тогтоолоор оруулж ирэхээр болжээ. Төсвийн тодотголын хуультай холбоотойгоор гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгийнхнээс сонирхсон асуултдаа хариулт авч байна.
1
УИХ-ын гишүүн А.Тлейхан: -Энэ оны төсвийг тодотголоор 813 тэрбум төгрөгөөр багасгаснаас 454 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал. Шилжээгүй үлдсэн 250 тэрбум төгрөгийг хэрхэн шилжүүлсэн бэ. Тогтоолоор оруулахаар болж байна. Хөрөнгө оруулалтыг тасалдуулсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?
1
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -2013 оны төсвийн тодотголоор хасагдаад хэрэгжих боломжгүй байсан объектууд дээр гурван намын ажлын хэсэг ажилласан. 143 тэрбум төгрөгийн объектуудыг 2014, 2015 он руу тогтоолоор шилжүүлэхээр болсон. 77 тэрбум төгрөгийн объектийн асуудлыг барих шаардлагагүй гэж үзсэн. Харин хариуцлагын тухайд хаана хаана ярьсан. Яамдууд хариуцлагагүй ажилласан байхыг үгүйсгэхгүй байна. Тиймээс энэ бүгдийг тодотгож ярих нь зүйтэй. Сайд нарын тухайд салбар дээр тухайлан гаргаж яригдаагүй байна. 2014 оны төсвийг хэлэлцэхдээ ихээхэн хэмжээний хөрөнгө гарсан, дуусаагүй барилгууд дээр тодруулж асууна, холбогдох салбараас нь.
1
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: -Төсвийн тодотголыг хянаж байгаа жагсаалт дотроос Хууль зүйн сайдын багцад дүүргийн прокурорын нэгдсэн барилга, дүүргийн шүүхийн барилга гээд 10-15 тэрбумын төсөвтэй объектууд байна. Яагаад Хууль зүйн сайдын багцад байдаг юм бэ? Монгол Улсын прокурор, шүүх биеэ даасан төсөвтэй шүү дээ. Засгийн газар шүүх, прокуроруудыг төсвөөр нь дамжуулаад атгах гээд байна уу?
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -Хуулийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцыг ярих бололцоотой. Гэхдээ энэ удаад хөндөгдөөгүй. Дэмбэрэл гишүүний хэлж байгаа санал нь зүйтэй юм. Загвар байрыг энэ жилдээ л тусгаж байгаа юм билээ. Цаашдаа прокурор, шүүхийн барилгууд харъяалагдах ерөнхийлөн захирагчийн багцдаа тусгагдана.
1
УИХ-ын гишүүн С.Баярцогт /Ажлын хэсгийн ахлагч/: -Хууль зүйн байнгын хороон дээр энэ асуудал яригдсан. Шүүхийн байр байшин, хамгаалалтыг хариуцдаг албатай болсон. Шүүхийн хуулийн зохицуулалтын дагуу Хууль зүйн яаман дээр бичигдэж, нэгдсэн зохион байгуулалтай болгож байгаа юм. 460 төсөл арга хэмжээ энэ оны тодотголоос хасагдсан. 189 объект нь ирэх оны төсөвт суулгасан. 106 объектыг нь хоёр жил дамнуулан төсөвт суулгахаар болсон. 94 арга хэмжээ ирэх онд бөөн дүнгээрээ орж ирж байна. Нэг ч төсөл арга хэмжээ хаягдаагүй. Ажлын хэсэг нарийн нягталж үзсэн.
1
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -Авлигажсан төсвөө яаж цэгцлэх гэж байна вэ? Хөрөнгө оруулалтын объектийн төсөвт өртгүүд яагаад нэмэгдээд байдаг юм бол. Нэмэгдэхдээ ялгаатай байна. Засгийн газрын хийж чадахгүй байгаа ажлыг УИХ хийх ёстой.
1
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -Энэ бол анхаарал татсан асуудал. Зураг төсвийн үнэ өсч, он дамжиж хэрэгжиж байгаа объектууд дээр судалгаа гаргахаар Зарлагын дэд хороо ажиллаж байна. Гишүүд маань ч үүн дээр анхаарч, аймаг бүртээ он дамжин баригдахгүй байгаа объектуудыг гаргаж өгөх хэрэгтэй байна. Гүйцэтгэгч компаниудын захиалгаар зураг төсвийг нь өндөр болгодог асуудал гарч байж магадгүй гэж ажлын хэсэг шалгаж байгаа. Төсвийн тодотголыг хэрэгжүүлэхээр яамдын дэргэд байгаа барилга захиалагчдын товчоо албадыг нэгтгээд, улсын үйлдвэрийн газрыг шинээр зохион байгуулахаар намын бүлгүүдийн ажлын хэсгүүд дээр тохирлоо. Сургууль цэцэрлэгийн барилга дээр стандарт гаргахаар яригдаж байна.
1
УИХ-ын гишүүн С.Баярцогт: -2014 оноос хойш хөрөнгө оруулалтад тавигдаж байгаа бүх объект эскпирт хийгдсэн байна. Зураггүй, газаргүй объектийг ирэх оноос бүгдийг нь хасна.
1
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Би мэргэжлийн барилгын инженер эдийн засагч хүн. Бүх материал, тээврийн зардлыг нарийн тооцоод гаргасан байдаг. 10 хувиас илүүгээр нэмэх боломжгүй байдаг юм. Гэтэл хэд дахин нэмэгдчихсэн байна гэнэ. Анхны зураг төсвийг нь гаргахдаа объектийн нэг хэсгийг нь мартчихсан байдаг юм уу. Ажлаа хийж чадаагүй хүмүүс үлдсэнийг нь хасуулчихаад, 100 хувь хийсэн гэж үнэлүүлэх гээд байна уу?
1
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: -Төсөв тодотгох асуудал Төсвийн тогтвортой байдлын хуулиар зохицуулагдаж байна. Би төсвийн тодотгол хийх нь сайн зүйл биш гэдэг байр суурин дээрээ байгаа. Гэхдээ төсвийн алдагдал нь ДНБ-ний таван хувиас дээш болсон тохиолдолд тодотгол хийх шаардлагатай гэсэн хуулийн дагуу орж ирж байгаа учир шийднэ. Төсөв нь өндөр хувиар өсчихсөн, он дамжин хийгдэж байгаа ажлын аудитыг хийж гэж УИХ-ын тогтоолоор үүрэг болгож байгаа юм.
1
Гишүүдийн асуулт ийнхүү үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан явагдаж байна.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ