У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
Казахстаны Алматы хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт өнөөдрөөс эхэлж байна. 64-кг-ийн жинд өрсөллөж буй Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр мөнгөн медалийн төлөө тулалдана. Тэрбээр Кубын тамирчин Ясниер Толедо Лопезтой тоглох юм.
Кубын тамирчны хувьд Лондонгийн олимпийн хүрэл медальт, 2009 оны Бакугийн дэлхийн аваргын мөнгөн медальтай 1989 онд төрсөн тамирчин юм. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ удаагийн дэлхийн аваргын рингэнд эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Турменстаны Азиз Бебитовыг 3:0-ийн харьцаатай оноогоор ялж, улмаар Болгарын тамирчин Айрин Сметовыг 3:0 ялснаар шөвгийн наймд шалгарсан юм. Харин өнгөрсөн лхагва гаригт Узбекистаны боксчин Санжарбек Рахмановыг 3:0 харьцаатай хожсоноор хүрэл медалийн болзол хангаж, дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжтой болоод байгаа билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх тоглолтууд Монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ