Бидний ирээдүй солонгорсон, ногоон эдийн засаг

img

Манайх солонгороогүй, хүрэн эдийн засагтай улс. Тиймдээ ч салбарлуулж, солонгоруулах тухай ярьцгааж эхэлсэн. Уул уурхайг шүтсэн ганц хөлт эдийн засгаасаа болж ямар эрдсэлд хүрч болохыг бид биеэрээ мэдэрцгээсэн. Тиймээс эдийн засгаа олон салбараар хөгжүүлж, солонгоруулахыг эрдэмтэн судлаачид сануулж даруй эхлүүлэх шаардлагатай болсныг ч хэлж байна. Гаднаас хэт хамааралтай, дотоодын үйлдвэрлэл төдийлөн хөгжиж амжаагүй байгаа цаг үеэ ашиглаад эртнээс салбар бүрийг жигд хөгжүүлэх нь зөв хэмээж байгаа юм.

6

Эдийн засгийг солонгоруулахтай зэрэгцээд бас өнгийг нь өөрчлөх цаг болж буй. Хүн төрөлхтний эх дэлхийтэйгээ хүнлэг харьцаж бүхий л үйл ажиллагаагаа “байгальд ээлтэй” хэмээн тодотгож байгаа өнөө үед эдийн засаг бас л ногоорчээ. Манайх мэтийн хүрэн эдийн засагтай улс ногоорохын төлөө нэгдэцгээж эхэлсэн. Бидний хувьд 2020 гэхэд ногоон эдийн засагтай улс болохоор зорилго тавиад буй юм.

5

Гэхдээ бидний хүрэн эдийн засаг юу нь буруудаад байна гэхээр байгальдаа хэтэрхий халтай байгаа юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаргаж буй нүүрсхүчлийн давхар ислийн хий дэлхийн дунджаас 8.5 дахин их байна гээд та бод доо. Маш өндөр үзүүлэлт. Яахав бид бага хүн амтай үйлдвэрлэл хөгжөөгүй ч нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс ялгаруулж байгаа хийгээрээ дэлхийн дунджаас их байна шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ зарцуулж байгаа эрчим хүч нь бас л дэлхийн дунджаас 4.3 дахин их гарчихаж. Эрчим хүчээ гаргаж авахдаа дахиад л байгалийн эсрэг аргыг хэрэглэнэ. Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг нүүрс шатааж гаргаж авдаг гэхээр сөрөг нөлөөлөл нь тодорхой. Тийм л учраас бид байгальд халтай хүрэн эдийн засагтай болж. Энэ маягаар цаашид амьдрах юм бол бид хүчилтөрөгчөөр биш нүүрсхүчлээр амьсгалж эхэлнэ гэсэн үг.

6

Ирээдүй гэхдээ өөдрөг  харагдах эхэлсэн. 2020 он гэхэд ногоон эдийн засагтай улс болно хэмээн зорилго тавьсан 30 орны нэг нь бид. Хүрэн эдийн засгаас ногоон руу яаж хүрэх вэ. НҮБ-ын тогтвортой хөгжлийн хурлаас хойч үедээ тогтвортой ирээдүйг баталгаажуулахын тулд нийгэм, эдийн засаг, байгаль орчны гурван тулгуур үзүүлэлтийг цогцоор нь авч үзсэн цагт тогтвортой хөгжилд хүрнэ гэж тодорхойлсон. Тэр тогтвортой хөгжилд хүрэх зам нь ногоон эдийн засаг.

6

Монгол Улсад тохирсон ногоон эдийн засгийн хэтийн бодлогын үндсийг БОНХЯ  стратегийн баримт бичгээрээ дэвшүүлэн гаргасан. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөгжлийг дэвшүүлж байгаагаа БОНХ-ын сайд С.Оюун хэлж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох технологи нэврүүлэхэд олон улсын санхүүжилтыг олох боломж ихсэхээс гадна хамтын ажиллагаа илүү үр дүнтэйгээр өрнөх юм.

6

Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээлийн механизм болон ногоон ажлын байруудыг бий болгох, хувийн хэвшлийн ажилтнуудад ногоон хөгжлийн мэдлэг боловсрол олгох, биотехнологи, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, барилга, хаягдлыг бууруулах, эргүүлэн ашиглах, дахин боловсруулж шинэ бүтээгдхүүн үйлдвэрлэх зэрэг асуудлуудыг бид хэрэгжүүлж чадах юм бол ногоон эдийн засаг ойрхон байна. Ногоон эдийн засгийн одоохондоо дан ганц БОНХЯ хариуцаж байгаа ч цаашдаа бүх яам, аж ахуй нэгж, иргэдийн оролцоогоор бүтэх томоохон шинэчлэлт байх болно.

6

Сэргээгдэх эрчим хүчний эхлэл болж Салхитын цахилгаан станц ашиглалтад орсон. Энэ ч бас л ногоон эдийн засгийн эхлэл. Түүнийг ашиглахын тулд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж нэн шаардлагатай. Бизнесийн таатай орчныг бүрдүүлж хөрөнгө оруулагчдыг татаж, энэ чиглэлийн бизнес эрхлэгчидийг бодлогоор дэмжиж эхэлсэн. Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй 41 төрлийн техник, тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлан аж ахуйн нэгжийн борлуулалтын орлогын албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зарим тоног төхөөрөмжийг гаалийн болоод НӨАТ-аас чөлөөлж байгаа. Энэ төрийн маш том дэмжлэг. Өнгөц харахад өртөг зардал ихтэй ч эргээд өгөх үр ашиг нь хэмжээлшгүй. Байгаль халгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийг жил бүр урамшуулдаг. Цаашдаа сурталчилгааг үнэгүй хийх, банкны зээлийг төлөх зэрэг төрийн механизмыг хэрэглэхээр төлөвлөгдсөн.

6

Энэ чиглэлд хийгдэж байгаа бас нэг өөр ажил нь Монголын нөхцөлд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах хөргөгчийг шинээр зохион бүтээх ногоон технологийг Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орсон. Энэ технологи нэвтэрснээр малчид малынхаа тоог бэлчээрийнхээ даацад тааруулах, зудтай үед малаа цөөлөөд махаа хадгалахад зудад алдах малын тоо цөөрөх төдийгүй бэлчээрийн экосистем ч сайжрах, эдийн засаг, нийгэм болон байгаль орчинд ээлтэй байх юм.

6

Бага багаар ногоон эдийн засаг руу зориглон алхсаар байна. Энэ мэтчилэнгээр хийсээр байхад ногоон хөгжил, ногоон эдийн засагт хүрэх зам энгийн бас ойрхон харагдана. Уул уурхайгаас үүдэлтэй эдийн засгийн өсөлтөд дулдуйдаж цааш алхсаар байвал байгаль орчин эко систем гэж яриад ч хэрэггүй болох биз. Харин ногоон эдийн засгийг үнэхээр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадах юм бол иргэд нь ажилтай орлоготой, ядуурал буурсан, байгаль орчноо доройтуулчихгүйгээр амьдарч чадах гэрэлт ирээдүй харагдаж байна. Дэлхий нийтээрээ ногоон өнгөнд дурлаж эдийн засгаа хүртэл ногооруулж байхад хөгжилд хөл алдахгүй алхах хэрэгтэй. Бидний ирээдүй бол салбарлуулсан, ногоон эдийн засаг байх нь ээ.

7

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Solongorson ediin zasag aa gj. saihn sedew hondsn bn shuu. bidnii odor bur anzaarddgui ch medj bh zuiliin l neg
2013-10-29
ТАЛХ:
tegmeersen dee kkk
2013-10-28
зочин:
Худлаа лозонгийн чанартай юу бичээд байгаа юм. Оюун сайдын бодлогын газар юу хийдэг вэ. Тодорхой юм гаргаж чаддаг гэхэд эргэлзээтэй л харагддаг.
2013-10-26
шадар:
Хамгийн чадвар муутай сул яам да. Нэг л том нэртэй яам байдаг. Малгайдаа таарсан толгойтой болох талаар Оюун сайд гуай ажиллах нь чухал болсондог оо.
2013-10-26
БАБА:
ЭНЭ ОЮУН ГЭЖ НЭГ СҮГ БАЙНА АА
2013-10-25