Ажилтай, орлоготой Монгол залуус чууллаа
Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн, шилдэг 800 гаруй залуус чууллаа. Тэднийг “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төсөл нэгтгэсэн юм. Тодруулж хэлбэл, “Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалтаар тэд өнгөрсөн зун хийж бүтээсэн ажлуудаа дүгнэн, ирэх жил хийж бүтээх ажлуудаа ярилцлаа.
Чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийг төлөөлөн мэндчилгээг нь дэвшүүлэв. Тэрээр энэ үеэрээ “Ардын элч”, “Оюутан цэрэг”, “Монголын түүх”, “Улсын эрдэнэ” гэсэн дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдлээ. Дээрх хөтөлбөрүүд нь Монголыг хөгжүүлэх залуус руугаа түлхүү чиглэгдэх юм байна. Мөн дээрх чуулганы үеэр Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Хөтөлбөрүүдийн хүрээнд залуус хөдөлмөр эрхлэх сонирхолтой байгаа гэдэг нь харагдлаа. Манай хөтөлбөрт хэзээ ч ажил хийж, нийгмийн даатгал төлж үзээгүй залуус олон хамрагдаж, тэднийг хөдөлмөрийн амтанд оруулсан. Бригадын зохион байгуулалтад орж ажилласан залуусаас нэг нь ч ажлаа дундаас нь орхиогүй. Иймээс цаашид ийм зохион байгуулалтаар залуусаа ажиллуулна” хэмээн ярьж байв.
“Сумын залуус” төслийн хүрээнд л гэхэд 21 аймгийн 310 суманд залуусыг дөрвөн гишүүнтэй багийн зохион байгуулалтад оруулж, сумын иргэдэд туслалцуулжээ. Тухайлбал Дундговь аймгийн Гурван сайхан суманд төсөл хэрэгжүүлсэн “Дөрвөн бэрх” багийн тухайд сумын хүүхдүүдэд ярианы англи хэл зааж, тухайн сумын өрх бүр интернэттэй байдлыг түшиглэн компъютерийн хэрэглээний программуудыг сургажээ. Мөн өрхийн эмнэлэгтэйгээ хамтран эрүүл мэндийн сургалт, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ төсөл бичих, НӨАТ, нийгмийн даатгалын талаар зааж сургажээ. Тэгвэл “Ажлын гараа” төслийн хүрээнд залуусыг “Гавшгай 15” залуусыг аймаг бүрт илгээн өвөлжөөтэй болгожээ.
Я.Санжмятав:Ирэх жил доод тал 10 мянган оюутан хамруулна
“Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулганы үеэр оролцогчидтой уулзаж ярилцлаа.
-Хөтөлбөрүүдийг товчхон дүгнэж хэлбэл?
-Өмнө нь бид залуусынхаа хөдөлмөрийн хүчийг хөгжил дэвшил бүтээн байгуулалтдаа ашиглах нь их бага байсан. Залуучуудын холбооны санаачлагаар Хөдөлмөрийн яам 200 гаруй залуусынхаа хүчийг энэ ажилд дайчлах үүднээс, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “Ардын элч” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн зун энэ ажлыг эхлүүслэн. Бид эхний ээлжид иргэдээ хүнсээр хангадаг малчид руугаа анхаарч, сүүлийн 20-30 жил анхаарал хандуулаагүй өвөлжөөг шинэчилсэн. Ирэх жил олон сумдаас ийм захиалга ирж байна. Мөн сумын залуус хөтөлбөрийн хүрээнд “Дөрвөн бэрх” баг маань жижиг, дунд үйлдвэрлэлийн төслөө хэрхэн бичихээс эхлээд олон сургалт явуулсан. Түүнчлэн их бүтээн байгуулалтын ажил руу бид 405 залууг илгээсэн. Үүн дээр ургацын үеэр ажилласан 300 залуусаа оруулахаар нийтдээ 2000 орчим залуу энэ төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан.
-Ирэх жил хамрах хүрээгээ нэмэгдүүлнэ гэж байсан. Хичнээн төгрөгийг зарцуулах вэ?
-Бид ирэх жил энэ хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулна. Энэ хүрээнд хамгийн доод талдаа 10 орчим мянган залуусыг хамруулна. Сая бид ургац хураадтын үеэр өдрийн 20 мянгаар тооцоод, байр, хоолыг нь цаад газар нь хариуцаад ажиллуулахад багагүй үр дүн гарсан байна. Иймд цаашдаа 200 гаруй мянган оюутнуудыг мэргэжлийнх нь дагуу ажлууд дээр хуваарилаад ажиллуулах бодлого баримтлана. Энэ хөтөлбөрт хамрагдсан 2000 залуу болон тэдний эцэг эхчүүдэд сайн охин, сайн хөвгүүн төрүүлж өсгөсөнд нь би талархаж байна.
А.Мөнхбат: Бүх талууд үр дүнг нь үзсэн болохоор зөв төсөл байсан
-Уг төслийн хэрэгжилт ямар байв?
-Энэ төслийг хэрэгжүүлээд эргээд үр дүнг нь харахад ажилласан залуус болон Монголын Залуучуудын холбоо, Хөдөлмөрийн яам гээд бүгдэд нь үр дүнтэй ажил болсон. Мөн очиж ажилласан тухайн орон нутаг, суманд маш үр дүнтэй болж чадсан. Өөрөөр хэлбэл, бүх талууд үр дүнг нь үзсэн болохоор зөв төсөл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Мэдээж анх удаа хэрэгжсэн тул алдаа, оноотой зүйл байсан. Энэ бүгдийг бид бүтэн сарын хугацаанд явагдсан тайлангийн хурлын үеэр олж илрүүлж, гаргасан алдаагаа дараа жилдээ давтахгүй байх чиглэлээр ажиллана. Энэ жил зөвхөн Хөдөлмөрийн яамтай хамтарсан бол ирэх жил бүх яамдуудыг болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг оролцуулна.
-Ирэх жил эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл юу байна?
-Энэ жил Залуучуудыг тээвэрлэхээс эхлээд тухайн орон нутагт очоод амьдрах газар гэх мэтээр хүндрэлтэй асуудлууд байсан. Бид хувийн хэвшлийнхэнтэйгээ сайн хамтарсны дүнд энэ асуудлууд маань шийдэгдсэн. Мөн төсөв хэрэгжсэн сумдын тухайд энэ нь цоо шинэ үзэгдэл байсан тул Засаг даргаасаа эхлээд иргэд нь хүртэл маш их гайхаж хүлээн авсан. Харин яг өөрсдөд нь хэрэгтэй зүйл хийгээд эхлэхэд нь ажлыг нь дэмжиж, ажллах нөхцөл бололцоогоор нь хангаж өгч ажилласан.
МУИС-ийн Геологи, эрдэс баялагийн менежментийн III оюутан Э.Батсайхан: Үр дүнгээ урьдчилан төлөвлөж чадсан тул саад бэрхшээлийг давсан
-Эрдэнэт үйлдвэт ажилласан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-“Ажилтай орлоготой Монгол”-ын хүрээнд “Ажлын гараа” төсөл явагдсан. Энэ шугамаар манай 15 залуу Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг сонгон ажилласан. Энд МУИС, ШУТИС, БХИС, ХААИС-ийн 2-3 дугаар ангийн оюутнууд багтсан. Эдгээр оюутнууд маань бүгд уул уурхайн чиглэлээр суралцдаг оюутнууд байсан учраас мэргэжлийнхээ дагуу дадлагжих тал дээр ажиллаж чадсан нь бидний хувьд маш том давуу тал байлаа.
Бид сарын хугацаанд ажиллахад үйлдвэрийн зүгээс бидэн ажлын болон амьдрах байр, хоол хүнс гэх мэт бүх зүйлээр хангасан. Ингээд Засгийн газраас 500 мянган төгрөг авахын зэрэгцээ тухайн байгууллагаасаа сайн ажилласан гээд 250 мянган төгрөгийн урамшуулал авсан. Бид мөн туршлага хуримтлуулахын зэрэгцээ дуутай болсон.
-Эрдэнэт үйлдвэрийн ямар салбар дээр очиж ажилласан бэ. Бэрхшээлтэй зүйл юу байв?
-Бид очсон эхний өдрөөсөө нөхөн сэргээлтийн талбай дээр ажиллалаа. Мэргэжилтэнгийх нь зааврын дагуу нөхөн сэргээлтийн талбайг цэвэрлэж, өвс ургамалыг ургах бололцоог нь хангасан. Мөн тус үйлдвэр 35 жилийнхээ хүрээнд “Ногоон төгөл” ажлыг явуулсан. Бид нөхөн сэргээлтийн талбайн ажлаа дуусгаад “Ногоон төгөл” ажилд гар бие оролцож, засвар үйлчилгээний хэлтсийнхэнтэй нь хамтран хугацаанаас нь өмнө хийж чадсан.
Хүндрэлтэй зүйл гэвэл өөр газар очиж, гэрээсээ хол байхын зэрэгцээ, анх удаа ажиллаж байгаа залуус байсан. Тиймээс ядарч, шантрах тохиолдол гарсан. Гэхдээ бид өөрсдийгөө зоригжуулж, үр дүнгээ урьдчилан төлөвлөж чадсан учраас саад бэрхшээлийг давсан.
-Ирэх жил танай баг хаана очиж ажиллах хүсэлтэй байна?
-Манай баг үндсэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж байвал уул уурхайн чиглэлээрээ ажиллах бодолтой байна. Гэхдээ заавал уул уурхай гэлтгүй замын бүтээн байгуулалтад ажилласан ч болно. Мөн энэ жил Эрдэнэтэд очиж ажилласан бол ирэх жил говийн ч юм уу баруун аймгууд руу очиж ажилламаар байна.
Өмнөговь аймгийн Улаанбаатар хот дахь залуучуудын холбооны тэргүүн Ч.Сугархүү: Ажилласан жил шаардан залуусыг мохоож байна
-“Цагийн ажил” төслийг хэрэгжүүлсэн талаараа товч танилцуулаач?
-Цагийн ажил төслийн хүрээнд Хөдөлмөрийн төв биржийн салбарыг Өмнөговь аймгийн төвд Хөдөлмөрийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөдөлмөрийн төвийг байгуулаад сар болж байна. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнөговь аймаг нийтдээ 60 гаруй мянган хүн амтайгаас 26 мянга нь залуус байдаг. Тус аймагт уул уурхай болон дэд бүтэц хөгжиж байна. Иймээс бид 600 гаруй залууг ажилд зуучилсан.
-Дээрх ажилд зуучилсан залуус бүгд ажилтай болсон уу?
-Бид 600 гаруй залуусыг зуучилснаас 180 гаруй залуу ажилдаа орчихсон байгаа.
-Залуус ажил хийх хүсэл сонирхол хэр байна?
-Уул уурхай түлхүү хөгжиж байгаа болохоор залуус энд ажиллах хүсэл эрмэлзэл их байна.
-Ажил олгогчдын зүгээс ямар шаардлага тавьж байна?
-Залуу хүний хувьд эмзэглэж буй зүйл гэвэл ажил олгогч байгууллагууд сургуулиа дөнгөж төгсөөд ажил дээр гарах хүсэл сонирхол ихтэй байгаа залуусыг заавал 2-3 жил ажилласан туршлага зааж, зоригийг нь мохоож байна. Тухайлбал, том машин механизмын анги төгссөн залуу уул уурхайн компанид жолоочоор орхоор очиход дор хаяж таван жил машин барьсан байх шаардалга тавьж байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ