
Зам, тээвэр барилга , хот байгуулалтын сайд Х.Баттулга УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал оруулжээ. Тодруулбал архи тамхи, согтууруулах, мансууруулах бодис үйлдвэр үйлдвэрлэдэг, борлуулдаг, зуучилдаг хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг нь хязгаарлах тухай байсан байна. Энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэх байсан ч дэмжээгүй байна.
Уншигч та бүхэнд архины хор хөнөөлийн талаар баримт дуугахад манай улсад согтууруулах ундаа, тамхийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч байгаа. Энэ байдлаас болоод мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэрэг ихэсч байна. Өөрөөр хэлбэл хүний аюулгүй байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа нь нууц биш юм. Статистикийн мэдээллээс үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, импортын хэмжээ нь хүн амын хэрэглээний зохих түвшингээс хэт давж, улс орны хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрчээ. Архины хэрэглээнд төрийн цогц хяналт үгүйлэгдэж байгаа юм.
Монгол улс сүүлийн таван жилд 173.5 сая литр согтууруулах ундаа үйлдвэрлэж, 75.5 сая литрийг импортолсон нь 2.7 сая хүн амтай, үүний дотор 18 ба түүнээс дээш насны 1.8 сая хүн амтай манай улсын хувьд хэтэрхий өндөр үзүүлэлт юм.
Аливаа улс оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирлаа гэж үздэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар манай улсын нэг хүнд жилд 28 литр архи оногдож, 270 хүнд нэг архи борлуулдаг дэлгүүр оногддог болсон нь дэлхийн ямар ч улстай харьцуулашгүй өндөр байна. ДЭМБ-ын манай улсын 5 хүний нэг нь архинд донтох эмгэгтэн болсон гэсэн судалгаа гаргасан байна.
Тамхи, мансууруулах бодис хүн амын нас баралтын гол шалтгаан болж байна. Дэлхий дээр нас баралтын шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи татах, цусны даралт ихсэх, цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэхтэй холбоотой байна гэсэн судалгааны дүн ДЭМБ- аас гарсан байна. Мөн 2030 он гэхэд тамхидалтаас шалтгаалсан нас баралт бага, дунд орлоготой орнуудад 2 дахин өсч 6,8 саяд хүрэх тооцоолол гаргасан байна.
Судалгаагаар Монгол улсад хүн амын дунд архи хэтрүүлэн хэрэглэгчдийн тоо 2005 онд 10,8 хувь байсан бол 2009 онд 27,4%, 2011 онд 55.2% болж нэмэгджээ. Манай улсын насанд хүрэгсэдийн 55.2% нь архийг хэтрүүлэн хэрэглэж, жилдээ 140.000 хүн эрүүлжүүлэгддэг, архинд донтох эмгэгээ эмчлүүлэх шаардлагатай 12.000 хүн байгаа гэж наркологийн судалгаанд дурьджээ. Архидалтын улмаас золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн хорвоогоос цаг бусаар буцдаг гэсэн тоо байна.
Гэмт хэргийн 55.2 хувь нь нийслэл хотод, 43.7 хувь нь хөдөө, орон нутагт гарч байна. Дээр дурьдсан тоо баримтыг хараад манай улс архинд живээд буйг мэдэж болно. Өнөөдөр архины үйлдвэр манай улсад хамгийн их ашиг орлогтой үйлдвэрлэл болоод байна. Зөвхөн Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 3682 аж ахуй нэгж байдаг.
Манай улсын эрчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг байна. Эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон гэсэн статистик мэдээ байна. Европт энэ үзүүлэлт дунджаар ердөө таван хувь л байдаг байна.
Манай оронд сvvлийн 15 жилд архинд донтох өвчний эзлэх хувь 2.7 дахин өссөн аж. Хордлогын яаралтай тусламжийн vндэсний тєвийн албан ёсны мэдээ баримтаас vзэхэд сvvлийн таван жилд, жил бvр архины цочмог хордлого бvхий 180-200 өвчтөн ирж тусламж авч байгаагийн зургаан хувь нь нас барсан байна. Иймээс архи, мансууруулах бодис үйлдвэрлэгчийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэж Х.Баттулга гишүүн үзжээ.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ