
2012 оны сонгуулиар хэвлэл мэдээллийнхэн нэг ч нэр дэвшигчийн сурталчилгаа, ярилцлага, мэдээллийг дамжуулахаа болъё. Нэгийгээ матсан, өөрийг магтсан мэдээллийг нь дамжуулсныхаа төлөө 10, 20 саяар торгуульдаг. Нэгэндээ доромжуулсандаа бухимдсан улстөрч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид уургаа гаргаж бүр дургүйг нь хүргэвэл шоронд хорьж шонд дүүжлэх юм байх.
Муу л юм болбол хойд талын хар овоохой гэгчээр хэн нэгэнд гүтүүлчихээд цаад эзэн нь хэн бэ, захиалагч нь хэн бэ гэдгийг харахаасаа илүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барих гэж улайрдаг улстөрчид энэ удаа яг тэр алдаагаа давтаж байна. эг үгээр хэлбэл тэнэглэл давтагдаж байна. Өнөөдөр хуралдсан төрийн байгууллалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудаар санал хураалт явуулсан юм. Хамгийн гайхалтай нь сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага ямар зарчмаар ажиллах тухай хуулийн заалтуудад УИХ-ын гишүүд хуралдааны цаг заваа зарцуулан баахан нервитэв.
Хэвлэл мэдээллийн байгууллага сонгуульд нэр нь дэвшээгүй гурав дахь этгээдээс нэр дэвшигчтэй холбоотой болон сонгуулийн хуулийг будлиантуулахаар нэвтрүүлэг бэлтгэсэн бол өөрсдөө хариуцлагыг нь үүрэх хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгээс оруулжээ. Энэ санал ёсоор бол УИХ-ын сонгуулийн үеэр аль нэг улстөрчийг шүүмжилсэн албаны хүн, эрдэмтэн судлаач гэх мэт хүмүүсийн байр суурийг хэвлэл мэдээллийн байгууллага хүргэж болохгүй.
Өөрөөр хэлбэл зөвхөн нэр дэвшигчийг магтах үүрэг хүлээх болж байна. Хэвлэлээр өөрийгөө магтуулж, өрөөлийг муулуулах гэж улстөрчид яаж улайрдаг билээ. Ийм ажилд төрийн болно төсвийн мөнгийг үргүй зардаг гэдгээ тэд умартжээ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн өөрийгөө өнөөдрийг хүртэл гүтгүүлэн доромжлуулж, хэлмэгдэж яваагаа гайхсан юм.
Тухайлбал, Э.Мөнх-Очир “Би 1992 оноос хойш гүтгүүлж байгаа. Хүнийг гүтгэчихээд долоон сая төгрөг төлчихөөд яваад байж болохгүй. 25 сая төгрөг авч нэг хүнтэй гэрээ байгуулаад долоон саяар нь торгуулж, 13 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Хүний нэр хүндийг гутааж, үр удмаар нь тоглочихсон байхад нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага байх уу, байхгүй юу гэдгийг ярих хэрэгтэй” гэж байна. Энэ мэтчилэн тооны машин барьж тоо цохин толгойгоо гашилгаж суугаа улстөрчдийг харахаар үнэхээр өрөвдмөөр. Хэн ч танихгүй тэднийг ард түмний хүү болтол нь таниулж, сурталчилж өгсөн билээ. Үүний хариуд торгоно, шоронд хорино гэхээс өөр “талархал”-ын үг сонссонгүй. Удам дамжин төрийн сэнтийд суухад нь хэвлэлийнхэн л тусалдаг.
Аав нь, ээж нь, ах нь ийм сайн хүн байсан юм. Тэгэхээр энэ хүн удам залган зөөлөн сэнтийд суух ёстой гэсэн пиарыг хэн хийж өгсөн билээ. Үүнийг тэд мартжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын амыг барьж, нүдийг нь таглана гэдэг ард түмнийхийг тагласантай адилхан гэдгийг тэд өнгөрсөн хавар биеэрээ мэдэрсэн. УИХ-ын байнгын хороо, чуулганыг хаалттай хуралдуулах хууль баталснаа долоо хоногийн дараа хүчингүй болгож байсан гашуун түүх бий. Улстөрчид энэ удаа ард түмнйихээ нүд чихийг таглаж байгаад сонгуулийн хороо долоон жороор найруулах гэж байхыг үгүйсгэхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ