“Нөхөрлөл” байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулвал Ашигт малтмал олборлох гэрээг цуцлана

“Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болон бодлогын орчин бүрдүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас МХЕГ-т даалгалаа. Мөн энэ журмыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Энэ журам нь Бичил уурхайгаас ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмал олборлож байгаа үйл ажиллагааг зохицуулах бөгөөд 11 бүлэг, 36 зүйлтэй юм. Түүнчлэн иргэд бичил уурхай эрхлэхийн тулд хэрхэн зохион байгуулалтад орох, олборлолт явуулах гэрээ байгуулах өргөдлийг хэнд гаргах, олборлолт явуулах талбайн хэмжээ, хязгаар сум, дүүрэгт ямар байх, үндсэн ордын хүдрийг хаана баяжуулах, боловсруулсан алтыг хэрхэн худалдаж борлуулах, бичил уурхай эрхлэхэд юуг хориглох, төрийн захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллага ямар эрх, үүрэгтэй байхыг зохицуулах аж. Мөн сум, дүүргийн хэмжээнд бичил уурхайн зориулалтаар нөхөрлөлд эзэмшүүлэх талбайн хэмжээ таван гектараас ихгүй байх, нөхөрлөл нь 5-аас цөөнгүй гишүүнтэй байх бөгөөд өөр нөхөрлөлийн гишүүн байхыг журманд хоригложээ. Нөхөрлөл нь Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдөлдөө нөхөрлөлийн нэр, ахлагч буюу эрх бүхий төлөөлөгч болон гишүүдийн нэр, хаяг, талбайн байршлын зураг, олборлох ашигт малтмалын төрлийг заавал тусгахаас гадна иргэний үнэмлэх, гишүүдийн хамтран ажиллах гэрээ, албан татвар төлөгчийн гэрчилгээ, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлж сум, дүүргийн Засаг даргадаа хандах аж. Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан судлаж, шаардлага хангасан гэж үзвэл гэрээ байгуулахаар журамд тусгажээ. Харин Нөхөрлөлийн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд сөрөг нөлөөлөл учирсныг мэргэжлийн байгууллага тогтоовол Ашигт малтмал олборлох гэрээг цуцлана. Мөн нөхөн сэргээлт хийгээгүй нөхөрлөл болон тус нөхөрлөлийн гишүүдийн шинээр байгуулсан нөхөрлөлтэй Ашигт малтмал олборлох гэрээ дахин байгуулахгүй байхаар тусгасан юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ