Миний байрнаас дүү минь гар даа
Уудам талд нэг “уртаа” ганс зуусан хижээл эр тамхи нэрж сууна. Бас давхар ухаан нэрж суугаа юм. Юу ийнхүү сэтгэлийг нь тавгүйтүүлж ороо салхитай хээр гарч ирж, бодлоо нэрж дотроо өнгийж харах хэрэгтэй болов. Урд орой хоёр том хүү нь өөр зуураа үг сөргөлцөж, өвгөн настай ааваа ч үл хүндлэн хажууд нь гар зөрүүлэхдээ тулж. Үг сөрөхийн үүд нээсэн учир жанцан нь өвгөний сэтгэлийг маш ихээр хямрааж. Тэгээд аавыгаа тавьж онголсон хөдөө нугынхаа хойд толгой дээр сууж тамхи бас ухаан нэрэн байгаа нь энэ аж. Хоёр хүү нь хоёулаа л нас биед хүрч аав нь орон гэр, өрх мал тастан хувиарлаж гал голомтыг нь асааж өгч. Хаяа нийлэн хэдэн жил амьдарцгааж. Харин өчигдөр сархадад халамцсан хамгийн бага дүү нь том ахдаа агсамнаж. Аавын энэ хэт хутга, хөөрөг хэдэн хурд буяныг авч, хотондоо шингээх гэсэн дээ энэ буйрнаас салж нүүхгүй манай хоёр гэрийг дагаад байгаа биз дээ чи гэж могойн хэл шиг хортой үгийг бага хүү нь ахдаа хэлэхийг сонсчээ.
Өвгөн гарын таван хуруу шиг таван хүүтэй. Эх Өүлэн шиг зэв сумыг бөөгнүүлж атгуулаад эвийн хүчний талаар хэлж байгаагүй ч эцгийн буяныг дааж ах дүүгийн барилдлагаа хадгалж явах талаар бол зөндөө л хэлж сургаж байсан. Гэтэл амьд ахуй цагт нь аавын гар дээр байх буяныг авах, өвлөхийн талцал бий болсныг өвгөн харжээ. Их ч хямарч, тавгүйтэж. Энэ хэдэн хөвгүүдэд би илүү дутуу хандаж хэн нэгэнд нь олом дутуу эмээл, цулбуур дутуу хазаар өгч байгаагүй ээ. Бүгдийг нь хоймор тухлах гэртэй, хотондоо хаших буянт малтай болгоод гаргасан. Бага хүү юунд ийм таагүй бодол өвөрлөж, эд өвийн хэрүүл өдөөв. Айлын отгон хүү голомтоо сахиж үлддэг гэдэг. Том хүү хойдын хэргийг дааж дүү нараа өргөж, тэр хэрээр эцгийн орыг эзэлж өвийн эхийг авч явах ёстой гэж бодох. Бидний үеч тэгж л ирсэн. Харин отгон хүү өөр бодолтой байх шиг. Амьд сэрүүн ахуйд минь ингэж үг сөрөлцөж, өв хөрөнгө булаацалдах улс, өнгөрч одсон хойно минь яах билээ.Ясыг минь өндөлзүүлэх нь ээ. Хэрхэн энийг дахин сөхөхгүй, үг сөрөхгүйгээр шийдэх нь зөв үү. Өвгөн яаж шийдсэн төгсөлийг би цааш бичихгүй юм. Та бүхэн өөр өөрийнхөөрөө энэ буурлын оронд ухаан зарж, төгсгөлийг зангидах боломжийг нээлттэй орхиё.
Нүүдэлчин хийгээд нутаг ус, ураг нэг ах дүү нар өв хөрөнгө залгамжлалаа авч явах эрхэм өндөр ёс эрэмбэтэй байсан тухай өгүүлэн буулгавал ганц миний цар дутах биз. Хөдөө талдаа мөнхөрсөн өвөг дээдсийн хүн чанар, жудаг ёс нь одоогийн хотын бидний ёс суртахуун гэдгийн хажууд сүмбэр уул байсан. Уул, ус, ургамал, амьтаныг шүтэн хамгаалах дээдлэн ашиглах, отгон хүү эцгийхээ гал голомтыг сахин үлдэж, нандигнан хамгаалж, удам залгамжлуулан өвлүүлэн үлдээх зэрэг нарийн ёс уламжлал бий...
Хотын бидний дунд харин юу болж байдаг билээ. Цэвэр тохиодлоор, өгүүлж буй сэдэвт ойрхон хэрэг явдлын талаар сонссоноо хуваалцья. Танилын маань мэдэх нэг эмээ бурхан болж. Ганц хүүтэй байгаад тэр нь цэл залуухнаараа өөд болж. Хөгшин гурван ач хүүтэйгээ дөрвүүлээ үлдэж. Тиймээ, тав дахь хүн байх ёстой. Хүүгийнх нь хань, ач нарынх нь ээж болох бэр нь хаачив ?. Хүү нь өнгөрөхөөс 2 жилийн өмнө тэр бүсгүй гэнэт гадаад яваад сураг тасарч. Төдөлгүй “би сайн, эндээ үлдлээ, амьдралаа бодоорой” гэсэн товч хэл дуулгаж.
Он цаг өнгөрч намар болж цас орох бүрт хүүхдүүд өсч, эмээ ядарч бөхийсөөр. Ач нар том эрс болж эхнэр хүүхэдтэй болцгоож. Тийм таарамжтай биш ч гэлээ бусдын л жишиг сайтай муутай амьдарцгааж байж. Хөгшин насаараа нэг төсвийн байгууллагад ажилласан бөгөөд тэндээсээ хоёр өрөө орон сууцтай үлдэж. Өөрт нь байх ганц хөрөнгө нь энэ байр л байж. Эмээ нас явах тусам байраа яах билээ гэж бодож л байсан байлгүй. Яг ямар бодол шийдэлтэй байсныг энд худлаа таамаглахаас тойрч цааш юу болсон тухай төгсгөлийг товчлоё.
Том ач нь нас биед арай хүрээгүй байхад байраа хувьчилж гурван ачийнхаа томынх нь нэрийг хамтран эзэмшигчээр бичүүлж. Бүх юм зүй ёсоороо болж. Гэтэл нэг зочин гарч ирсэн нь ач нарын ээж хүүгийнх нь эхнэр, өнөөх гадаад яваад алга болдог бүсгүй хүрээд ирж. Том болсон хүүхдүүд ээжийгээ цаашаа наашаа гэсэнгүй. Харин хүүгээ хань ижилгүй ганцаардаж, яаж сэтгэлээр унаж архи ууж хийморь гудайж зовсныг нь мэдэх ээж хуучин бэрээ гэртээ сууж унтаж хэвтэхийг тэвчиж төвдсөнгүй. Өдөр болгон шахуу хэрүүл маргаан төлхөлцөөн болж эхэлж. Гэнэт ирсэн бэр, гэнэтийн шийдвэр гаргаж хүүхдүүддээ байраа нэр дээрээ болгож ав тэгэхгүй бол энэ хөгшин надад хорсоод байраа өөр хүнд ах, дүүдээ өвлүүлэх гэж байна гэж шахаж эхэлж. Хүүхдүүд хэрүүлээс зугатан, зайгаа барьж. Хадам, салсан бэр хоёрын үл ойлголцсон байдал үргэлжилсээр хөгшин бие доройтож хэвтэрт орж байсаар өөд болж. Бэр хажуу өрөөнд нь байсаар ажил явдлыг гүйцэлдүүлж.
Одоо хөгшин өөд болоод багагүй хугацаа өнгөрсөн ч бэр өдөр болгон шахуу лам залж талийгаачийн сүнс, элдэв юмыг хөөдөг номыг мөнгө хайрлахгүй уншуулсаар байгаа гэсэн. Хоёр өрөө байранд бага хүүтэйгээ үлдэж, том хүүгээ бага дүүдээ ордероо шилжүүл гэж шахаж эхэлсэн гэнэ. Энд байрыг хэн эзэмших нь тодорхой бичиг баримт талаасаа маргаан алга байна. Гэхдээ нэг зүйл байна. Өвлүүлэгчийн хүсэл биелэхгүй байна. Хүүгээ хаяж явсан хүүхнийг өөрийн насаараа хөдөлмөрлөж авч үлдсэн орон байрандаа байлгахгүй гэсэн талийгаачийн хүсэл өөртэй нь цуг чандарлуулжээ. Энэхүү бичлэгээр дурдагдаад байгаа бэр ач нарыг, насан цэцэслэсэн хөгшнийг ч тэр авч хэлэлцэж зөв бурууг шүүн дэнслэж, хууль цаазын мэдлэг уралдуулах гээгүй болохыг эрхэм уншигч та болгоон харна биз.
Харин үг хэл захиасаар ч бай, цаасан дээр буусан нотариатын тамгатай гэрээгээр ч бай, таны гэрээслэл хүн чанар, ах дүүгийн ёс жудгаар давхар баталгаажиж, үр хүүхдүүдийн чинь оюун ухамсарт нэг мөр батжиж үлдсэн байгаа юу гэдгийг л хөндөхийг хүслээ.
“... Бурхан болооч амь сэрүүндээ алдаа хийжээ, энэ миний байр, миний дүү гарчихдаа...” гэж төрсөн нэгийгээ эелдгээр хөөж гудамжинд гаргах хүйтэн харьцаа хаа нэгтээ байж л байна.
Ийм төрлийн маргаан иргэний шүүх дээр хэчнээн ч байгаа юм бүү мэд. Зулай зулайгаа гишгэж төрсөн ахан дүүс өв хөрөнгө гэх дөрвөн ханатай байшингаас болж эцэг эхийнхээ манаж үлдээсэн гал голомт руу ус цацах мэт аяглаж, улайран бие биеэ үгүйсгэх нь бий. Аав ээжийнхээ хайранд эрхлэн тоглосон жаргалтай бага насны гэрэлт дурсамжаа хэрүүлээр булингартуулж , ахан дүүсийн цусан барилдлагаа таслан байж дөрвөн ханатай байрны ордер атгаж үлдсэн хүн цөөнгүй.
Эхэнд гарсан өвгөн ч, дараа нь яригдсан эмээ ч тэр, хүн л юм болохоор наран доор сүүдрээ гээхийн цагт өв хөрөнгөө хэрхэн үлдээх талаар хэн хэн нь л тунгаасан бодсон байсан. Гэхдээ үр хүүхэд нь санасан ёсоор нь өвлөн авч, санаа зоригийг нь гүйцэлдүүлж чадсан уу гэдэг өөр асуудал юм.
Гэрээс, өв залгамжлал гэдэг эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ, хууль ёсны бичиг баримтаар хоёрдмол утгагүй нэг мөр байх ёстой л байх. Мөн ах дүүгийн амин тангараг, хүн чанарын хэлхээсээр давхар дархлагдсан байх ёстой юм болов уу гэж бодлоо.Уудам талд амьдарсан, урт гаанс барьсан өвгөдийн өвлүүлсэн ах дүүгийн хүндлэл, ёс жудгийг хотын бид гээсэн яваа юм биш биз дээ.
П.Баярхүү /тоймч/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ