
Цас орсноос аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцсан байна.
Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэлээ хангаж сумд өвсний нөөцөө бүрэн базаасан гэж байгаа ч эрт орсон цас өдөртөө хайлмагтаж, шөнө мөстөж байгаа нь малын бэлчээрт сөргөөр нөлөөлж байна.
Аймгийн хэмжээнд энэ онд 1,3 сая мал өвөлжиж, хаваржина. Тиймээс эхний ээлжинд аймагт байгаа өвс тэжээлийг иргэд худалдан авч нөөцлөх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал хурлын үеэр гарч байв. Мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаагаас гадна хот доторхи болон сумд руу чиглэсэн зам харгуйн асуудал ч хүндхэн байгаа юм. Халтиргаа гулгаа ихтэй энэ үед мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга саяхан гаргалаа.
Сүүлийн үед энэ төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчид осол гэмтэлд өртөх нь их байна. Такси тээврийн жолооч нар ямар ч бэлтгэлгүй хөдөө замд гарч цасанд боогдон сууж, хаа хаанаа хүндрэл учруулдаг тухай ч хурал дээр яригдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ