Жонш худалдан авах компанийг шалгаруулах журам гаргалаа

img

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдоос ашигт малтмал худалдан авах аж ахуйн нэгжийг сонгох журмыг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид 254 дүгээр тогтоолоороо баталлаа. Дундговь аймгийн Хулд сумын нутаг дахь жоншны ордод иргэд гар аргаар жонш олборлоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор баталсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, гар аргаар жонш олборлох үйл ажиллагаа энд харьцангуй эмх цэгцтэй явагдаж байна гэж тооцогддог. Харин иргэдийн гар аргаар олборлосон жоншийг худалдан авах аж ахуйн нэгжийг хэрхэн сонгох талаар ямар нэг журам байдаггүй. Тиймээс аж ахуйн нэгж сонгохоос үүдсэн хэл ам, хэрүүл маргаан сумын засаг даргаа огцруулах дээр тулсан явдал ч гарсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд ашигт малтмал худалдан авах аж ахуйн нэгжийг хэн хэрхэн сонгох талаар тодорхой заасан заалт байдаггүй бөгөөд зөвхөн Хулд сум гэлтгүй Өлзийт, Луус суманд жоншны орд илэрч, цаашид иргэд гар аргаар жонш олборлох сонирхолтой байгаа нь дээрх журмыг батлах зайлшгүй шаардлага болж байгаа юм. ИТХ- ын тэргүүлэгчдийн баталсан журамд тусгаснаар худалдан авалт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгох ажлын хэсгийг сумын Засаг дарга ахалж, сумын ИТХ-ын тэргүүлэгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, татварын улсын байцаагч, хэсгийн төлөөлөгч, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн байгаль орчин, геологи уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн, БОАЖГ-ын байгаль орчны үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, аймгийн тагнуулын хэлтсийн ажилтан, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл байхаар баталжээ. Худалдан авалт хийх аж ахуйн нэгж нь аймгийн татварын албанд салбарын бүртгэлтэй, жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Ашигт малтмалын хуулийн 35-ын гуравт заасан бичиг баримтыг бүрдүүлсэн, жонш хайгуул, ашиглалтаар гурваас доошгүй жил ажиллаж, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг туршлагатай болсон байхаас гадна баталгаажсан пүүгээр жонш худалдан авч, шат дамжлагагүйгээр гадаад зах зээлд шууд борлуулдаг, мэргэжлийн геологич, уулын инженер, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын ажилтан тогтмол ажиллуулах боломжтой зэрэг шалгуур хангасан байх учиртайг тус журамд заасан байна. Журам зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлага хүлээлгэх, худалдан авалт хийхээр сонгогдсон аж ахуйн нэгж нь хугацаандаа татвар төлбөрөө төлөөгүй, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоож, гэрээг цуцлахыг журамд заажээ. Энэхүү журам хэрэгжилтийг аймгийн Засаг дарга улирал тутамд ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж байхаар боллоо. Т.Отгонтуяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Biligun:
Худалдан авалт хийх аж ахуйн нэгж нь аймгийн татварын албанд салбарын бүртгэлтэй, жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, Ашигт малтмалын хуулийн 35-ын гуравт заасан бичиг баримтыг бүрдүүлсэн, жонш хайгуул, ашиглалтаар гурваас доошгүй жил ажиллаж, байгаль орчны нөхөн сэргээлт хийдэг туршлагатай болсон байхаас гадна баталгаажсан пүүгээр жонш худалдан авч, шат дамжлагагүйгээр гадаад зах зээлд шууд борлуулдаг, мэргэжлийн геологич, уулын инженер, байгаль орчин, хөдөлмөр хамгааллын ажилтан тогтмол ажиллуулах боломжтой зэрэг шалгуур хангасан байх учиртайг тус журамд заасан байна. Журам зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны хариуцлага хүлээлгэх, худалдан авалт хийхээр сонгогдсон аж ахуйн нэгж нь хугацаандаа татвар төлбөрөө төлөөгүй, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоож, гэрээг цуцлахыг журамд заажээ. ene heregjdeg yumuu? medehgui dee.
2012-01-21