2008 оны сонгуулийн дараахи үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалгаж эхлээд жилийн нүүр үзэж байна. Уг хэргийг саяхан мөрдөн байцаалтын шатнаас прокурорын хяналтад шилжүүлсэн ч дахин Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар руу буцаасан юм. Чухам ямар үндэслэлээр буцаасныг дарга Б.Галдаагаас тодрууллаа.
-Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч сэжигтэн яллагдагчид хэрэгтэйгээ танилцаж эхэллээ гэсэн. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрчээр дуудаж асуусан уу?
-2008 оны долдугаар сарын 1-ны өдөр болсон үймээний үеэр таван хүн амиа алдсан хэргийг Ерөнхий прокурорын даалгавраар өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас манайд сэргээн шалгаж мөрдөн байцаах ажиллагаа дуусч байсан ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэл мэдээллээр энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг ил тод цацсан байгаа. Тэрхүү мэдээллийг үндэслэн нэмж шалгах чиг үүрэг гаргаад ажиллаж эхэлсэн. Одоо энэ чиглэлээр нэмэлт ажиллагаа явуулж байна. Хэргийн нөхцөл байдлыг тогтоох талаар ажиллаж байна.
-Н.Энхбаяраас гадна олон хүнийг нэмж шалгах нь гэсэн мэдээлэл ч байна?
-Ер нь тэр мэдээлэлтэй холбоотой нэр нь дурдагдсан хүмүүсийг шаардлагатай гэж үзвэл татаж шалгах, эсвэл тайлбар мэдүүлэг авна.
-С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг шалгах уу?
-Тайлбар авсан.
-Хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн байх аа?
-Цагдаагийн Ерөнхий газрын дарга гэдэг хүн чинь Дотоодын цэргийн командлагч. Энэ утгаараа цэргийн гэмт хэргийн субьектэд хамаарч байгаа юм. Тэгэхээр тухайн үед удирдлагынхаа дор ажиллаж байсан албан хаагчид үймээний үеэр хамтран үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдвол энэ зүйлчлэлээр хэрэгт татах эрх нээлттэй бий. Энэ утгаараа зүйлчлэл өөрчлөгдөж ял сонсгох болсон нь үнэн.
-Хэрэгт татагдсан цагдаа нараас мэдүүлэг авахдаа дарамт шахалт үзүүлж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их гарах боллоо.Үнэхээр хилсээр яллах гээд байгаа юм биш байгаа гэх хардлага байгаа шүү?
-Цагдаагийн ар гэрийн холбооноос удаа дараа ташаа мэдээлэл цацсан. Анх хэргийг шалгаж эхэлснээс хойш байнга ярьсан асуудал. Манайх мөрдөн байцаах ажиллагааг хуульд заасан эрх үүргийнхээ дагуу л явуулж байгаа. Тэгэхээр худал мэдээлэл хэвлэл мэдээллээр зориуд цацаж, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж болохгүй юм. Хүн бүр хуулийн дор эрх тэгш байх зарчмын дагуу л дарга цэрэг хэн ч бай шалгуулсан. Энэ хэргийг шалгахад хэн нэгний эрхийг зөрчин дарамт шахалт үзүүлсэн зүйлгүй.
- Хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хэдий хэрийн хугацаа шаардагдах бол?
-Одоо нэмэлт ажиллагаа явуулж эхлэхээр гинжин холбоо үүсч хэдэн ч хүн шалгагдахыг хэлж мэдэхгүй. Дутуу шалгаж болохгүй. Буруу ажиллагаа явуулснаас зарим нэг нь хэргээс мултрах, эсхүл хэн нэгнийг хилсээр буруутгаж алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр нэмж ажиллагаа явуулах шаардлага гарвал шалгахаас өөр аргаггүй. Хугацааны хувьд хэдийд хэргийг эцэслэн шийдэхийг хэлж мэдэхгүй.
-Өршөөлийн хуульд хамрагдсан хэргийг дахин сэргээсэн нь улс төрийн ашиг сонирхол бий гэж үзэх хүн цөөнгүй байна л даа?
-Өршөөлийн хуульд хамрагдаад хэрэгсэхгүй болсон нь үнэн. Үүн дээр хэргийн нөхцөл байдал тухайн үед шийдсэн хэрэгт анхаарал төвлөрүүлж нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн учраас сэргээн шалгасан. Хэрэг нэг шийдэгдсэн бол тэр чигээрээ хөдөлгөөнгүй гэж үзэж болохгүй. Дархлагдсан гэж ойлгох нь буруу. Бүр хэрэгсэхгүй болсон хэргийг ч дараа нь шинэ нөхцлөөр сэргээн шалгаж болно.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ