Төсвийн зардал бууруулах шаардлага төсвийн төсөлд тусгалаа олжээ

img

Өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Эдгээр төслийг ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хороо (ТБХ)-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Д.Хаянхярваа сонордуулахдаа 2012 он бол УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусч, шинэ сонгуулиар дараагийн УИХ, Засгийн газар бүрэлдэх үйл явц өрнөх нэн онцгой жил учраас төсвийн зарцуулалтанд чанд хяналт тавих шаардлагатайг тэмдэглээд энэ зорилгоор тус хорооноос “2012 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан оруулж ирснийг хэлэлцэхийг дэмжихийг хүслээ. Түүний мэдээлснээр бол УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсний дараа төсвийн үр дүнгийн үзүүлэлтэд нэлээд өөрчлөлт гарчээ. Тухайлбал, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,822,5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлага 6,306,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.1 хувь болсны дээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 483,7 тэрбум төгрөг буюу  ДНБ-ий 3 хувь болж, өргөн барьсан төсвийн төслөөс алдагдал нь 1,2 пунктээр буурсан байна. Мөн Засгийн газраас ДНБ-ийг ирэх онд 18 их наяд төгрөг байхаар тооцож төсвийн төсөлд тусгасныг 16,1 их наяд төгрөг болгосон нь Европын Холбооны улсууд болон зарим оронд үүсээд байгаа эдийн засгийн хямрал, дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн бууралт манай эдийн засагт нөлөөлөх магадлалтай хэмээн үзсэнтэй холбоотой аж. Үүнээс гадна УИХ-аар хэлэлцэж буй Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд  2012 онд төсвийн зардал бууруулах асуудлыг анхаарах шаардлагатай талаар санал дэвшүүлснийг төсвийн тооцоонд харгалзан үзсэн байна. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Ц.Баярсайхан, Су.Батболд, Ч.Улаан зэрэг гишүүд асуулт тавьж, Н.Ганбямба гишүүн “Төсвийн урсгал зардал дэндүү данхайж, захиргааны зардал их байгаа талаар 4 жил яриад амжилтанд хүрсэнгүй, дөчин хэдэн агентлаг нь яам шиг томорч, үр ашигүй зардал маш их гаргаж байна” хэмээн шүүмжилсэн юм. Асуулт-хариулт дууссаны дараа УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу дээрх төслүүдийг 4 дэх хэлэлцүүлэгт бэлтгэхээр ТБХ-нд шилжүүллээ. Мөн “2012 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 86,2%-ийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд нь шилжүүлсэн юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн 2 дахь асуудал бол 2012 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн “Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” байсан бөгөөд уг төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх ТБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Загджав танилцууллаа. ТБХ-ны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад уг төслийн талаар зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гарсныг шийдвэрлэхийн тулд эдгээр асуудлаар нийт гишүүдийн дунд санал хураалт явуулсны дараа уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ-нд шилжүүлэв. Энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл”-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсахдаа гишүүд цаг сунган хуралдсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд сонордуулаад төсөлтэй холбогдуулан тус Байнгын хорооноос оруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хүслээ. Дээрх төслийн зарим заалт хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль болон уг төслийн бусад заалттай зарчилдөж буйг нийцүүлэх, зарим заалт нь хоорондоо давхардсаныг нэгтгэх, шинээр заалт нэмж тусгах зэрэг шаардлагатай холбогдуулан Байнгын хорооноос дахин санал хураалгахаар санал оруулсан юм. Тиймээс гүйцээн боловсруулахаар нээлттэй үлдээсэн хариуцлагатай холбогдох зүйл, заалтын торгуулийн хэмжээ, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн төрийн албан хаагчид ногдуулах хариулага, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах, нам эвслийн сонгуульд оролцох бүртгэлийг хүчингүй болгохтой холбогдсон зарчмын зөрүүтэй олон асуудлаар санал хураалт явууллаа. Үүний дараа төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахаар нээлттэй үлдээсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ирэх пүрэв гарагт сонгуулийн хуулийг эцэслэн батлахад бэлтгүүлэхээр ТББХ-нд буцаасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ