УИХ энэ удаагийн төсөлд хариуцлагатай хандсан гэв

img

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа төсвийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийсний дараах төсвийн төсөлд ямар өөрчлөлт гарсныг тоо баримтаар дурдан танилцуулга хийв. Үүний дараа УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Арвин, Д.Зоригт нар зарим нэг асуудлаар тодруулга хийж, Сангийн сайд С.Баярцогтоос хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав, эргэн төлөгдөх нөхцлөөр өөрөө эрсдэлээ хүлээгээд мөн өөрийн хөрөнгөөр зам барьж буй газруудын үнэ өртгийн асуудал хэрхэх вэ хэмээн асууж байв. Тэрээр “хөдөлсөн” төсөл олон байгаа, тэдгээрт тодотголоор өөрчлөлт орж болох эсэхийг мөн асуулаа. Сангийн сайд үүнд хариулахдаа, УИХ энэ удаагийн төсвийн төсөлд маш хариуцлагатай хандсан гэдгийг онцлоод, гишүүд ирэх оны зарим эрсдэлээс сэргийлж, орлого, зарлагын бууралтыг бодитой харсан гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн хоёр намын Ажлын хэсэг хамтраад төсвийн зарлагыг нийтдээ 600 тэрбумаар бууруулъя гээд, бодитой нь 900-гаар бууруулсан байх жишээтэй гэх зэргээр тайлбарласан. Тэрээр ЗГХЭГ-ын даргын багц дээр анх удаа лизинг хэрэглэх туршилтыг хийнэ гэдгээ энэ үеэр мэдэгдэж, протоколд тусгуулсан юм. Асуулт, хариулт дуусч, байнгын хорооны дарга төсвийн гуравдахь хэлэлцүүлгээс танилцуулга гаргана гэдгийг хэлэв. Дараагийн хэлэлцсэн асуудал нь Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал байлаа. Энэ үеэр Н.Батбаяр гишүүн хуулийн дагуу эхлээд төсвийн хүрээний мэдэгдлээ хэлэлцээд дараа нь төсвөө оруулж ирж ярилцаад явдаг. Гэтэл энэ дагуу явалгүй батлуулаад дөнгөж 3 сар болж байхад нь Төсвийн төсөөлөл, төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөнө гээд оруулаад ирсэн нь юуных вэ хэмээн тодотгож байлаа. Энэ чинь хөл, толгой хоёроо солиод байгаагаас ялгаагүй юм болж байна. Батлагдсан төсөвтөө тааруулж төсвийн хүрээний мэдэгдлээ баталж байгаа нь буруу биш үү гэсэн юм. Сангийн сайд, үүнийг 2011 оны ерөнхий төлөвтэй холбоотой гэдгийг тайлбарлаад манай эдийн засаг, ДНБ зэрэг үзүүлэлтүүд өссөнтэй уялдан, төсвийн хүрээний мэдэгдлийг дахих болсныг учирласан юм. Ингээд төсвийн хүрээний мэдэгдлийг хуулийн дагуу нэмэлт, өөрчлөлт хийн зохицуулалт хийх шаардлагатай болсныг хэллээ. Дараа нь байнгын хорооны ажлын хэсгийн оруулсан зарчмын зөрүүтэй саналын 8 томъёоллоор санал хураалгаж дэмжигдлээ. Нэгдсэн төсвийн нийт зарлагын хувь, нийт тэнцэл, хөрөнгийн зардлын хэмжээ, улсын нийт өрийн хэмжээ зэрэг асуудлууд үүнд багтсан бөгөөд нэлээд тойрч гишүүд ярьсан нь өрийн тухай асуудал байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Д.Ганхуяг нар улсын өрийн тухай асуудалд бусдынхаа анхаарлыг хандуулсан. Н.Батбаяр гишүүн, манай улсын нийт өрийн хэмжээ 4 их наяд хүрэхтэй үгүйтэй байхад жилийн дотор үүнийг 2 дахин өсөхөөр тооцож тавьсныгаа тайлбарла, ажлын хэсэг дээр ингэж яриагүй санагдана хэмээн Сангийн сайдад хандсан юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Монгол улсад бүртгэлтэй л бол жижиг ТҮЦ ч байсан тайлан балансаа гаргаж байгаа. Гэтэл мөнөөх Оюутолгой маань 3-р улирлын тайлан балансаа одоо хүртэл өгөөгүй байгааг юу гэх вэ гэж байв. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, ДНБ-ний өсөлтийг Засгийн газраас анхлан өөдрөгөөр оруулж ирсэн байсан бол одоо нэлээд сэрэмжлүүлэх түвшинд хийсэн байна хэмээн дүгнэсэн. Тэрээр Оюутолгой, Таван толгой төслөөс орж ирж буй зээлийг /урьдчилгаа хэлбэрээр авсан/ улсын өрөнд авч тооцсон эсэхийг тодруулсан юм. Харин Сангийн сайд, хуулиар өр гэж чухам юу вэ гэдгийг зааж өгснийг гишүүдэд хариу тайлбарлаж байсан юм. Ингээд Төсөв батлагдсантай холбогдуулан гарах тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, оройн 16.35 цагт гишүүд удахгүй хуралдах нэгдсэн чуулган руугаа яарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkk urid hariutslagagui handaj baisan yum baina l daa jinhen uhruud
2011-11-30
Сангийн сайд үүнд хариулахдаа, УИХ энэ удаагийн төсвийн төсөлд маш хариуцлагатай хандсан гэдгийг онцлоод, .......... Энэ юу гэсэн үг вэ. Урьд нь хариуцлагагүй ханддаг байсан юм уу.
2011-11-30