Э.Баттулга: Нэг доллар дөрвөн долларын өгөөжийг бий болгодог

img

 

Аялал жуулчлалын салбараар улсынхаа эдийн засгийг босгосон орнууд бий. Ялангуяа аялал жуулчлалын хотуудыг бий болгосноор их хэмжээний ашиг олдог. Харин энэ боломж манайд бий юу? Аялал жуулчлалаас нийслэлд эдийн засгийн өгөөж хэр ирдэг тухайд Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулгатай ярилцлаа.

6

-Улаанбаатар хотын хувьд аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөж манайд хэр байна вэ?

-Монголд тэр дундаа Улаанбаатар хотод аялсан нэг жуулчин хоногт 120 ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоо бий. Өнгөрсөн жил ирсэн 475 мянган жуулчны 92 хувь нь Улаанбаатар хотоор дайрч, 1-4 хонодог. Ингээд бодохоор нэг жуулчнаас цөөнгүй доллар манайд орж ирж байна. Энэ бол эдийн засгийн бодит өгөөж. Үүнээс гадна дам өгөөж бий. Аялал жуулчлалын үржүүлэгч хүчин зүйл гэж бий. Түүгээр тооцоход хөгжиж байгаа орны аялал жуулчлалд оруулж байгаа нэг доллар нь дөрвөн долларын өгөөжийг бий болгодог.

6

-Ямар хэлбэрээр өгөөж бий болдог вэ?

-Таны худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрлэл байлаа гэхэд гурваас дөрвөн бүтээгдэхүүнийг дахиж үйлдвэрлэх суурь болдог. Үүнийг манайхан бага ярьдаг. Харагдаж байгаа шууд нөлөөнөөс илүүтэй дам нөлөөг тооцох хэрэгтэй. Тиймдээ ч дэлхийн нийслэл хотууд аялал жуулчлалыг хүчтэй хөгжүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрлэл хөгжсөн нийслэл хот гэж байхгүй. Дандаа үйлчилгээнд суурилсан, мэдлэгт тулгуурласан банк санхүү, боловсрол, аялал жуулчлалын салбарыг нийслэл хотдоо хөгжүүлдэг. Энэ зорилтын хүрээнд Улаанбаатар хот ч аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгож байгаа. Хөдөөнөөс хот руу маш их хүн ирдэг. Энэ хүмүүсийг ажил орлоготой болгодог гол салбар аялал жуулчлал. Эмнэлэг, банк санхүүгийн салбарт ажиллахад нэлээд бэлтгэл хэрэгтэй болдог. Тэгвэл зочлох үйлчилгээний салбар буюу аялал жуулчлалын салбарт өндөр босго байдаггүй. Тиймээс улирлын, цагийн ажлын байрыг ихээр бий болгож чаддаг. Жишээ нь,  их сургуулийн багш зуны амралтаар хөтөч хийгээд явчихдаг шүү дээ. Дэлхийн аль ч улс оронд ийм л байдаг. Илүү хөрвөх чадвартай хүмүүс ажилладаг гэх үү дээ.  Энэ нь тухайн хотын эдийн засагт оруулж байгаа том хувь нэмэр. Аливаа хотод нэг жуулчин ирэхэд 30 орчим ажлын байр идэвхиждэг. Зочид буудлын үйлчилгээ, бэлэг дурсгал үйлдвэрлэгчид, түүхий эдийг ханган нийлүүлэгч гээд энэ бүгдэд жуулчдаас их мөнгө хүрч байдаг.

6

-Ер нь нийслэлийн аялал жуулчлалын бодлого яаж явж байна?

-Нийслэлийн аялал жуулчлал бодлогын хувьд шинэ түвшинд гарсан. Нийслэлийн эдийн засгийн гол хөшүүрэг аялал жуулчлал гэдгийг тодорхойлсон. Хотын дарга Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгоно гэсэн нь салбарын хөгжил дээшээ явах боломж нээгдсэн. Бид маш том амбицтай байгаа. Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгохоор зорьсон. Ингэж хэлэх үндэслэл бий. Улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой, хүний хөгжил үргэлж дээшилж байгаа, зам тээвэр, дэд бүтэц нь боломжийн, газар нутгийн байршил тохиромжтой, үйлчилгээний байгууллага хөгжөөд эхэлчихсэн үед аялал жуулчлал хөгждөг. Энэ бүхэн манайд байна. Улаанбаатар хот зүүн хойд азийн бүх орнуудтай маш олон жилийн найрсаг харилцаатай. Орос, Хятад, Япон, Солонгос, Хойд солонгос гээд Зүүн хойд Азийн орнуудад ийм найрсаг харилцаа байхгүй. Сүүлийн хэдэн жил Хятад, Японы харилцаа муу байна. Зах зээлээсээ нэг нэгнийгээ шахах хандлага бий. Тэгвэл Хятадын бизнес эрхлэгчид, Японы хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах орон зай нь Улаанбаатар хот болох ёстой.

6

-Бизнес жуулчлалыг хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа гэсэн үг үү?

Тийм. Улаанбаатар хотын байршил яг боломжтой. Монгол улс ардчилсэн нээлттэй улс. Хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Арьсны өнгө, шашин шүтлэгээр гадуурхахгүй. Аль ч улсын бизнес эрхлэгч ямар нэгэн гадуурхалгүйгээр манай улсад бизнесээ явуулах боломжтой. Тиймээс бизнес чиглэлийн жуулчлалыг хөгжүүлж боломжоо ашиглах ёстой. Улаанбаатар анх ирж байгаа хүнд сонирхол татсан газар.

6

-Бизнес аялал жуулчлалаас гадна ямар боломж байна вэ?

-Бид дандаа монгол туургатнуудаараа хүрээлүүлж байдаг. Оюун санааны хувьд төв болдог газраа татагддаг аялал жуулчлалын зүй тогтол бий. Жишээ нь, Англид ирж байгаа жуулчид хамтын нөхөрлөлийнх нь орнуудаас ирдэг. Эх нутаг нь гэсэн үг. Тэр нь шиг 10 сая монгол туургатан манайхыг тойроод байна. Энэ асар том нөөц бололцоо. Яагаад гэхээр тэдгээр хүмүүс морь унах гэж эсвэл монгол ахуй сонирхох гэж ирэхгүй. Улаанбаатрын хөгжил дэвшил, их хотын хэмнэлтэй амьдрал, түүнийг дагасан үйлчилгээг л сонирхох гэж ирнэ. Энэ зах зээлийг түлхүү барих бодлого бий.

5

-Дотоодын жуулчлал нийслэлийн эдийн засагт багагүй үр нөлөөтэй байдаг гэсэн?

-Хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор ирж байгаа бүх хүнийг жуулчин гэсэн ангилалд оруулдаг. Тэгэхээр Нарантуулаас бараагаа авахаар ирсэн худалдаачин, суралцахаар ирсэн оюутнууд  “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага”-ын гаргасан үзүүлэлтээр жуулчин болдог. Орон нутгийн оршин суугч Улаанбаатарт ирж мөнгөө зарцуулж байна. Дотоодын аялал жуулчлалыг сайн барих хэрэгтэй. Үгүй бол гадагшаа алдах аюул их бий.

6

Манайх хагас сая хүрэхгүй жуулчин гаднаас авдаг хэрнээ жилдээ сая 600 мянган хүн гадагшаа зорчиж байна. Гадаадад мөнгөө үрж байна гэсэн үг. Үүний багагүй хувь нь амралт аялал жуулчлалаар явж байна. Германчууд хамгийн их аялдаг ард түмэн. Тэгсэн хэрнээ цөөхөн жуулчин авдаг. Дэлхийд алдартай брэндүүдээс олж байгаа мөнгөө иргэд нь гадагшаа гаргаад үрчихдэг. Тиймээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч их байна. Үүний нэгэн адил бид ч ялгаагүй дотоодын аялал жуулчлалд анхаарах нь зүйн хэрэг.

6

-Энэ жил жуулчдын тоо буурсан  уу

-Буурсан. Аялал жуулчлал хамгийн эмзэг салбар. Гадаад хүчин зүйлээс их хамаардаг. Зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарахгүй. Бүс нутгийн улс төрийн байдал, хөрш зэргэлдээ орнуудын харилцаа, байгалын гамшигт үзэгдэл, халдварт өвчний тархалт, халдлага гээд маш олон зүйл аялал жуулчлалд нөлөөлдөг. Энэ жилийн эхэнд Солонгосын хойгт маш хурцадмал байдал үүссэн. Энэ жуулчдын тоонд нөлөөлсөн судалгаа гарсан байсан.

6

-Манайх жуулчдыг татахын тулд ямар бодлого барих хэрэгтэй вэ?

-Гадагшаа чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг түлхүү явуулах шаардлагатай л даа. Гэхдээ арга хэмжээнээсээ их хамаарна. Би танд нэг жишээ халье л дээ. Австралид далайн хар шуурга болоод аялал жуулчлалын бүс нь гамшигт өртсөн. Энэ нөхцөлд маш хурдан сэргээх арга хэмжээ аваад жуулчдад ямар нэг байдлаар аюул учруулахаар биш гэсэн мессежийг алдартай хүмүүсээр дамжуулаад гадаад ертөнцөд өгч байгаа юм. Тэр хар шуурганаас 2-3 хан хоногийн дараа Английн хун тайж Уильям айлчилсан. Дэлхийн хэвлэл мэдээллээр цацагдахад маш том эерэг сурталчилгаа болно. Гэтэл АНУ-д болсон есдүгээр сарын 11-ний халдлагын дараа гадагшаа чиглэсэн ямар менежмент хийгээгүй. Харин ч жуулчдад тавих хяналтаа сайжруулсан байх жишээтэй. Тийм болохоор арга хэмжээнээсаа хамаарна.

6

Манайд бол бүс нутгийн орнуудад болж байгаа гаднаас нөлөөлтэй ирдэг зах зээл рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой. Гадаад зах зээл дээр улсын сурталчилгаа явагддаг. Энэ асуудлыг Соёл спорт, аялал жуулчлалын яам зангидаж явдаг. Манайх Улаанбаатар хотод ирсэн жуулчдыг аль болох тав тухай аюулгүй аялуулаад, сэтгэл ханамжтайгаар мөнгөө зарцуулаад явахад тусална.

6

-Монголд ирсэн жуулчдаас судалгаа авахад үйлчилгээний салбар муу, хөтөч хангалтгүй байдаг гэсэн хариу гарсан байсан. Манай талаас юу нөлөөлөөд байна?

-Ер нь жуулчлалын хөгжил улс орны хөгжилтэй шууд холбоотой. Хүний хөгжил, улс орны эдийн засгийн хөгжил, бусад дэд бүтцийн хөгжил чухал. Хэдхэн жилийн өмнө бид жуулчны бүс нутагт замын асуудлыг ярьдаг байсан. Одоо улсын хөгжлийг дагаад аяндаа шийдэгдэж байна. Цаг нь ирэхээр шийдэгддэг ажил гэж бий. Гэхдээ биднээс хамаардаг зүйлүүд байна. Жуулчид сэтгэл ханамжгүй буцаад байна гэсэн судалгааг хэн хэлээд байгааг мэдэхгүй. Бид нарын судалгаагаар Монголд ирсэн жуулчдын 70 орчим хувь нь дахин ирэх сонирхолтой, төлөвлөсөн аялал нь таалагдсан гэсэн хариу өгсөн. Гэхдээ гадны жуулчдын сэтгэхүйн онцлог байдаг л даа. Асуувал эерэг хариу өгдөг тал бий. Үнэхээр эргээд ирсэн жуулчдын судалгаан дээр л харагдаж байх асуудал.

5

-Энэ салбарт төрөөс хэр анхаарч байна. Хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөж чадаж байна уу?

-Аялал жуулчлалын сан гэж бий. Энэ санд тодорхой хэмжээний мөнгө жил бүр төсөвлөдөг. Үүнийг яам гадаад, дотоод сурталчилгаандаа ашигладаг. Нийслэлийн хувьд тусгайлсан төсөв хангалтгүй байгаа. Ирэх жилээс сайн хийж чадна гэж харж байгаа.

5

-Яг хичнээн төгрөг байдаг бол?

-Яаманд нэг тэрбум орчим төгрөг бий. Нийслэлийн аялал жуучлалд зориулсан төсөв гэж байхгүй. Байгууллагын зардалд зориулсан төсөв бол бий. Ирэх жилээс нэмэгдэнэ.

6

Ярилцсанд баярлалаа

6

Ц.Золзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мубис-гзаж-ын тэнхим:
эрхэм э.баттулгадаа ажлын амжилт хүсье. хийж байгаа, хийх гэж байгаа ажлуудаа амжилттай хийгээрэй. мэдлэг, боловсрол, туршлага чинь энэ том ажлыг хийхэд хангалттай боловсорсон шүү. нийслэлийн аялал жуулчлалын газрын хийж буй ажлууд сүүлийн үед салбарынхны сэтгэлд ихээхэн хүрч байгаа шүү. амжилт хүсье!
2013-11-05
baynaa:
amjilt husii mundag bn
2013-11-05