“Кихот ноён” Б.Жаргалсайхан
УДЭТ үзвэрийн жилийн нээлтээ Испанийн алдарт зохиолч Мигель де Сервантсийн “Хохь тайж Кихот ноён” романаас сэдэвлэн, зохиолч М.Булгаковын орос хэлнээ орчуулсан хувилбар болох “Кихот ноён” жүжгээр хийхээр болжээ.
Энэхүү жүжгийг өнгөрөгч хавар бие нь чилээрхэж, гадаадад очиж эмчлүүлээд ирсэн найруулагч Б.Баатар найруулжээ. Тэрээр “Би энэ жүжгийг монголын театрын тайзнаа тавих талаар 2007 оноос ярьж эхэлсэн. Манайд мөнгөнөөс бусад зүйл нь байсан. Гэтэл ССАЖЯ-аас санхүүжилтыг нь гаргаж, энэ онд тавигдахаар боллоо. Энэ жүжгээр би "Хүн бүр шинэчлэлд дуртай.Гэхдээ хэзээ ч өөрөө шинэчлэгддэггүй" гэдгийг харуулсан. Үүгээр дамжин манай жүжигчдийн тоглолтын арга барил өөрчлөгдсөн. Энэ бол зөвхөн тайзан дээр тоглоод өнгөрөх жүжиг биш УДЭТ-ын лабораторийн ажил юм. Миний бие чилээрхэж, манай хамт олон хандивын тоглолтод хийхэд “UB palace”-ийн концертын их танхимыг дүүрэн үзэж, намайг хөл дээр минь босгосон бүх хүнийхээ ачийг энэ бүтээлээрээ л хариулъя даа” гэж хэлсэн.
Дэлхийн олон орны театрын тайзнаа амилсан, 400 гаруй жилийн өмнө буюу 1605 онд бичигдсэн, дэлхийн утга зохиолын ноён оргил, хоёрдугаар мянганы манлай романаар өргөмжлөгдсөн бүтээл ийнхүү манай үзэгчдийн хүртээл болох нь. Дуурь, жүжиг, уран сайхны болон хүүхэлдэйн кино, комикс ном гээд “Кихот ноён”-оор хийгээгүй урлагийн бүтээл гэж байхгүй аж.
Монголын Кихот ноёны дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, түүний шадар туслах Санчо Пансагийн дүрд МУСТА Г.Амгаланбаатар, Антониод СТА Д.Ганцэцэг, Даамал эмэгтэйд Ц.Баясгалан, Перо Пересийн дүрд Л.Дэмидбаатар нарийн жүжигчид тус жүжгийн дүрүүдийн бүтээжээ.
Энэхүү жүжиг нь энэ сарын 08-10-ны өдрүүд болон 16,17-нд 18:00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. Тасалбарын үнэ суудлаасаа хамаараад 10-45 мянган төгрөгийн хооронд байх юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ