Металлургийн салбарын хөрөнгө оруулагчид чуулна

img

Уул уурхай, металлургийн салбарын чиг хандлагыг тодорхойлдог “Metals Mongolia-2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ долоо хоногийн баасан гарагт болно. Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулганыг Уул уурхайн яам,  mining.mn сайт хамтран зохион байгуулж буй юм. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийлээ.

.

“Metals Mongolia-2013” чуулганаар тус салбарын хөгжил, бодлого, дэд бүтцийн асуудлын талаар төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын төлөөллүүд уулзаж, хэлэлцэх юм. Мөн Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Эдийн засаг хөгжлийн гурван сайдын хамтарсан тушаалаар хэрэгжиж буй “Монгол алт”, “Монгол зэс”, “Монгол төмөр” хөтөлбөрийн ажлын хэсгийнхэн хөтөлбөрүүдийнхээ талаар оролцогчдод танилцуулж, анхны хэлэлцүүлгийг хийж, санал авах аж.  Уг чуулганаар уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт зэс хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнөж, нийт 16 хүн илтгэл тавих юм байна. Энэ үеэр мөн Цагаан суврагын зэсийн ордын бүтээн байгуулалт эхэлсэн, Эрдэнэтийн ордод шинээр хүдрийн биет илрүүлсэн, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төслийн явцын талаар зэрэг металлургийн салбарын сүүлийн үеийн мэдээллүүдийг өгөх юм байна.

 .

ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын зохицуулах газрын ахлах мэргэжилтэн И.Болд:

Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх цаг үе нь яг одоо тохиож байна

.

Хэвлэлийн бага хурлын үеэр зохион байгуулагчдаас зарим зүйлийг тодруулсан юм.

.

-Чуулганы үеэр яригдах асуудлын талаар товч танилцуулаач?   

-Монгол улс эрдэс түүхий эдээ гаргах уу, боловсруулах уу гэсэн гараан дээр байна. Нөгөөдөр болох чуулганаар энэ үйлдвэрлэлийг хэрхэн явуулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах вэ гэх мэтээр олон өнцгөөс нь ярилцана.

 Ер нь бол хүнд үйлдвэрийг хөгжүүлэх цаг үе нь яг одоо тохиож байна гэхэд болно. Өмнө нь бид геологи хайгуулын салбарыг тойрч ярьж байсан бол одоо дараагийн шатны асуудал буюу хүнд үйлдвэрийг хөгжүүлэх талаар ярих гэж байна. Энэ сэдэв ойрын таван жилдээ олны анхаарлын төвд байх болов уу.

.

-Хүнд үйлдвэрлэлийн салбарт энэ жил ямар ажлууд хийгдэв?

-2013 онд хүнд үйлдвэрийн эрх зүйн орчинг бий болгох чиглэлээр төсөл боловсруулж ажилласан. Энэ салбарт төрөөс баримтлах бодлогын чиглэлээр үйлдвэрлэл хариуцсан дэд сайд Б.Цогтгэрэлээр ахалсан ажлын хэсэг ажилласан байгаа. Мөн “Аж үйлдвэрийн паркийн эрх зүйн байдлын тухай” хууль гэж байдаг. Уг хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулан хүргүүлсэн. Бусад үйлдвэрлэлтэй холбоотой ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад үйлдвэрлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг оруулахаар төсөв бэлтгэж хүргүүлсэн.

.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажил ямар шатандаа явж байна?

Бид өнгөрсөн 10 дугаар сард Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор компани байгуулсан. Энэ компани өнгөрсөн жил гаруйн хугацаанд АНУ-ын компанийн боловсруулсан мастер төлөвлөгөө, дараагийн шатны ажлуудаа хуулийн дагуу тендер зарлаад явж байна. Ирэх оны эхний улиралд гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд тайлангуудаа ирүүлж, дараагийн шатны ажлаа эхэлнэ.

.

Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй:

Салбарын тухай УИХ-аар хэлэлцэгдэж буй үед чуулж байгаагаараа онцлог

.

-Энэ жилийн чуулганы давуу тал юу вэ?

-Энэ чуулга уулзалт 2011 онд анх зохиогдож байсан. Хоёр дахь удаагийн чуулганаар өмнөх чуулганыг бодвол металлургийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нэгдсэн бодлоготой болох гэх мэтчилэн эрх зүйн зохицуулалт, баримт бичгүүд боловсрогдоод, УИХ-аар хэлэлцэгдэж буй үеэр болж байгаагаараа чухал ач холбогдолтой. Мөн эхний чуулганаас хойш Уул уурхайн яам бие даасан гэх мэтчилэн энэ салбарт олон үйл явдал болсон. Иймээс Уул уурхайн яам ашигт малтмалын төрөл дээрээ тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр экспортыг нэмэгдүүлсэн, үүнийгээ нэг цонхны бодлогоор явуулах болно.

.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sb.sb:
manaid metall bolobsruulah uildberleliig hugjuulehguigeer hugjil devshild hurehed udna. mongolchuud selem zevsegee hiij bsan uls shu.
2013-11-06